О.Баасанхүү: Шинэчлэл, Х.Тэмүүжин хоёр ихэр биш ээ
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2014.04.17

О.Баасанхүү: Шинэчлэл, Х.Тэмүүжин хоёр ихэр биш ээ

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урилаа.

-Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулж та эрсдэлтэй байдалд орсон юм уу. Төрийн тусгай хамгаалалтынхан хамгаалж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна?

-Ерөнхийдөө өргөдөл өгсөнтэй холбоотой тодорхой хэмжээгээр ил, далд дайралт, доромжлол, гүтгэлэг янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж байгаа нь нууц биш. Энэ байдлыг хараад төрөөс анхаарал тавьж байгаа гэж ойлгож байна.

Би тодорхой хэмжээ­гээр төрийн өндөр ал­бан тушаалтан. Тэр утгаа­раа хуулиар олгогдсон эрхээ эдэлж, дээрээс нь Тагнуулын ерөнхий газрын зүгээс судалж үзсэний үндсэнд хамгаа­лалтад авсан гэж үзэж байна.

-Х.Тэмүүжин сайд та хоёр үүнээс өмнө цагдаа­гийн албан хаагчдын тухай хууль, эмнэлгийн барилгын асуудлаар байр суурийн зөрүүтэй байсныг санаж байна. Харин хувийн харилцаа хэр билээ?

-Бид хоёрын хоорондох хувийн шинжтэй харилцаа бол сайн шүү. Миний хувьд муу харилцаатай гэж огт боддоггүй. Бид хоёр нэг багштай, нэг сургууль төгссөн, ярьж байсан сэдвүүд, сонирхдог зүйлүүд ч ойролцоо. Хувь хүнийхээ зүгээс би Х.Тэмүүжинг дэмждэг. Сайн сайхан яваасай гэж боддог, түүнийгээ ч хэлж байсан. Харин бид хоёрын хувьд өнөөдөр зарчмын асуудлууд ярьж байна. Би түүний хүнийх нь хувьд асуудал хөндөж тавьсан юм биш, Хууль зүйн сайдынх нь хувьд ярьж байгаа юм. Тухайлбал, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг битгий өөр зориулалтаар аваач, битгий эвдлээч, түүнээс болж мянга мянган хүний эрх ашиг хөндөгдөж байна.

Ялангуяа тэр хүмүүсийн хувьд хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ эмнэлгээр үйлчлүүлэх бололцоо нь хаагдаж байна. Өч төчнөөн хүмүүсийн эрх талаасаа хохирч байна. Хүн болгон шүүх, цагдаагаар явахгүй, харин хүн болгон эмнэлгээр үйлчлүүлдэг юм.Төрөхдөө эмнэлгийн орон дээр төрнө, үхэхдээ мөн л эмнэлгийн орон дээр амьсгал хураана. Ийм байхад 2.7 сая, удахгүй гурван саяулаа болох гэж байгаа иргэ­дийнхээ эрх ашгийн эс­рэг битгий яваач гэж гуйгаад, эцэст нь зарчмын асуудлуудыг хөндөж байна.

-Х.Тэмүүжин сай­дыг огцруулахаар таны тавьсан гурван үндэслэлийн нэг нь хууль зүйн салбарыг удирдаж авч явахгүй чадваргүй гэсэн. Юунд үндэслэж ингэж үзэж байна вэ?

-Түүнийг салбар удирдаж авч явж чадахгүй гэдгийг би Засгийн газрын тухай хуулийн Засгийн газрын гишүүний чиг үүрэг, тэр дотроо Хууль зүйн сайдын чиг үүргийг зарчим болгон хөндөж тавьсан. Засгийн газраас явуулж буй шинэчлэлийн бодлогод тэр хүн оролцоно. Нөгөө талаас хууль зүйн бодлого тодорхой зүйл бий. Жишээ нь, нэгдүгээрт гэмт хэрэгтэй тэмцэх, хоёрдугаарт урьдчилан сэргийлэх бодлого чухал юм. Гэтэл өнөөдөр гэмт хэргийн тоо аймшигтайгаар өссөн. Дахиад хэлэхэд, бүх зүйл шинжлэх ухаанд суурилж, тоо баримтад тулгуурлах ёстой.

Х.Тэмүүжин байхгүй бол шинэчлэл байхгүй гэж өөрийгөө дөвийлгөж байгаа нь Монгол төрийг гутаан доромжилж байгаатай адил юм.

Түүнд суурилж бүх зүйлийг ярьж, хэлэх ёстой болохоос сайхан малгай дор гоё байх ёстой гэж яривал түүн шиг үлгэр байхгүй. Ганц бодит жишээ хэлье. Өнөөдөр хүн амины хэрэг хэдэн хувь өссөн бэ. Хулгай, хүчингийн гэмт хэрэг хэдэн хувиар өсөв.

Ялангуяа, авто тээврийн осол, хүнийг санамсар болгоомжгүйгээр алсан хэрэг асар өндөр хувьтай байна. Өнөөдөр замын цагдааг өөрчилсөн нь сайн гэж байгаа. Тэгвэл, сайн уу, муу юу гэдгийг үр дүнгээр нь ярья л даа. Гэтэл автын ослууд яагаад олон гарч байна вэ. Бид бодит байдалд, баримттай ярих ёстой. Шинэчлэл гэдэг маань Засгийн газар, Хууль зүйн яамны малгай дор нуугдаад ажлаа хийх­гүй, салбараа удир­даж чадахгүй бай­на.

Нөгөөтэйгүүр, цагдаа­гийн албан хаагчдаа доромжлоод сууж байдаг салбарын сайд байж таарах уу. Долдугаар сарын 1-нийх шиг хэрэг явдалд ард түмнийхээ талд зогсч байсан бол би түүнийг ойлгоно. Тэгвэл ард түмэн яагаад Х.Тэмүүжинг дэмжиж, улмаар болгосон бэ гэвэл, ард түмнийхээ талд зогсч, хууль зүйн салбарыг шинэчилнэ гэж үзсэн болохоос цагдааг хувааж, доромжилж, гүтгэж болохгүй гэж байгаа юм. Энэ үүднээсээ би түүнийг энэ салбарыг удирдаж чадахгүй гэж үзэж байгаа.

-Гэтэл зарим хүн “Хуулийн салбарт Засгийн газраас явуулж байгаа шинэчлэлийн бодлогыг Х.Тэмүүжин л хэрэгжүүлж чадна” гэж байгаа шүү дээ?

-Засгийн газраас явуулж байгаа шинэч­лэлийн бодлогыг МАХН, АН, УИХ дэм­жээд явж байна. Тэр утгаараа би шинэч­лэ­лийг дэмжиж, хууль зүйн байнгын хо­роо­ноос гаргасан али­ваа шинэчлэлтэй холбоотой ажлын хэсэгт орж ажиллах, ажлын хэсгийг ахлах, тодорхой хэмжээнд хууль тогтоомжуудын төслийг өргөн бариад явж байгаа.

Шинэчлэл, Х.Тэмүүжин хоёрыг ихэр гэж би бодохгүй байна. Х.Тэмүүжин гэдэг Хууль зүйн сайд байхгүй болчихвол шинэчлэл байхгүй болчихно гэсэн мухардал, нэг хүнийг тахин шүтэх гэсэн оролдлого, ард иргэдийн тархийг угааж байгаа үйлдлийг би эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл, энэ бол бодлого юм. Үүнийг цааш нь засаад аваад явах ёстой.

Тасралтгүй цааш үргэлжлэх ёстой. Бид 24 жил хохирсон ард түмэн шүү дээ. Юунд хохирсон бэ гэвэл, бид хууль зүйн салбарын буруу бодлогын золиос болсон. Эмнэлгийн салбарын ялзралын золиос болсон. Тэгэхээр энэ хоёр салбарыг хоёуланг нь өөрчилж, шинэчлээд аваад яваасай гэж хүсч байгаа. Үүний төлөө явах гэж байгаа гэдэг утга нь зөв. Гэхдээ хувь хүний амбиц, шинэчлэл хоёрыг холбож болохгүй. Х.Тэмүүжин байхгүй бол шинэчлэл байхгүй гэж өөрийгөө дөвийлгөж байгаа нь Монгол төрийг гутаан доромжилж байгаатай адил юм.

-Хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн гэх асуудлаар “Хууль зүйн сайд өөрөө ёс зүйн зөрчилтэй байна” гэснээ тайлбарлахгүй юу?

-Та ч бас бодоод үз л дээ. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг яагаад хүүхэд үрчилж авдагийг нь ойлгодог, дэмждэг, бахархдаг бас хүндэлдэг. Тэр бусдын хүүхдийг авдаг хүн. Тэгэхдээ өнчин өрөөсөн олон хүүхдийг өсгөдөг. Энэ утгаар нь бид өнөр бүл гэж ярьдаг. Би ч гэсэн эхнэртэйгээ ярьдаг юм, хоёулаа боломж байвал бас өнчин өрөөсөн хүүхдийг өргөж авч өсгөхсөн гэж. Түүнээс биш өөрийнхөө хүүхдийг хүнд өгдөггүй. Тэгвэл, Х.Тэмүүжин өөрийнхөө хүүхдийг хүнд өгсөн. Тэгэхдээ эдийн засгийн ашиг сонирхлоор өгсөн байгаа юм.

Бүр төрийн албан хаагчийн албан тушаалыг ашиглах зорилгоор өгсөн шүү дээ. Ийм ёс зүйгүй хууль зүйн сайдтай улс орон дэлхийн хаана ч байхгүй. Би ийм л асуудлыг хөндөж байгаа. Хэрэв тэр өнчин өрөөсөн хүүхдийг өргөж асрахаар авсан бол би ойлгоно. Өөрөө үнэхээр өнчин өрөөсөн байгаад үр хүүхдээ өсгөх чадваргүй учраас хүүхдээ хүнд өргүүлсэн бол бас ойлгоно. Харин тэр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарсан хар тамхитай холбоотой зүйлийг би мэдэхгүй. Хар тамхи хэрэглэсэн, эсвэл хар тамхитай холбогдсон гэсэн асуудлаар би тогтоолын төсөл өргөн барьсан юм биш.

Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг яагаад хүүхэд үрчилж авдагийг нь ойлгодог, дэмждэг, бахархдаг бас хүндэлдэг. Тэр бусдын хүүхдийг авдаг хүн. Тэгэхдээ өнчин өрөөсөн олон хүүхдийг өсгөдөг. Энэ утгаар нь бид өнөр бүл гэж ярьдаг.

Харин юу гэж хэлэх вэ гэвэл, хар тамхитай тэмцэж байгаа баатруудынхаа эсрэг тэд­нийг доромжилж бай­гааг шүүмжилнэ. Магад­гүй цагдаагийн байгууллага дотор Батаа, Дулмаа, Дорж гэхчлэн хэн ч байдаг юм, үл бүтэх нөхдүүд буруу юм хийсэн байж болох юм. Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Тийм бол нотол. Түүний төлөө тэр хүн тэнд сууж байгаа. Гэтэл нийт цагдаагийнхан новш нар юм, хүн гүтгэдэг юм, миний хүүхдийг ч гүтгэж магад гэж ярьж байгааг ойлгохгүй байна. энэ Хууль зүйн сайдад байх ёс суртахуун мөн үү. Салбараа удирдах чадвар мөн үү. Би энэ асуултыг л тавьж байгаа.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдааны шийдвэрийг та юу гэж үзэж байна?

-Байнгын хороо хууль зөрчсөн шүү дээ. Тиймээс тэр үйлдлээ хурдан засаач гэсэн шаардлага тавьж байна. Ямар хууль зөрчсөн бэ гэвэл, Дэгийн тухай хуулийн 38.2-т “УИХ-ын гишүүн тогтоолын төсөл өргөн барьсан бол долоо хоногийн дотор хэлэлцээд санал, дүгнэлт гаргана” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, долоо хоног дотроо санал, дүгнэлтээ гаргасан байх ёстой. Гэтэл санал, дүгнэлт гаргахгүйгээр горимын саналыг хүлээж авлаа гэсэн горимгүй үйлдэл хийсэн. Хэн нэгэн нь хууль зөрчсөн горимын санал гаргаж болно.

Хууль зүйн байнгын хороо горимын саналыг хүлээж авч санал хураалгадаг. Хууль зөрчсөн учраас та горимын санал гар­гах эрхгүй гээд зогсоох ёстой. Энэ утгаараа ма­най байнгын хорооны зөвлөх нь ядаж хариуц­лага хүлээх ёстой. Яа­гаад гэвэл, хууль зөрчүүл­чихээд байна шүү дээ. Одоо хэн хариуцлага хүлээх юм, тэр нь бүрхэг байна. Ийм утгагүй байж болохгүй дээ.

-АН-ын бүлэг Х.Тэмүүжин сайдын асуудлаар нэгдсэн байр суурь баримтлахгүй гэсэн. Тэгэхээр гишүүд өөр, өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцох бололтой?

-Ерөнхийдөө өмнө нь Н.Батбаяр сайдыг юм уу, Ч.Улаан сайдыг, эсвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай бичиг орж ирэхэд нэгдсэн байр суурьтай байсан. Яагаад Х.Тэмүүжингийн тухайд нэгдсэн байр суурь гаргаж чадахгүй байгаа вэ гэвэл, УИХ, намын бүлгүүд дотор ёс зүйг хүндэлдэг, хуулиа дээдэлдэг хүн байна. Тэд намын эрх ашиг болоод улс төрийн шоу яах вэ, улс орны эрх ашиг болоод хуулиа дээдлэх нь, ёс суртахууныг хүндлэх нь нэгдүгээрт байна гэж үзэж байна шүү дээ. Тэд шударга бустай эвлэрэхгүй байна. Жишээ нь, Америкийн хууль зүйн сайд ч юм уу, өөр улс орны хууль зүйн сайд ийм үйлдэл хийсэн бол яах байв.

Тэд цагдаагийн байгууллагынхан бол новш нар юм, миний хүүхдийг ч гүтгэж чадах хүмүүс гээд хэлчихье л дээ. Тэгж хэлдэг Жорж гэдэг хууль зүйн сайд байсан бол яах байв. Эсвэл Оросын Иван гэдэг нэг сайд тэгж хэлсэн бол яах бол. Тэгэхээр бид юмыг эрүүл ухаанаар харах цаг болсон. Асуудлын гол нь, би Х.Тэмүүжин гэдэг хүний мууг үзэх гээд, янз бүрээр оролдоод байгаа юм биш. Өнөөдөр 70-аад оныхон бид хуучин ах нарынхаа гэдэг юм уу, хуучин хүмүүсийн гаргасан замаар муйхар явж болохгүй. Харин бид алдаа гаргавал уучлал гуйчихдаг, буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээдэг ёс зүйтэй байх учиртай. Түүнээс би төгс төгөлдөр хүн бол гэж шаардаад байгаа юм биш. Ийм л байна.

-Таны дэвшүүлээд бай­гаа энэ асуудлаар Байнгын хороо дахин хурал­дана, УИХ-аар хэлэлцэнэ. Эцсийн шийдвэр, магадгүй нийгэмд тусах тусгалыг нь та хэрхэн харж байна?

-Ямар ч үр дүн гарсан надад ялгаа алга.

-Яагаад?

Асуудлын гол нь, би Х.Тэмүүжин гэдэг хүний мууг үзэх гээд, янз бүрээр оролдоод байгаа юм биш

-Энэ бол Монгол Улсын түүхэнд бас нэг жишиг болж тогтох юм. Ёс суртахуунгүй, жишээ нь цагдаагаа доромжилдог сайдтай байх уу, хүүхдээ хүнд хуурамчаар өргүүлдэг сайдтай байх уу. Хүн амын эрүүл мэндийн эсрэг, эсвэл байгууллагадаа шинэ байртай болохын төлөө ард түмнийг хохироодог, нэг бол 3.2 тэрбумын хохирол учруулчихаад энэ бол шалихгүй асуудал гэж хэлдэг сайдтай байх уу гэдгийг манай байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган тогтоох нь. Дээшээ бол 3.2-оос доош тэрбумын хохирол учруулахад хэрэгсэхгүй болдог болно. Доошоо бол та нар 3.2 тэрбумын хохирлыг шалихгүй гээд сайдыг огцруулдаггүй шүү дээ гэх болно.

Дараа­гийн сайд нь магадгүй цагдаагийн байгууллагыг хулагайч гэх юм уу, бүр муухайгаар хэлж ч магадгүй. Тиймээс ийм жишгийг арилгахын тулд бид кнопоо зөв талд нь дарах ёстой. Дахиад хэлэхэд, эрхзүйн шинэтгэл, Х.Тэмүүжин хоёр ихэр биш.

Энэ бол төрийн бодлогоор явж байгаа асуудал. Төрийн бодлогыг өмчилж авдаг ийм балай үзэл өнөөдөр АН-д цөөхөн хүнд байгаа. Жишээ нь, Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хууль бол минийх гээд өвчигнөөд явдаг. Түүнтэй адилхан байхгүй юу. Тамхины хууль тэр хүнийх биш шүү дээ. Тэр хуулийг Засгийн газар санаачилж, дахин оруулж батлаад явсан. Тэр хүнд өөртөө гоё пиар наах сонирхол байгаа бол хувийн асуудал.

Түүнийгээ ард түмний тархийг угаах зорилгоор мөнгө төлж, хэвлэн нийтлээд, яриад байх шаардлагагүй. Тэгвэл, бид эрхзүйн шинэчлэл хийхгүй байгаа юм уу. Би хийхгүй байгаа юм уу. Манай нам хийхгүй байгаа юм уу. АН, МАН хийхгүй байгаа юм уу. Бид бүгдээрээ эрхзүйн шинэчлэл хийхийн төлөө явж л байгаа.

Надаас авахуулаад 3-4 ажлын хэсэг ахалж, зохицуулалт хийх гэж саналаа хэлээд явж байгаа. Нэг жишээ хэлэхэд, шүүхийн шинэч­лэлийн тухай хуульд би зарчмын зөрүүтэй санал хэлсэн. Гэтэл эсэргүү гээд АН-ынхан миний саналыг аваагүй.

Дараа нь Үндсэн хуулийн цэц дээр очоод уначихсан. Одоо бүгдээрээ тэр саналыг авъя гэж байна. Тэд ойлгож эхэлж байна шүү дээ. Эсрэг талд нь ярина гэдэг дандаа муу байдаггүй юм. Эерэг талд ярина гэдэг мөн дандаа зөв байдаггүй. “Инээсэн болгон нөхөр биш, уурласан болгон дайсан биш” гэж үг бий. Түүн шиг миний санал зарчмын асуудал, тиймээс би хатуу зогсоно.

Тэр зарчмыг үүрэх л гэж Х.Тэмүүжин сайд ч бас тэр албан тушаалд очсон шүү дээ. Тэгээгүй бол тэнд очих шаардлагагүй. Өөрийг нь тагнасан юм бол түүнийгээ нотол. Нотлогдоогүй баримтаар нийгмийг бүү айлга. Хууль зүйн сайдаа тагнаж байгаа юм чинь би яана аа ч гэх шиг.

Хууль зүйн сайд нь миний хүүхдийн цүнхэнд хар тамхи хийчихнэ гэж өөрөө мэдэгдсэн юм чинь, миний хүүхэд яана аа гэцгээж байгааг юу гэх вэ. Бид цагдаад итгэхгүй амьдрах ёстой юм уу. Би төрийн албан хаагч, тэр дотроо тангараг өргөсөн гишүүний хувьд хэлэхэд, бидэнд цагдаад итгэх итгэлийг байхгүй болгох гэж оролдож байгаа энэ үйлдлийг зогсоох хэрэг­тэй. 2008 оны хар түүхийг бүгдээрээ мартацгаая. Шинээр амьдарцгаая.