Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогт, түүний ээж Б.Баасанжаргал нарыг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.
Хүнд өвчнөөр шаналж байсан Б.Эрдэнэцогт мэргэжил нэгт сэтгүүлчид, сэтгүүлч мэргэжилтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ард түмнийхээ хандив, дэмжлэгээр Энэтхэг улсад очиж, элэг солиулах мэс засал хийлгэн илааршиж эх орондоо ирээд байгаа билээ. Эрүүл саруул болоод ирсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ хандив, тусламж, сэтгэлийн дэм хайрласан нийт хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр сэтгүүлч Б.Эрдэнэцогт биеийн байдал маш сайн болж ирээд ажилдаа орох гэж буйгаа дуулгалаа. Цагаан сарын үеэр элгээ ЭХО-д харуулахад бүтэн төлжиж ургасан нь тогтоогджээ. Донорын элэг арванхоёрдугаар сард бүтэн төлжсөн байна. Сэтгүүлч Б.Эрдэнэцогт хэлэхдээ “Монголд элэгний өвчлөл их газар авсан байдаг. Тиймээс өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллох, архи, дарснаас хол байхыг залуу үеийнхэндээ уриалж байна. Сэтгэл санаагаар өөдрөг байх ёстой.
Мөн сүүлийн үед нярай хүүхдийн дунд цөсний сувгийн битүүрэл ажиглагдах болсон. Үүнээс болж элэг хатуурдаг. Залуу гэр бүлүүдэд элэгний өвчний тохиолдол их гарах болсон. Иймд тийм өвчтэй хүмүүсийг дэмжих, туслах клуб байгуулах санаачилга гаргахаар төлөвлөж байна” гэлээ. Клуб байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, эрүүл мэндийн чиглэлээр нийгмийн соён гэгээрүүлэх ажил их хэрэгтэй байгааг тэмдэглэж байлаа.
“Бид долоо хоног тутам ҮАБЗ дээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид долоо хоног тутам ҮАБЗ дээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг. Ойрын үед эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг сонсъё гэж байгаа. Элэгний өвчлөл зэрэг хүндрэлтэй асуудлуудыг тусад нь авч хэлэлцэж болно.
Монгол Улс хүмүүнлэг нийгэм байгуулж байгаа. Бид ч гэр бүлээрээ эрүүл мэндийн чиглэлээр анхаарч ажилладаг. Манай гэргийн “Итгэл хавдаргүй Монгол үндэсний сан"- гийн шугамаар Японы талтай ярьж Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт гемодиализийн 10 аппарат суурилуулсан. Багийг нь Японд хоёр удаа явуулж сургасан.
“Итгэл хавдаргүй Монгол үндэсний сан” Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний үндэсний төвд хүүхдийн амьсгалын аппарат тавьсан. Энэ аппарат хүүхдийн амийг хамгийн түрүүнд авардаг. Мөн 7-8 аймагт хавдрын өвчтэй хүмүүст зориулсан хөнгөвчлөх төв байгууллаа. Одоо нэмж хоёр аймагт байгуулах гэж байна. Монгол Улсын нэг иргэн, нэг гэр бүл, хэн ч бай, бие биедээ тусалж байвал хэрэгтэй. Сайн санааны үйлсийг иргэд сайтар дэмжиж, оролцож байя” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Эрдэнэцогтод эрүүл энхийг хүсч, ээж Б.Баасанжаргалд нь олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэн цэцгийн баглаа гардуулав.