Нэг бүтээн байгуулалт хийх гэж нөгөөхөө нурааж болохгүй
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хайрга дайрга олборлогч аж ахуйн нэгжүүд байгаль орчинг ихээр сүйтгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа талаарх гомдлыг ихээр ирүүлэх болжээ. Дүүргийн удирдлагууд энэ асуудлыг хотын захиргаанд тавьж зориулалтын зам тавих хүртэл тээвэр хийхийг хоригложээ. Ер нь тухайн нутаг дэвсгэрт цаашид хайрга дайрга олборлох эсэхийг хот дүүргийн удирдлагууд бус тухайн хорооны иргэдийн нийтийн хурал шийдэх болсныг Хан-Уул дүүргийн удирдлагууд онцоллоо.
Одоогоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хайрга дайрга олборлогч 60 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нисэх, Био, Сонгино орчимд хүнд даацын автомашинууд шороон замаар өдөр шөнөгүй тээвэр хийснээс болж тухай бүс нутгийн хөрс улаанаараа эргэх болчихоод байгаа юм.
Тоосжилт ихтэйгээс гадна иргэд ажил, сургуульдаа хүрэх гэж багагүй бэрхшээлтэй тулгардаг болжээ. Уг нь өнгөрсөн жил хайрга, дайрга олборлогчид нэгдэж сайжруулсан шороон замыг тавьжээ. Гэтэл зарим компаниуд уг замыг өмчилснөөс болж хүнд даацын автомашинууд дураараа зам гаргаж явж байгаагаас байгаль экологид их хэмжээний хохирол учруулж байгаа юм.
Өнгөрсөн жил хайрга, дайрга олборлогчид нэгдэж сайжруулсан шороон замыг тавьжээ.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: “Хамгийн гол нь бид нэг бүтээн байгуулалт хийх гэж нөгөө бүтээн байгуулалтаа нурааж болохгүй. Замын нэгдүгээр үе тавигдсан, хоёрдугаар үе тавигдаагүй. Гэтэл хүнд даацын автомашинууд давхихаар зам эвдэрдэг. Ийм учраас тэр замаар явахгүй байх шаардлага тавьж байгаа.
Одоогоор хайрга дайрганы олборлолтыг зогсоосноос бүтээн байгуулалтын ажил зогсоход хүрч байгааг компаниудын зүгээс хэлэх болжээ. Хот, дүүрэг гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд хяналт, шалгалтыг эрчимжүүлж, зориулалтын зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэдгээ хэллээ.
Мөн нэгж компанид хайрга, дайрга олборлох зөвшөөрөл олгохгүй байхаар тогтжээ. Компаниудын ирүүлж байгаа саналд үндэслэж асуудлыг хэрхэн шийдэхэд Хан-Уул дүүргийн удирдлагууд хайрга дайрга олборлогч компаниудын нэгдсэн холбоотой тун удахгүй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.