О.Баасанхүү: Х.Тэмүүжин төрийн ой санамжийг устгах гэж байгаад харамсаж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”даа урилаа. Түүнтээ хуулийн салбарын шинэчлэл, дотоодын цэргийг татан буулгасан асуудлаар ярилцсан юм.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайд болмогцоо хуулийн салбарыг шинэчлэнэ гэсэн зорилго тавьсныг олон хүн нааштайгаар хүлээж авсан. Залуу хүн зөв зүйл хийнэ гэсэн хүлээлттэй байсан болов уу. Харин одоо түүний хийж байгаа шинэчлэл гэгчийг эсэргүүцэх хүн олон болж. Та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?
-Х.Тэмүүжин сайд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр би байхгүй бол хуулийн салбарын шинэчлэл байхгүй гэсэн мессежийг өгч байна. Би Монгол Улсын жирийн нэгэн иргэн. Тиймээс өнөөдрийг хүртэл байсан эрхзүйн системийг өөрчлөх, шинэчлэх, засах ёстой гэдгийг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Бүр 100 хувь шүү. Гэхдээ шинэчлэхийн тулд хэд хэдэн асуудлыг анхаарах ёстой.
Ялангуяа төрийн ой санамжийг хэвээр үлдээх ёстой. Эрүүгийн цагдаа эсвэл тагнуул дээр нэг файл, өөрөөр хэлбэл хар хайрцагны бодлогыг бий болгохын тулд 10-20 жилийн хөдөлмөр ордог юм. Нэг системийг бий болгоход ч ийм хугацаа шаарддаг. Тэр бүх үнэт зүйлийг алга болгохгүйгээр шинэчлэл хийхийг дэмжиж байгаа.
2009 онд Жулиан Ассанж нууц баримтууд дэлгэж, түүнтэй холбоотой мэдээлэл хэвлэл дээр гарсныг хараад Х.Тэмүүжин иймэрхүү зүйлийг 2009 онд УИХ-ын гишүүн байхдаа гадныхантай зөвлөлдөж, ярьж байсан юм байна гэдэг мэдрэмж надад төрж байсан. Манайд өнөөдөр хуулийн салбарын эрдэмтэн, доктор гээд маш олон хүн бий. Тэр хүмүүс одоо “Шинэчлэе гэсэн санаа нь зөв.
Харин бодлого нь буруу байна. Шинэчлэлийн бодлого дээр алдаа гарсан байна” гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн. Тэр утгаараа би энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулж, Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлтэй хамтарсны дараа би Х.Тэмүүжинд “Энэ бол эвслийн Засгийн газар. Ардчилсан нам болоод эвслийн харьцаа 70:30 байх юм байна. Миний найз 70 хувийн ажлаа хийгээрэй. Би 30 хувьд нь саналаа хэлье.
Бие биенээ дэмжье” гэж хэлсэн. Дараа нь Цагдаагийн тухай гээд хэд хэдэн хууль батлуулах гэж байхад нь ямар ч шүүмжлэл хэлээгүй. Надад шүүмжлэн хэлэх бодол бол байсан. Одоо Х.Тэмүүжин муу хүнд үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг шиг хэлсэн үг бүрийг өөрт нь өстэй юм шиг, ярьсан хүн болгоныг өөрийнх нь эсрэг юм шиг хүлээж авдаг.
Буруутгагч, үзэн ядагч гэдэг байдлаар хандаж, хэвлэл мэдээллийнхэнд хүртэл мөнгө төлж байгаад би харамсаж байна. 1970-аад оныхон ингэж явж болохгүй. Даруулгатай баймаар байна.
-Цагдаа, дотоодын цэрэгт хийж байгаа шинэчлэлийг би байтугай энэ салбарынхан нь ойлгохгүй байх шиг. Цагдаа, дотоодын цэрэг, Монгол Улсын зэвсэгт хүчин гэдэг өөр өөр харилцан адилгүй ойлголт. Та үүнийг тайлбарлахгүй юу?
-Дотоодын цэргийг татан буулгасан асуудалд би эсрэг байр суурьтай байсан. Цагдаа зэвсэг хэрэглэх, цэрэг зэвсэг хэрэглэх гээд харилцаа нь өөр. Онцгой обьект хамгаалж байгаа үед цагдаа зэвсэг хэрэглэх, цэрэг зэвсэг хэрэглэх хоёр огт өөр асуудал. Харамсалтай нь үүнийг Х.Тэмүүжин ойлгоогүй.
Магадгүй ойлгохыг хүсээгүй байх. Салбарт байгаа жижиг зөрчлүүдийг бодлогоор нь засаж болно. Харин 80, 90 жилийн түүхтэй төрийн ой санамжийг устгах гэж байгааг нь эсэргүүцэж байгаа. Ингэснээр төр дархлаагүй болно. Монгол бол 2.9 сая хүн амтай, жижиг улс. Төрийн эргэлт, гадна, дотны явуулга, өргөн хүрээг хамарсан үймээн гээд юу ч гарах боломжтой.
Ямар ч байсан дотоодын цэрэг 80 жил оршин тогтнохдоо 1990 онд үүргээ гүйцэтгэсэн.
Дотоодын цэрэг, арми заавал байх ёстой гэдгийг ахмад үеийнхэн ойлгоод байгуулсан юм шүү дээ. 1990-онд юу болсныг мэдэж байгаа. Жагсаал, цуглаан, өлсгөсөн болж байх үед хэрвээ дотоодын цэрэг байгаагүй бол арми орж ирэхээс өөр гарц байгаагүй. Арми орж ирсэн бол Хятад шиг зүйл болох байсан байх. Сайн ч байна уу, муу ч байна дотоодын цэрэгтэй байсныхаа хүчинд зөвшилцөлд хүрсэн юм.
Одоо би тэр үед дотоодын цэрэгтэй байсан нь ямар их аз вэ гэж боддог. Тэр үеийн удирдагчийн нүдээр харвал цэрэг байхгүй армиа хөдөлгөсөн бол төрийн эргэлттэй адил зүйл болох байсан. Ямар ч байсан монголчууд энэ сонгодог тогтолцоог бий болгож чадсан байсан.
-Хууль зүйн сайдын хувьд дотоодын цэрэг ямар ч үүрэггүй гэж бодож байгаа бололтой?
-Цэргийг 1000 жил тэжээж, нэг өдөр хэрэглэ гэж үг байдаг. Одоо ажилтай байгаа юу, үгүй юу гэдгийг ярьж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн бол ичмээр байна.
Монгол Улс их гүрнүүд шиг хүчирхэг армитай биш ч мэргэшсэн бөгөөд тодорхой түвшинд дотоод болон гадаадад өөрсдийгөө хамгаалдаг тийм бүтэцтэй байх ёстой. Тэр армийн бүтцийг жижиг хүн амтай улсад хоёр хэлбэрээр зохион байгуулсан нь зөв байсан. Одоо яах вэ дээ. Удахгүй Х.Тэмүүжин Хууль зүйн яамаа Дотоод хэргийн яам болгоод сонин сонин юм их хийнэ биз.
-Яагаад тэгж бодов?
-Ний нуугүй хэлэхэд би сүүлийн үед түүнд итгэхээ больсон. Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйл Гэмт хэргийн тухай хуулиар байхгүй болсон ч байх шиг. Эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүтэц ороогүй байхад хар тамхины хэргийн харъяаллыг нь заавал солих гээд хуулийн төсөл өргөн барьдаг. Ийм ойлгомжгүй зүйл байгаагийн цаана ямар утга, учир байгаад санаа зовж, хардаж, сэрдэж бодох боллоо.
-Цаана нь өөр зүйл байна гэж хардах хүн ч олон байгаа бололтой?
Монгол Улс их гүрнүүд шиг хүчирхэг армитай биш ч мэргэшсэн бөгөөд тодорхой түвшинд дотоод болон гадаадад өөрсдийгөө хамгаалдаг тийм бүтэцтэй байх ёстой.
-Монголыг монголчууд өөрсдөө сүйтгэдэг, устгадаг. Гадны хэн нэгэн биш. Ямар ч байсан дотоодын цэрэг 80 жил оршин тогтнохдоо 1990 онд үүргээ гүйцэтгэсэн юм шүү. Тухайн үеийн үймээн, өлсгөсөн цус асгаруулахгүйгээр шийдэхэд дотоодын цэргийн үүрэг асар өндөр байсан.
Олон хүн гэрчилнэ. Ардчилсан намынхан ч үүнийг үнэлэх ёстой. Тэр үед Ж.Батмөнх агсан цагдаа, арми гэсэн хоёрхон сонголттой байсан бол тэрийгээ л оруулах байсан. Харин тэр хүнд гурван боломж байсан учраас эхлээд цагдаагаа, дараа нь дотоодын цэргээ оруулаад зөвшилцөлд хүрсэн юм.
-Дотоодын цэрэггүй бол зэвсэгт мөргөлдөөн болох байж ээ?
-Тийм. Арми хөдөлсөн тохиолдолд тухайн улсад иргэний дайн боллоо л гэж ойлгодог. Ерөнхийлөгч Ц.Элдэгдорж, Э.Бат-Үүл гэх хүмүүс 1990 онд асуудлыг яаж цус асгаруулахгүйгээр шийдэж чадсан бэ гэдгийг мартаж болохгүй. Монгол Улсын хилийг сулруулж, дотоодын цэргийг байхгүй болгосны дараа бидэнд хоёрхон сонголт үлдэж байна. Цагдаа тэгээд арми.
Цагдаа нь хүч суларсан бүтэц. Харин Монголын армийг хэвлэл мэдээллээр сул, жижиг гэж ярьдаг. Энэ нь төрийн дархлааг алга болгоод байна. Төр өөрөөсөө дархлаатай байх ёстой. Тэр дархлаа байхгүй болж байгаад иргэн хүнийхээ хувьд санаа зовж, бухимдаад байгаа юм. Х.Тэмүүжин гэдэг хүнийг үзэн ядсандаа эсэргүүцээд, шүүмжлээд байгаа юм биш.
Би тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. Тангараг өргөсөн дөрвөн жилийнхээ хугацаанд нэг л зүйлийг зүрхэндээ шивнэ. Төрийн тусгаар тогтнол, дархлааг миний үед л устгаж болохгүй юм шүү гэж би боддог. Надад байгаа эрх мэдэл, амь насаараа ч байна уу төрийн дархлааны төлөө тэмцэх ёстой.
Төрийн дархлаа суларч байгааг хараад өнөөдөр би бачимдаад, тэвдээд, уурлаад, бухимдаад байгаа юм. Тэрнээс биш энэ хүнийг тоож харьцаад, энд тэнд хэвлэл дээр гарсан зүйл нь үнэн байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, мөрдөөд байгаа зүйлгүй. Тангараг өргөсөн 76 гишүүн, Ерөнхийлөгч нэг л зүйлийг бодох ёстой. Төрийн дархлааг огцом сулруулж байгаа энэ үйлдэл юунд хүргэх вэ. Би коммунизмыг санагалзаагүй.
Гэхдээ тэр үед ч гэсэн зөв зүйл байсан бол төрийн залгамж халаагаа тасралтгүй авч явах ёстой. 1990-2014 оны хооронд гаргасан шийдвэр зөв, 1924-1990 оных буруу гэсэн зүйл байхгүй. Чингис хааны үеэс 2014 оныг хүртэл Монголын төр оршин тогтнож байгаа бол сайн, муу аль аль нь байгаа. Дахин хэлэхэд 1990 онд ардчилсан хувьсгал хийх үед төрийн дархлаа зөв байсан учраас зөвшилцөлд хүрч чадсан юм шүү. Ж.Батмөнх агсан чадалтай, ухаантайдаа биш, Ардчилсан намынхан хүчтэйдээ асуудлыг шийдчихсэн юм биш.
-Зэвсэгт хүчин, цагдаа, дотоодын цэргээ энэ мэтээр өөрчлөх тохиолдол гадны улсуудад хэр байдаг юм бол?
-Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. 200 сая хүнтэй төр, 2.9 сая хүнтэй төрийн бодлого ялгаатай. Төрийн мөнгөний хэмжээ ч өөр. Тэр хэмжээгээрээ ч тэр 2.9 сая хүнтэй улсад янз бүрийн туршилт хийх боломж байгаа. Тиймээс монголчууд доороо суурьтай, дотроо бодолтой байж төрийн дархлаа, тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө нам эвсэл, үзэл бодол үл харгалзан нэгдэх ёстой.
Миний дургүйцээд, эсэргүүцээд байгаа шалтгаан энэ. Шинэчлэлийг доороос нь дээшээ хийгээд явсан бол өөр. Эхлээд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа өөрчлөөд, дараа нь бүтцээ хамаараад байгууллагуудаа зохион байгуулаад явбал зөв.
Энд Цагдаагийн тухай хууль нь өөрчлөгдөөд, ямар хуулиар зохицуулагдах нь ойлгомжгүй. Тэнд АТГ, шүүх, цагдаа нь тус тусдаа бужигнах ёсгүй. Хүний зовлонгоор жаргал хийх ёсгүй. Монгол Улс 24 жилийн турш эрхзүйн тогтолцооны буруугаас болж зовж, шаналж байна.
Энэ зовлонгоор нь тоглох эрх Х.Тэмүүжинд байхгүй. Унасан салбарыг унасан хэвээр нь явуулж байгаа бол гай ч болоогүй, гавьяа ч байгуулаагүй зөв хүн. Харин унасан дээр нь тоглоод, бүр доош нь татаад байвал ард түмэнд гай тарьж байгаа хэрэг.