Ш.Баярсайхан: Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул гэсэн зарчмаар дотоодын үйлдвэр, худалдааг дэмжих хэрэгтэй
"Номин" холдингийн захирал Ш.Баярсайхан
2014.04.28

Ш.Баярсайхан: Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул гэсэн зарчмаар дотоодын үйлдвэр, худалдааг дэмжих хэрэгтэй

"Номин Холдинг" ХХК-ын Ерөнхийлөгч Ш.Баярсайхантай ярилцлаа.

- Худалдааны томоохон байгууллагыг тэргүүлдэг хүний хувьд та өргөн баригдаад буй Худалдааны тухай хуулийн талаар ямар бодолтой байна вэ?

Энэ хууль бол маш чухал хууль. Ийм хууль гарах нь зөв. Зах зээлийн чөлөөт байдлыг алдагдуулж болохгүй. Харин тэр чөлөөт байдлыг шударга бусаар ашиглах боломжийг л зохицуулах хэрэгтэй. Тиймээс хянах, цагдах заалтуудыг анхаарах хэрэгтэй. Аливаа бараа бүтээгдэхүүн оюуны өмчийн зөрчилгүй байна гэж заасан нь тун зөв. Учир нь оргиналь брэндийн барааг хуулбарлаж ашиг олдог, тухайн брэндийн нэр хүндийг унагадаг, ард түмнийг төөрөгдүүлдэг үүнийг цэгцлэх нь маш зөв.

Дистрибютерын хувьд хэн нэгэн нь албан ёсны гэрээтэй болоогүй тохиолдолд чөлөөтэй байх ёстой. Ингэхгүй бол монополь үүсч, бараа хомсдож, үнэ өсөх аюултай. Тиймээс манай компани албан ёсны гэрээтэй шүү гэдгээ түрүүлж гаальд мэдүүлдэг байх хэрэгтэй. Харин анхны албан ёсны дистрибютер бий болсны дараа хоёр дахь, гурав дахийг нь оруулж ирэх эрх бол цаад брэндийн компаний бодлогын асуудал байх ёстой. Цорын ганц дистрибютер байна гэж зааж болохгүй. Аль болох чөлөөт гэдэг бодлого барих хэрэгтэй. Мөн бөөний худалдаачин жижиглэнгийн худалдаа хийх эрхгүй гэж хориглож болохгүй. Үүний оронд олон гар дамжиж өндөр үнэтэй болдог явдлыг л зохицуулмаар. Гэрээний загвар батлуулах тухай нэг заалт бий. Гэхдээ дэлхийн том брэндүүд өөрийн гэрээний загвартай байдаг. Тиймээс үүнийг манайх өөрсдийн загвараар батлуулна гэх нь практикт байж болох уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

- Худалдааны салбар дахь татварын системийн талаар та юу хэлэх вэ?

-Өнөөдөр өрсөлдөөн маш шударга бус явагдаж байна. Гаалийн мэдүүлгийн төлбөр тэгш бус байна. Жишээ нь яг ижил брэндийн оргиналь, нэг загварын зурагтыг манай компани 445 доллар, нөгөө компани 110 доллар, дахиад өөр нэг нь 24 доллар гэж гааль дээр  мэдүүлээд татвараа төлөөд оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл гааль аль алийг нь хүлээн зөвшөөрөөд татварыг авч байна. Жишиг үнэ байх ёстой. Энэ зураг 400 доллар гэсэн үнэтэй бол хэн хэнээс нь л татварыг адил тооцож авах ёстой.

Дээрээс нь энэ мэдээллүүд нууц юм шиг санагддаг. Хэн ямар бизнес хийж, хэдий хэмжээний татвар төлсөн нь мэдэгддэггүй.  Олон улсад бол худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн заавал бол байж аж ахуй нэгж байгууллагддаг. Үүнтэй Монгол улс МХАҮТ-аар эсвэл татварын байгууллагаараа дамжаад бүгд мэдээллийг нь нээлттэй, ангилж гаргадаг болох хэрэгтэй. Жишээ нь, Fortune сэтгүүлээс 500, Forbes сэтгүүлээс 2000 хот, муж, бизнесийн төрөл гэх мэт олон төрлийн хүчин зүйлсээр нь аж ахуй нэгжүүдийг жагсаадаг. Ингэх нь ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгож өөрийг нь өөрөөр нь татвар төлөлтөд шударга болгож айдаг.

Ер нь бол худал хэлсэн, хулгай хийсэн хүн л мэдээллээ нуудаг.
Худалдаанд хамгийн том дарамт болж буй ямар асуудал байна.

-Хамгийн том асуудал бол шударга бус татвар төлөлт. Хамгийн өндөр татвар нь НӨАТ, дараа нь гаалийн татвар, тэгээд ашгийн татвар. Жилийн орлого нь 10 сая төгрөгөөс доош байх юм бол НӨАТ төлдөггүй. Худалдааны 80 хувь эргэлдэж байгаа Нарантуул захын хэдэн  хувь нь НӨАТ төлж байгааг вэ гэвэл тун эргэлзээтэй. Шударгаар татвараа төлдөг 5000 орчим аж ахуй нэгж л бий. Гэтэл Татварын Ерөнхий Газрын даргын хэлснээр Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 800 мянган хувь хүн, аж ахуй нэгж байдаг. Үүнээс 5000 нь л шударгаар татвараа төлж байна. Энэ  байдал юунаас болж үүсээд байна вэ гэхээр хамгийн том татвар НӨАТ маш ойлгомжгүй, хүндрэлтэй аргачлалаар тооцдог. Яг үнэндээ УИХ-ын гишүүд ч, манай нягтлангууд ч ойлгоход хэцүү. За ойлгосон ч байсан энэ их процесстой байдал нь төлөхгүй байх нь хялбар байдлыг болгодог. Одоо манай компани гэхэд зөвхөн НӨАТ-ыг төлөх гэж 60 нягтланг цалинжуулаад,  ажиллуулж байх жишээтэй.

-Үүнийг яаж шийдэх вэ?

-Үүнийг хамгийн амархан аргаар зохицуулсан улс бол АНУ, Канад байна. Өөрөөр хэлбэл,  гурилын үнийг хямдруулна гэж гурилын компанийг НӨАТ-гүй болгож байна. Энэ нь гурилыг биш худалдаачин, эсвэл үйлдвэрлэгчийн НӨАТ-гүй болгож байна гэсэн үг. Тэгсэнээ гурилыг зарах гэж байгаа худалдааны байгууллагыг НӨАТ-аас чөлөөлдөггүй. Мөн тариачдыг чөлөөлж байгаа. Гэтэл зөвхөн буудайгаар гурилыг үйлдвэрлэхгүй шүү дээ. Өөр бусад орцын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гээд олон зүйл хэрэгтэй. Тэр болгоныхоо НӨАТ-ын падааныг аваад хасалт хийлгэх эрх нь хасагдчихсан. Тэгээд худалдаачнаас НӨАТ-ыг чөлөөлөөгүй юм чинь худалдаачин татварын үнийг гурилд шингээж зарна. Ингэхлээр нөгөө ард түмэнд хямдхан гурил  хүргэх эхний зорилго алга болдог байх жишээтэй.

Дотоодын үйлдвэрлэл хөгжүүлье гэж ярьж байгаа мөртлөө гаднаас автобусын эд анги оруулж ирээд дотооддоо үйлдвэрлэх гэхээр бүх татварыг нь авдаг. Гэтэл Хятадаас автобус оруулж ирэхэд татвар авдаггүй. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэсэн автобусны үнэ өндөр байхаас өөр аргагүй шүү дээ. Ийм нөхцөлд дотоодын үйлдвэрлэлд өрсөлдөх боломж гарахгүй.

Бас нэг гажиг тогтолцоо бий. Малчдаа дэмжих зорилгоор малчдыг малын хөлийн татвараас чөлөөлсөн. Гэтэл ямааныхаа ноолуурыг Хятад руу татваргүй экспортолдог. Эцэст Хятадуудын төлөө малчдаа дэмжээд байгаа юм шиг. Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул гэсэн зарчмаар л дотоодын үйлдвэр, худалдааг дэмжих хэрэгтэй.

- Дотоодын зах зээлээ яаж хамгаалах хэрэгтэй вэ?

 Хамгаалалтын бодлоготой байх хэрэгтэй. Солонгосын хувьд Хьюндэйг 70, 80 онд байгуулах үед дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах хүчтэй бодлого гаргасан. Импортын бараанд 60 хувийн татвар ногдуулдаг болсон. Олон хүн амтай, хөгжиж буй улс руу бүх дэлхий даяараа л машинаа оруулах сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээд ингэж татвараа өсгөчихөөд, та үйлдвэрлэл нээх гэж байгаа бол дотоодын компани 50  хувийг нь эзэмшсэн байх ёстой. Ингэснээр жишээ нь Хьюндэй  компанид гадаадын компаниуд технологио бэлэглэж эхэлсэн. Гэтэл Монголын хувьд автобус импортлоход татвар авахгүй, харин сэлбэг авчраад дотооддоо үйлдвэрлэх гэвэл 10 хувь татвар авдаг. Тэгэхээр импортын бэлэн бүтээгдэхүүний татвар өндөр байх ёстой гэж би хэлэх гээд байна.

- Хөрөнгө оруулагчид сүүлийн үед Монголд хөрөнгө оруулахаас болгоомжилдог болсон. Таны бодлоор хөрөнгө оруулалтын эрүүл орчныг яаж бий болгох вэ?

Улс төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулахад хэцүү болсон. Ер нь барааны үнийг барина гэдэг төрийн хийх ажил биш, зах зээлийн жамаар явах асуудал. Түүний оронд эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгох хэрэгтэй. Таатай нөхцөл, хөшүүрэг байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид аяндаа ороод ирнэ. Төр ард түмний эрх ашгийг хамгаална гээд  дизель түлшний бөөний үнийг 2400, жижиглэнгийн үнийг 1700 болгочихсон. Гэтэл түлшийг их хэмжээгээр хэрэглэдэг тариаланчид, уул уурхайн компаниуд ард түмэн биш юм уу?

- Стандарт шаардлага хангуулах заалтын талаар юу бодож байна?

Стандартын шаардлага хангасан агуулах байна гэдэг бол зөв. Учир нь наранд муудсан, хүйтэнд хөлдсөн хүнсний бараанууд зах дээр зарагддаг. Гэхдээ бас л нөгөө жижиглэн, бөөний асуудлыг зөв тусгах хэрэгтэй.