Эрүүл мэндийн сайд Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төсөл өргөн барилаа
Хуулийн төсл өргөн барилаа
2014.04.16

Эрүүл мэндийн сайд Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.16/ Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төсөл өргөн барилаа.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг бөгөөд эрх зүйн үндэс нь Эмийн талаарх олон улсын гэрээ конвенци, Монгол улсын холбогдох хууль, эрх зүйн бусад актаас бүрдэнэ. Энэхүү бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох ба 2014-2018 онд хэрэгжих юм байна.

Хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилго юм хэмээн төсөл санаачлагч үзлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн ам, эмнэлгийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах, эм зүйн тусламж, үйлчилгээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн.

Бодлогын төслийг эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн “Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн зөвлөхүүдийн багтай хамтран боловсруулсан

 Бодлогын хэрэгжилтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар хийсэн үнэлгээ эм зүйн тусламж, үйлчилгээнд мөрдөж буй хууль, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй; эмийн зохицуулалтын бүтэц оновчгүй; эмийн чанарын баталгаа, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй; эмийн үнэ бүсийн бусад улс оронтой харьцуулахад 3-5 дахин өндөр; эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааны зохицуулалт, хяналт, төсөв хангалтгүйгээс хэвтэн эмчлүүлэгсдээр гаднаас эм, хэрэгсэл авчруулдаг; эм зүйн мэргэшсэн хүний нөөц дутагдалтай; хүн амын эмийн зохистой хэрэглээний мэдлэг сулаас эмийг жоргүйгээр зохисгүй хэрэглэдэг;  эмийг зах зээлд таниулах үйл ажиллагаа ёс зүйгүй, бодит бус, ашиг олоход чиглэж явагддаг зэрэг алдаа дутагдалууд байгааг харуулсан.

Түүнчлэн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хариуцах этгээд, хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлт, хяналт үнэлгээний тогтолцоо тодорхой бус байсан нь  бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулсан байна гэж үнэлсэн. 

 Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 167.1-т  Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод эмийн аюулгүй байдлын бодлогыг шинэчлэх чиглэлээр өөрчлөлт оруулахаар тусгагдсан.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг шинээр батлагдсанаар  эмийн  зохицуулалтын  үйл  ажиллагаа олон  улсын жишигт нийцэж боловсронгуй болох; эмийн чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа эрчимжих; эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтын зохион байгуулалт оновчтой болсноор эмийн чанар, хангамж сайжрах, төсвийн үр ашиг нэмэгдэх; эмийн зар сурталчилгаа бодит, үнэн зөв мэдээлэлд суурилах; эмийн зохисгүй хэрэглээ буурах; эм зүйн тусламж, үйлчилгээг хүргэх хүний нөөц төлөвлөлттэй хөгжих;  эм зүйн салбарын ил тод байдал, хариуцлага дээшлэх; эмийн бодлогын хэрэгжилтийг үе шаттай үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлал тодорхой болох чухал ач холбогдолтой юм.

Энэхүү бодлого нь хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангахад 2014-2018 онд баримтлах үндсэн баримт бичиг болно.

Хоёр. Улсын их хурлын тогтоолын төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Тогтоолын төсөл нь 3 заалттай байна. Үүнд:

  1. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтаар батлахаар заасан.
  2. Эмийнталаар төрөөс баримтлах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийнгазарт даалгахаар тусгасан.
  3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд даалгахаар заасан болно.

Гурав. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.

Эмийн талаар төрөөс баримтлах  бодлогыг хэрэгжүүлснээр эм зүйн тусламж, үйлчилгээний хууль эрх зүйн орчин боловсронгуй болох,  эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх, эмийн хангамж, хүртээмжид ахиц гарч,  эмийн чанар, аюулгүй байдлын дэглэм бэхжинэ.

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” шинэчлэн батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй. Бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө, хариуцах байгууллага, гарах үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлж хэрэгжилтийн явцыг төлөвлөгөөтэйгээр хянаж үнэлнэ.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд эмийн зохицуулалтыг нэгтгэх  шаардлагатай ба үүнд төсвийн зардлаас гадна зохицуулалтын үйл ажиллагаанаас олох орлого, донор байгууллагуудын хандив тусламж, эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Төрөөс нэгдсэн бодлого зохицуулалтыг оновчтой болгоход төсөвт ачаалал үүсэхгүй болно.

Дагаж нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх зүйн актын талаар

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа ба бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах, хүчингүй болгох хууль, эрх зүйн акт байхгүй болно.