О.Содбилэгийн эхнэр ханьдаа зориулж мэндчилгээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.03.20

О.Содбилэгийн эхнэр ханьдаа зориулж мэндчилгээ дэвшүүлжээ

УИХ-ын гишүүн О.Содбилэг өнөөдөр 35 нас хүрч байна. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан эхнэр Э.Туул нь цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрбээр "Өнөөдөр миний хайрт ханийн төрсөн өдөр. Тэр минь миний мэдэхийн маш тэвчээртэй, ухаантай хүн. Тэр минь амьдралын шуурганд сөхрөхгүй сэтгэлийн асар их тэнхээтэй ч, хайрлах өрөвдөх нинжин зөөлөн сэтгэлтэй. Миний хань амьдралын сайхан зүйлсийг харж мэдрээд чин сэтгэлээсээ баярлаж хүүхэд аятай хөхөрч унана.

Тэр маань алив зүйлд уужуу хандах ч өөртэйгээ тэмцэх тэмцэл нь юунаас ч хүчтэй. Тэр олонд эрх танхи харагдавч дотроо бол амьдралын хатууг үзсэн яг л шир аятай цаг өнгөрөх тоолонд хатуужиж, элэгдэж, гялалзана.

Эх орон гэж цээжээ дэлдэхгүй ч уртын дуунд нулимс унаган суух, нутгийнхаа агаараас омогших жинхэнэ монгол эр хүн. Содоо маань Монголдоо дэлхийг багтаан сэтгэх ч монгол хүний сүсгээр цаг нь ирээгүй байхад онгирч түүнийгээ дэлгэхгүй. Энэ бол миний хань. Төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе!!!" хэмээн бичжээ.