Туул гол орчимд ногоон байгууламжийг устган барилга барьж байна
2014.04.22

Туул гол орчимд ногоон байгууламжийг устган барилга барьсаар байна

Маршалын гүүр хүртэл Туул голын эргийн бургасыг тайрч хөрсөн дээр нь шороо асган тагтаршуулж барилга барьж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс эхлээд байгаль орчны хуулийг зөрчсөн энэ үйлдлийг зогсоох шаардлагатай байгаа талаар албаныхан зоригтой дуугарч эхэллээ. 1997 оноос хойш Туулын эрэг орчмын газрыг ганцхан компани эзэмшиж байсан төдийгүй тус компани үе үеийн засаг дарга нарын зөвшөөрлөөр талбайн хэмжээгээ нэмж иржээ.

- Туулын эрэг орчимд 1997 онд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий 6 га газрыг Найман нуур компани эзэмшиж байжээ. Тухайн онд "Стандарт групп" компани “Найман нуур” компаний энэ эрхийг шилжүүлэн авснаар өнөөдөр Зайсангийн амнаас Маршалын гүүр хүртэл Туулын эрэг ийм байдалтай болох эхлэл тавигджээ.

- 2007 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар дээрх талбайг 7.7 га газраар нэмэгдүүлж орон сууцны барилга барих 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг бол 2008 онд талбайн хэмжээг 40 мянган метр квадратаар нэмэгдүүлж зарим хэсэгт нь амины орон сууц барих болжээ. Ингэж Туулын эрэг орчмын талбайг бага багаар нэмж авсаар 2010 онд Стандарт групп компани өөр компаниудад талбайн зарим хэсгийн эзэмших эрхээ шилжүүлсэн байна.

- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа одоо орон сууц болон аялал жуулчлалын зориулалтаар барилга бариад байгаа талбайг ногоон бүс байна гэж заасан.  Гэтэл ногоон байгууламжийг устган барилга барих ажил үргэлжилсээр байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

Зайсангийн амнаас Маршалын гүүр хүртэл Туулын эрэг ийм байдалтай болох эхлэл тавигджээ.

"- Хот байгуулалт, төлөвлөлтийн талаасаа зөрчилгүй байгаа юм. Ямар байдал үүсчихээд байна гэхээр ногоон байгууламжуудыг бүгдийг нь устгаад барилгажуулах, үүний үнэлгээ, хохирлыг төлөх зэрэг ажил  хийгдээгүй. Уг нь хуулиараа болохгүй."

- Туулын эрэг орчимд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэг компани нь одоогоор барилгынхаа үйл ажиллагааг  бүрэн дуусгасан гэсэн мэдээлэл байгаа юм. Нийслэлийн байгаль орчны газраас эдгээр газруудад үнэлгээ хийхэд 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсныг тогтоогоод байгаа юм.