Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав. Асуулгын хариуг бүрэн эхээр нь үзэх бол бичлэгийг үзнэ үү.
2014.04.28

“Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы  /2014.04.25/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “ 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонслоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 787.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүнг 809.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 557.5 тэрбум төгрөгөөр бууруулсаар байтал жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн дахин 574.3 орчим тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага ба зээлийн дүн 434.4 тэрбум төгрөгөөр, үүнээс хөрөнгийн зардал 307.1 тэрбум төгрөгөөр тасарсан тайлан гарсан байна.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат хэлэхдээ,

“Зарлага, санхүүжилт тасарч байгаа нь хэтэрхий аялдан дагалдсан төсөвтэй холбоотой. Цаашид төсвөө хэзээ эрүүлжүүлж, хэзээ үнэн бодитой батлаад явах юм бэ. Төсөв дээр олон зүйлүүд тусгагдахгүй өнгөрч байгаа. Цаашид энэ олон хэрэгжүүлж байгаа төсөв, хөрөнгө Их хурлаар хэзээ хянагддаг болох асуудал дээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.