Н.Энхтайван: Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсны дараа л худалдааны тэнцэл ашигтай гарах учиртай
Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн дарга Н.Энхтайвантай ярилцлаа.
-“Худалдааны хууль” үгүйгээр бид 20 гаруй жил яваад л ирсэн. Зах зээлийн зарчмаар яваа худалдааг хуулиар зохицуулах шаардлага байна уу?
-Бидний амьдралд өдөр тутам байнга хэрэглэгдэх хууль нь худалдааны тухай хууль гэдэгт эргэлзэхгүй байна. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн хугацаанд гадаад, дотоод худалдааг либералчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж ирсэний дүнд дэлхийн улс орнуудтай хийх худалдааны харилцаа эрчимтэй өргөжин хөгжихийн хэрээр иргэн, хуулийн этгээд гадаад, дотоод худалдааг чөлөөтэй эрхлэх болсон. Энэ нь тодорхой цаг үеийн хувьд улс орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хэрэглээг хангахад эерэг үр дүнг авч ирсэн хэдий ч өнөөдөр нийгмийн өмнө тавигдаж байгаа улс орны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, олон улсын стандартын шаардлагыг анхаарах цаг болсон гэж үзэж байна.
1994 онд худалдааны тухай хууль гаргах шийдвэр төрөөс гаргаж байсан. Түүнээс хойш 20 жил өнгөрөөд байхад хууль гараагүй л байна. Би 2011-2012 онд ГХЯ-нд ГХЭЗХАГ-ын захирлын ажлыг хашиж байх үедээ энэ хуулийг гаргахын төлөө ихээхэн анхаарч ажилласан. Одоо нэг хуультай болох болов уу гэж найдаж байна.
-Хууль зайлшгүй гаргах болсон үндсэн шаардлага, ач холбогдол нь нь юу вэ?
-Дэлхийд худалдааны хуульгүй, бодлогын баримт бичиггүй улс Монголоос өөр байхгүй. Гэтэл Монгол улс хэрэглэгч орон. Бүх зүйлээ худалдаагаар л авдаг. Үйлдвэрлээд бүтээгээд байгаа гавьтай зүйл үндсэндээ байхгүй. Үйлдвэрлэл, худалдаа хоёр ямагт хамт байх учиртай. Өнөөдөр нийгмийн өмнө тавигдаж байгаа улс орны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, олон улсын стандартын шаардлагыг одоо л анхаарахгүй бол бид дэндүү оройтож байна.
-Хуулийн зорилтын талаар танилцуулна уу?
-Энэ хуулиар хамгийн гол нь Барааны худалдаатай холбогдсон харилцааг зохицуулах юм. Үүнтэй уялдан худалдааны бүтэц, төрөл, арга, хэлбэр, худалдаан дахь төрийн зохицуулалт, төрийн бус байгууллагын оролцоо, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлох, худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, энэхүү хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг илүү тодорхой болгож өгнө. Мөн үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, гадаад, дотоод худалдааны үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдана гэж үзэж байна.
-Хууль гараад хэн нэгэн иргэн худалдаа эрхлэх боломж хумигдах нь гэж ойлгож болох уу?
Импортын 25 хувийг дан ганц газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг
-Бид улс орныхоо эрх ашгийг ямарт дээгүүр тавьдаг. Тодорхой шалгуур хангасан нөхцөлд хэн ч худалдаа эрхэлж болно. Ямар нэгэн тоон хязгаарлалт байхгүй гэсэн үг. Тэгэхгүй бол энэ нь эргээд улс орны аюулгүй байдал эдийн засгийн аюулгүй байдал, ялагуяа хүнс, эрүүл мэндийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Өнөөдөр ядаж худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн бүртгэл ч байхгүй байна шүү дээ. Хууль гарснаар бүртгэлээ цэгцлэхээс ажил эхлэх учиртай юм. Хэн худалдаа эрхэлж байна тэр хүн заавал бүртгэгдсэн байх шаардлагтай.
-Тэгэхээр худалдаа хийхэд ямар шалгууруудыг тавьсан байх учиртай вэ?
-Гадаад худалдааг гэхэд хувь хүн хийхгүй, хуулийн этгээд байх учиртай. Мөн гадаад худалдааны гэрээ байгуулсан байх, экспорт, импортын бараа нь олон улсын эсхүл үндэсний чанарын шаардлага хангасан байх, оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх, экспорт, импортын мэдэгдэл, гарал үүслийн болон чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх, хууль тогтоомжид заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авсан байх зэрэг шалгууруудыг тавьна. Мөн стандартын шаардлага хангасан худалдааны газарт бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, стандартын шаардлага хангасан агуулахад барааг хадгалах гэх мэт шаардлага тавигдана.
-Гадаад дотоод худалдаа эрхэлж байгаа хүмүүс ямар үүрэгтэй байдаг юм бэ? Хуульд энэ чиглэлээр заалт орсоно уу?
-Одоо тэдний үүрэг тодорхой бус байгаа. Иймд хуулинд энэ талаар тодорхой заалт оруулж өгсөн. Тухайлбал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, стандартын шаардлага хангасан бараа, үйлчилгээг хэрэглэгчид хүргэх, хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх, үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дэвшилтэт техник, технологи, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх; худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санд бүртгүүлэх зэрэг зааж өгсөн. Үүнээс гаднаХудалдааны хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага тодорхой байх учиртай. Тухайлбал, энэ хуулийн 22.2.5. дахь заалтыг зөрчиж худалдааны цахим санд бүртгүүлээгүй хуулийн этгээдийг 500.0 мянга, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох, энэхүү зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр заасан байх жишээтэй.
-Монгол улсын худалдаа эрхлэгчдийн орчин ямар байна вэ? Бид ер нь эрүүл хүнс, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлөөр хэр хангагдсан бэ?
-Бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал бидний амьралд байнга гардаг. Энэ нь эргээд л худалдаанд тавих хяналт шалгалт муу, хууль байхгүйтэй холбоотой Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар
Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 46 хувь нь зориулалтын бус ажлын байртай
, 40 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг бараа, бүтээгдэхүүнийг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг түргэн үйлчилгээний цэг, чингэлэг, ил задгай талбайд худалдаалж байна. Мөн импортын хүнсний барааны 30 орчим хувь нь эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагад тэнцэхгүй байна. Хувь хүн ганзагаар баталгаагүй хүнс зөөсөөр л байна. Уг нь Монгол улс ДХБ-ын гишүүн орон. Гэтэл энэ байгууллагын хэлэлцээрүүд, дүрэм, журамд нийцүүлэн гадаад худалдаатай холбоотой ойлголт, зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулах, цаашид олон талт чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх нөхцөлд дотооддоо худалдааг хуулийн хүрээнд зохицуулах ажил үндсэндээ огт хийгдэхгүй байна. Энэ асуудлаа хариуцсан яам, агентлагагүй улс чинь арга ч үгүй биздээ
-Манай гадаад худалдаа алдагдалтай гардаг. Шалтгаан нь юу байна вэ?
-Худалдааны бодлого, хууль эрх зүйн орчин байхгүй тохиолдолд худалдаа алдагтай гарсаар л байна. Худалдаа, үйлдвэрлэл хоёр чинь зоосны 2 тал байхгүй юу. Худалдааныхаа бүтцийг өөрчлөхгүйгээр гадаад худалдааны алдагдлыг бууруулж чадахгүй юм. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн 20 жилд алдагдалтай, импорт нь экспортоос давж ирсэн. Өртөг шингэсэн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл маш цөөн байна. Импортын 25 хувийг дан ганц газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг. Бид үндсэндээ ашигт малтмал, мал аж ахуйн гаралтай түүхий эд л экспортлож байна шүү дээ. Өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортлож, импортыг орлох бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг болсны дараа л худалдааны тэнцэл ашигтай гарах учиртай.
-Монгол улсын гадаад, дотоод худалдааны өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлгээ дүгнэлт өгөх вэ?
-Гадаад дотоод худалдааг хөгжүүлэхэд төр засаг үндсэндээ ямар ч үүрэг оролцоогүй байна. Иргэдийн нуруун дээр Монголын эдийн засгийн гол тулгуур болсон салбараа бүрэн үүрүүлсэн. Зөвхөн татвар авах бодлоготой. Дэмжих ямар ч бодлого байхгүй. Худалдаагаа хариуцдаг яамгүй, агентлаггүй. Гадаад худалдааны салбарын хүний нөөцгүй болсон. Худалдааны эрх зүйн орчин байхгүй. Аль нэг улс, зах зээл, бараа, үйлчилгээнээс хэт хараат байдалд орж байгаа. Түүнээс сэргийлэх арга хэмжээ авах чадамжгүй. Гадаад худалдаа алдагдалтай. Дотоодын зах зээлийн тогтворгүй. Дотоод зах зээлээ хангах гадаад худалдааны бодлого байхгүй. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний бараа, үйлчилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл орлого мөнгө олох боломж хязгаарлагдмал. Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааг уялдуулж, худалдааны олон тулгуурт оновчтой бүтэц байхгүй. Яг л ийм л байна.