Аавын хүүгийн хаадаг албыг бүгд хаах ёстой
УИХ-ын гишүүн, бэлтгэл ахмад Д.Ганбат:
- 1979 онд Баянхонгор аймгаас 17 настайдаа сайн дураараа цэргийн албанд ирж байлаа. Үндсэндээ гуйж байгаад л явсан. Тэр үед Баянхонгороос 20 машин цэрэг Улаанбаатар хотыг зорьж, 6 машин нь хилийн цэрэгт, 14 машин нь ардын армид явахад бусад нөхдийн хамт 014 дүгээр ангид хуваарилагдсан юм.
Цэргийн албаа нэг жил хаагаад, 150 дугаар ангийн бага даргын сургуульд 6 сар суралцсан. Дараа нь мөн 6 сар офицерын дамжаанд суралцаж бага дэслэгч цолоор шагнуулж, “Хээрийн академи" гэж нэрлэгдсэн Зүүнбаянг зорьж байлаа. Өөрөөр хэлбэл, танкийн хороо буюу 138 дугаар ангид 1981- 1984 он хүртэл салаа, ротын захирагчаар ажиллаад, Киевийн хуягт танкийн инженерийн дээд сургуульд суралцсан юм. 1989 онд сургуулиа дүүргэж ирээд 180 дугаар ангид салбарын техникийн орлогчоор томилогдон 1991 он хүртэл ажилласан. Тэгээд хувийн байгууллагад ажиллаж, улмаар компани байгуулсан. Компанийн маань ашиг, орлого ч боломжийн байж, улс орныхоо эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсан.
Монголын Зэвсэгт хүчинд байлдагчаас ахмад болтлоо ажиллаж, цэргийн томоохон сургууль дүүргэж, олон сайхан дарга нарын удирдлагад, олон, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажилласандаа сэтгэл хангалуун явдаг юм. Эр хүнийг төлөвшүүлдэг цэргийн албыг хүн бүр хаах ёстой. Өнөөдрийн төр, засагт ажиллагсдад Ерөнхийлөгчөөс бусад нь бараг цэргийн алба хаагаагүй байна. Энэ бол сайн юм биш. Бусад улс оронд бол иргэд нь нийтээрээ төдийгүй, эзэн хааных нь хүүхэд хүртэл цэргийн алба хаах хатуу хуультай байдаг юм билээ.
Тийм учраас цэргийн алба хаагаагүй бол бараг эр хүний тооноос хасах жишээтэй байдаг. Цэргийн алба хаасан офицер хүний хувьд өнөөдрийн Зэвсэгт хүчний алба хаагч нараараа үнэхээр бахархдаг. Энд тэнд явж байхад манай дайчдаар ямагт бахархаж байхын сонсоход сэтгэл тун хангалуун байдаг. Цаашид Зэвсэгт хүчнээ улам төгөлдөржүүлж цомхон, чадварлаг байхад л анхаарах нь зүйтэй болов уу.