Д.Оюунхорол Завханы эмэгтэйчүүдтэй уулзлаа
Уулзалтын үеэр эмэгтэйчүүд өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, өвөлжилт, хаваржилт гээд олон асуудлаар ярилцжээ.
2014.02.28

Д.Оюунхорол Завханы эмэгтэйчүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллаж буй. Тэрээр тойргийнхоо анхны уулзалтыг эмэгтэйчүүдтэй хийх уулзалтаар эхэлсэн байна.

Монгол Улсын хүн амын 51.3 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ төлөөлөн, тэдний дуу хоолой болон ажилладаг цөөн эмэгтэй гишүүдийн нэг тэрээр юуны өмнө эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцахаар төлөвлөсөн нь энэ. Түүний нутагтаа ирэх үед 24 сумаас аймгийн төвдөө хүрэлцэн ирсэн 100 орчим бүсгүйчүүд чуулж байсан юм.

Уулзалтын үеэр эмэгтэйчүүд өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал, өвөлжилт, хаваржилт гээд олон асуудлаар ярилцжээ. Алслагдсан бүс нутгийн ээжүүд өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, цалин, тэтгэвэр, тэтгэмжээрээ амьдрах боломжгүй болж байгаагаа тойргоос сонгогдсон гишүүндээ ярьж, төр засагт уламжилж өгөхийг хүсч байлаа.

Тэд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүд ямар шатандаа яваа талаар асууж сонирхов. Мөн энэ үеэр төр засгаас олуулаа болъё хэмээн уриалж байгаа ч олон хүүхэд төрүүлсэн "Алдарт эх"-ийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Д.Оюунхорол гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслийг дэмжихгүй байгаа нь өнөөгийн төр засгийн ам, ажил хоёр хол зөрж буйн нэг илрэл гэж үзэж байгаа ээжүүд ч олон байв.