Мэндчилгээ
Улсын Их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
2014.03.21

Мэндчилгээ

Монгол Улсын нийт казах иргэд ээ!                                             Эрхэм хүндэт Баян Өлгийчүүд ээ!

Өв уламжлал, ёс заншлаа нандигнан дээдэлж ирсэн казах түмний үндэсний уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ МАН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, түмэн олноороо эрүүл энх, амар амгалан, дүүрэн билэгтэй, төвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурыз баяр бол ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн 40 гаруй орон тэмдэглэдэг том баяр юм.

Казах түмэн маань өлзий билэгтэй Наурызын баярын энэ өдрийг өтгөс буурлуудаа хүндэтгэн үр ач нар нь золгон мэндчилж, буянтай буурлуудынхаа сургаалыг сонсож, улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж байгаа жилийнхээ өнгө төлвийг хөөрөлддөг үндэсний соёл, ёс заншил, эв нэгдлийн бэлгэдэл болгодог сайхан уламжлалтай билээ.

Наурызын баярын энэ өдөр казахын ард түмэн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ариун үйлсэд идэвх зүтгэл, хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм ухаанаараа үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, боловсролын салбарын алдартнууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, үйлдвэр хөдөө аж ахуйн сайчууд казах иргэдийн дундаас олноор төрөн гарсныг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Дэлхийн казахуудын холбооны их хурал дээр тус холбооны тэргүүн дэлхийн дөч гаруй оронд амьдарч байгаа казахуудын дотроос хэл соёл, уламжлалаа хамгийн сайн хадгалж үлдсэн нь Монголын казахууд байна гэж дүгнэж хэлсэн нь бахархмаар хэрэг бөгөөд энэ нь нэг талаар 93 жилийн түүхтэй МАН-аас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв мэргэн бодлого нөгөө талаар казах түмний хичээл зүтгэлийн үр дүн гэж хэлж болно. Казах түмэн манай намын бодлогыг ямагт дэмжиж байдагт бид талархдаг бөгөөд цаашид ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Казахын ард түмэн эх орон төрөлх аймаг, Алтай нутгаа хөгжүүлэхийн төлөө ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг онцлон тэмдэглэхийн ялдамд цаашид манай нам казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгаж ажиллах болно.

Казах түмний уламжлалт Наурыз баярын энэхүү билэгт сайн өдөр халуун бүлээрээ цугларан амжилт бүтээл, аз жаргал, хөөр баяслаар дүүрэн байгаа Та бүхэндээ шинэ ондоо цог золбоотой, өнгө жавхаатай, аз хийморьтой, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний ажил үйлс, амжилт бүтээл Алтай Таван богд шигээ сүндэрлэж, буян заяа тань дэлгэрэх болтугай.

           УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд