Я.Содбаатар: Худалдааны хуулийн төсөлд худалдаан дахь төрийн оролцоог хязгаарлахаар заасан
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.04.23

Я.Содбаатар: Худалдааны хуулийн төсөлд худалдаан дахь төрийн оролцоог хязгаарлахаар заасан

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай УИХ-д өргөн бариад буй Худалдааны тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

- Худалдааны хуультай болох цаг нэгэнт ирсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ямар байдлаар хэрэгжүүлэх нь чухал болоод байна? Энэ талаар таны бодлыг сонсъё.

Гадаад, дотоод худалдааг тусгай хуулиар зохицуулах, хөнгөвчлөх, хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх нь нийгмийн шаардлага. Бидний өргөн барьсан Худалдааны тухай хуулийг худалдааны ерөнхий харилцааг зохицуулах зорилготой боловсруулсан. Тодруулбал худалдааны бүтэц, төрөл, арга хэлбэр ямар байх, төр ямар байдлаар зохицуулах, ТББ-ууд хэрхэн оролцох, гадаад, дотоод худалдаанд ямар шаардлага тавих, худалдааны субъектуудын эрх, үүрэг ямар байх, худалдааны бүртгэл, мэдээллийн санг яаж бүрдүүлэх, ажиллуулах, цаашилбал худалдаагаар дамжуулж Монгол улс дотоодын эдийн засгаа яаж хөгжүүлэх зэрэг олон асуудлыг цогцоор нь тусгасан.

2013 барааны импорт

Ер нь Монгол улсын худалдааны салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Худалдааны тухай хуулиас гадна цогц бодлого хэрэгтэй болоод байна. Худалдааны талаар төрөөс баримтлах бодлогыг гаргах ёстой. Худалдааны хуулийг дагуулаад Гэрээ, түрээсийн тухай хууль, Худалдааны хамгаалалтын тухай хууль зэргийг гаргах шаардлагатай. Худалдааны салбарын эрх зүйн зохицуулалтгүй учир Дэлхийн худалдааны байгууллагатай хийсэн хоёр талын болон олон талт гэрээ, хэлэлцээнд хүлээсэн үүргээ бид дутуу биелүүлсээр ирсэн. Хэрэв асуудлаа шийдчихвэл бид бусад орноос, ялангуяа хоёр хөршөөсөө худалдааны давуу нөхцлүүдийг авна. Түүнчлэн чөлөөт худалдаа, тарифын болон тарифын бус хэлэлцээрийн хүрээнд хэрэгждэг Гаалийн тарифын тухай хууль, Стандартын тухай хуулинд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэсний эцэст Монгол Улс худалдааны цогц бодлоготой болно.

- Худалдааны хууль ямар үр өгөөж авчрах талаар тодруулж ярихгүй юу?

Хууль маань есөн бүлэг, 29 зүйлтэй. Хууль гарснаар нийгэм, эдийн засгийн хувьд дараах ашиг тусыг авчирна. Нэгдүгээрт худалдааны тухай нэр томъёо, бүтэц, төрөл, явуулах арга хэлбэр ойлгомжтой болно. Хоёрдугаарт худалдаан дахь төрийн зохицуулалтыг нэг мөр болгоно. Өөрөөр хэлбэл төрийн оролцоог хазаарлана гэсэн үг. Эсрэг тохиолдолд дурын улс төрч, улс төрийн хүчин үнэ зохицуулах нэртэй үнийн бодлого руу ордог, эсвэл аль нэг бизнесийн салбарт төрийн нэрийг барьж төрийн өмчит компани байгуулдаг, худалдааны эрүүл харилцаанд саад болдог явдал зогсохгүй.

Гуравдугаарт хууль гарснаар худалдааны бүртгэл, мэдээллийн сан бий болно. Мэдээлэл ил тод биш учраас далд эдийн засаг цэцэглэж байна. Худалдааны хяналт хариуцлагын тогтолцоо бүрдэнэ. Өнөөдөр хүссэн болгон нь худалдаа эрхлээд санамсаргүй алдаа гаргасан тохиолдолд зөвхөн хэрэглэгч хохироод үлдэж байна. Тиймээс зах зээл дээр нэгэнт гарсан чанар, стандартын шаардлага хангаагүй барааг татаж авах, эзэнд нь хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хуулиар зохицуулна. Түүнчлэн гадаад худалдааг хамгаалах заалтууд орсон.

- Тодруулбал?

Тухайлбал импортоор оруулж буй барааны үнэ нь экспортлогч орны ердийн зах зээлийн үнээс хэт доогуур орж ирээд монголын зах зээл дээр  дэмпингийн бодлого явагддаг. Эсвэл Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын эсрэг худалдааны ялгавартай хориг, хязгаарлалт хийгдэх тохиолдлууд гарч ирдэг. Энэ үед хийх хариу арга хэмжээ гэж байдаг. Үүнийг бид үндэсний эрх зүйн зохицуулалтаар хэрхэн тусгах ёстой юм. Магадгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээнд Монгол улсад худалдааны хориг тавибал яах вэ? Хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд, манай гадаад валютын дансан дээр хориг тавибал яах вэ. Бид саяхан мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдож, хар дансанд орчих шахлаа шүү дээ. Түүнийг дагаад гарах үр дагавар дээр худалдааны ямар бодлого барих юм?

2013 оны экспортын бүтэц

Нэг ёсондоо гадаад худалдааны хамгаалалтын ситемийг бид яаж хийх юм. Нөгөө талдаа энэ хуулийг дагаж гарч ирэх Стандартын хууль, Гаалийн тарифийн хуульд бид үндэсний эдийн засгийн бодлого хамгаалах тарифын болон тарифын бус зохицуулалтуудыг яаж хийх юм. Бид олон жил ярьж байгаа. Ноолуурын зах зээлд хүүгүй зээл авсан Хятадын  худалдан авагч нар Монголын зах зээл дээр гараад ирдэг. Энэ нь үндэсний компаниудад маш хүнд цохилт болдог. Одоо барилгын салбарт Монголчууд өөрсдөө барилгын хөөс, хөнгөн блокныхоо хэрэгцээг хангах замаар хуримтлалаа оруулж эхэлж байна. Гэтэл гадны нэг компани хямдхан материал оруулж ирээд зах зээлийг нь эзэлчихвэл яах вэ? Энэ мэт асуудал бүх салбарт хамаатай бөгөөд бид зөвхөн гаалийн тарифийн болон тарифийн бус зохицуулалтаар зохицуулж чадна. Ингэж дотоодын эдийн засгаа хамгаална.

- Бид олон жил ганзагын наймаагаар амьдарч ирсэн. Тиймээс Худалдааны хууль чөлөөт худалдааг боомилох вий гэсэн болгоомжлол хүмүүст байна. Уг асуудлыг хуулинд хэрхэн тусгав?

Сүүлийн жилүүдэд худалдааны гэрээгүй, ганзагын наймаа хийдэг хүн цөөрсөн. Мэргэшсэн худалдааны байгууллагууд гарч ирсэн.

Хоёр гүрний хооронд оршдог, далайд гарцгүй Монгол Улсын хувьд худалдааны нарийн бодлоготой байх хэрэгтэй. Ингэхдээ худалдааг зах зээлийнх нь жамаар, нээлттэй хөгжүүлэх талыг баримтлах ёстой. Гэхдээ худалдааны субъектуудын нөгөө талд хэрэглэгч байдаг учраас нээлттэй байх нэрээр бүх зүйлийг задгай, тодорхойгүй байлгах нь эрсдэлд оруулдаг. 2013 онд баталсан Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар хүнсний салбарт худалдаа хийж буй байгууллага зөвхөн аж ахуй нэгжээр дамжуулж, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар заасан. Энэ зарчмаар далд эдийн засгийг хумих, эдийн засгийн харилцааг хариуцлагажуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, ямар ч бараа бүтээгдэхүүнийг аж ахуй нэгжээр, олон улсын гэрээ, хэлэлцээний хүрээнд оруулж ирэх зарчим руу шилжих цаг болсон.

Монголд хүнсний зориулалтын нэг ч вагон, нэг ч онгоц байхгүй гээд бод доо.

Гэхдээ таны хэлдгээр уг зарчим амьдралд хэрэгжээд эхэлвэл худалдаа эрхэлдэг зарим субъектуудын хувьд хүндрэлтэй болно. Тиймээс бид хуулиндаа зарим асуудлыг тусгайлан зохицуулсан. Тухайлбал хил орчмын худалдааг асуудал тусгай бүлгээр зохицуулна. Хил орчмоор амьдардаг Монгол Улсын иргэд хилийн боомт нээгдэх үеэр хил орчмын худалдаа хийж болно. Өөрөөр хэлбэл ямааныхаа ноолуурыг хил гаргаж зараад өрхийн хэрэгцээгээ хангах хүн аж ахуй нэгж байгуулах шаардлагагүй.

- Өнөөдөр Монголын худалдааны салбарт ямар эрсдлүүд байна вэ?

Хадгалах, тээвэрлэх, жижиглэнгээр бараа худалдах үед эрсдэл гардаг. Монголд хүнсний зориулалтын нэг ч вагон, нэг ч онгоц байхгүй гээд бод доо. Үүнээс болж хадгалалтын горим алдагдаж зарим хүнсний бүтээгдэхүүн муудчихаад орж ирдэг. Зах дээр төмөр контейнерт зарагдаж буй хүнсний барааг зөв хадгалсан гэж хэлэхэд тун хэцүү. Томоохон аж ахуй нэгж, сүлжээ дэлгүүрүүдийн хувьд энэ чиглэлээр шинэ технологиуд нэвтрүүлж байгаа.

Албан бус судалгаагаар манай улсад жилд 10 орчим мянган хүн шууд худалдаа идэвхтэй оролцож, 100 мянга гаруй хүн хамрагддаг гэсэн тооцоо гарчээ.

Түүнээс гадна манайх гадаадын зах зээлээс ямар ч худалдааны гэрээгүй бараа татдаг учир асуудал гарсан тохиолдолд эргээд нийлүүлэгч талтай хариуцлага тооцох боломж байхгүй. Тухайлбал Монголд гаргасан тооцоогоор манайх өргөн хэрэглээний барааны 60-70 хувийг Хятадаас авдаг. Гэтэл Хятадад гарсан албан ёсны тооцоогоор бол Монгол улс бараг бараа аваагүй болж таардаг.

- Одоогоор худалдааны асуудлыг төрийн ямар байгууллагууд хариуцаж байгаа вэ?

Шинэ Засгийн Газар гарч ирээд худалдааг тараагаад хаячихсан. Гадаад худалдааг нэг яаманд, хөрөнгө оруулалтыг өөр яаманд, дотоод худалдааг нэг яаманд, тарифын бодлогыг бас нэг яаманд гэх зэргээр хэд хэдэн яамны дунд өгчихсөн учраас худалдааны нэгдсэн бодлого алга. Бодлого байхгүйн улмаас жижиглэн болон хүнсний худалдаанаас гадна манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болдог уул уурхайн бүтээгдэхүүний худалдаан дээр маш их алдагдал хүлээдэг. Жил болгон гадаад худалдаа алдагдалтай гардаг. Хэрэв худалдааны нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалттай болчихвол олон улсын худалдааны интеграцичлалд орох боломж нээгдэнэ. Түүнчлэн олон улстай чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээ байгуулах бололцоо бүрдэнэ.

- Тодруулбал ямар боломжууд байж болох вэ?

2004 оноос хойш Монгол улс томоохон худалдааны түнш орнууд болох ОХУ, БНХАУ, Европын холбоо, АНУ зэрэг улсуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны гэрээ, хэлцэлүүд байгуулсан. Энэ хүрээнд тодорхой хөнгөлөлтүүдийг эдэлж байсан. Тухайлбал 2005 оноос эхлээд Европын холбоотой 7200 нэр төрлийн бараанд GSP+ худалдааны хөнгөлөлтийг авч байхаар болсон. Энэ нь Ази тивээс хоёрхон улсад байдгийн нэг нь Монгол. Мөн ОХУ, БНХАУ-тай худалдааны дунд хугацааны гэрээ хэлэлцээрээ байгуулчихсан байгаа. Япон, АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах яриа хэлцэл эхэлсэн. Тухайлбал, АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээрийн эхний үе шат болох Ил тод байдлын хэлэлцээр батлагдах гээд УИХ дээр орж ирж байна. Энэ хэлэлцээр батлагдчихвал АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах дараагийн шат руу орох учиртай. Ингээд АНУ-ын зах зээл дээр худалдааны хөнгөлөлт авч чадах юм бол Монголын эдийн засагт дахиад олон боломжууд гарч ирнэ. 

ЭЗХ-ийн яамнаас боловсруулсан Худалдааны хуулийн төсөл

Манайх 1990 оны дунд үеэс АНУ-тай оёмол бүтээгдэхүүний салбарт 10 жилийн татварын хөнгөлөлт авсан. Үүний үр дүнд 2000 оны эх хүртэл маш олон оёдлын үйлдвэр, ажлын байр бий болгож байсныг та бүхэн санаж байгаа байх.

Гэтэл энэ бол ганцхан оёмол бүтээгдэхүүн дээр л авч байсан хөнгөлөлт, Хэрэв энэ чөлөөт худалдааны гэрээг байгуулж бүх эдийн засгийн салбар дээрээ хөнгөлөлт авч чадах юм бол маш том боломж гарна. Магадгүй манай улсаар дамжаад Азийн бусад улсууд АНУ-ын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргаж болно. Томоохон үйлдвэрлэлүүд, гэрээ хэлэлцээ хийгдэх боломжууд нээгдэх юм.

Ер нь худалдаа гэдгийг зах дээр наймаа хийх гэж ойлгож болохгүй ш дээ. Худалдаа гэдэг зөв бодлоготой байвал худалдаа нь үйлдвэрлэлээс гадна эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг болдог.

- Сүүлийн үед гадаад худалдааны алдагдал багаслаа гээд байгаа.  Та үүн дээр юу хэлэх  вэ?

Манайд гадаад худалдаа нэмэх гарч байсан тохиолдол бий. Гэхдээ энэ удаад алдагдал бага гарч байгаа нь нийт хэмжээ багассантай холбоотой гарч ирсэн эффект. 2013 оны өмнөх гурван жилтэй харьцуулбал нийт эдийн засгийн хэмжээ өөрөө багасчихсан. Манайх 90 оноос хойш эдийн засаг дандаа тэлэлттэй явж ирсэн. Харин 2013 оноос эхлэн импорт, экспортын аль аль нь хумигдсан. Ингэхээр гадаад худалдааны алдагдал бага харагдаж байгаагаар жижиг улс төрч хийх хэрэггүй л дээ.

Хэрэв гадаад худалдааны алдагдлаа багасгая гэвэл экспорт, импортынхоо нийт хэмжээг хэрхэн нэмэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Бид гадаадаас авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хэрхэн буруулж, хэмнэлтийн горимд шилжих вэ гэдгийг бодох хэрэгтэй. Манай валютыг гадагш урсгадаг нэг том урсгал бол нефть, нефтийн бүтээгдэхүүний импорт. Эдийн засаг тэлэхийн хирээр нефть шатахууны хэрэглээ огцом өссөн. Тиймээс нефть шатахууны хэрэглээг багасгах чиглэлээр хэмнэлтийн горимд шилжих бодлого барих хэрэгтэй. Шатахуун бага хэрэглэдэг машин техникийг дэмжих, өөр бусад олон бодлогыг гаргах хэрэгтэй.

Тухайлбал хот хоорондын тээврийг аваад үзье. Засмал зам хүрсэн үзүүр болгон дээрээсээ Улаанбаатар руу том оврын автобус явуулдаг, жижиг оврын микро, пургон, УАЗ явуулахаа больчих ёстой. Монгол улс жилдээ 8000 тонн шатахуун хэмнэх тооцоо бий. Баруун аймгийнхан Арвайхээр дээр хүнээ буулгаад буцдаг, тэндээс нааш нь том оврын автобус зөөнө гэсэн үг л дээ. Нэг пургон, том оврын автобус хоёрын 100 км хэрэглэх шатахууны хэмжээ ижил. Тэгтэл нэг пургон 10 гаруй хүн тээвэрлэнэ, харин дөрвөн пургоноор тээвэрлэх хүнийг нэг том оврын автобус тээвэрлэнэ. Тэр автобус 400 км-д 80 литер шатахуунаар явна, гэтэл наашаа дөрвөн пургон явахад 360 литер шатахуун хэрэглэнэ гэсэн үг юм. Ингэснээр шатахуун хэмнээд зогсохгүй, замын ачаалал, осол буурах гээд олон талын ашигтай.

- Хуулийн төсөлд хариуцлагын механизмыг хэрхэн тусгасан бэ?

Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиудын хариуцлагын зохицуулалт амьдралд нийцэхгүй, цочроо өгөхөөргүй байна. Олон улсын жишгийг хархад хүний ажил, амьдралд цочроо өгөх хэмжээнд хариуцлагыг тооцож байж тухайн хүн хариуцлагаа ухамсарладаг, дахиж тэр хуулийг зөрчихгүйн төлөө мэрийдэг. Энэ хуулийн төсөлд дээд тал нь 10 сая хүртэл торгох, тодорхой зөрчлийг давтаж үйлдээд байх юм бол хоёр жил хүртэл хугацаагаар энэ төрлийн бизнес эрхлэх эрхийг нь хасах гэсэн хариуцлагын заалтууд бий. Энэ нь өмнөх гарч байсан бусад хуулиудыг бодвол арай өндөр хэмжээтэй. Гэхдээ л хэдэн 100 сая, тэрбумын бизнес хийж байгаа хүнд энэ нь цочироо өгөх үү, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй.

- Энэ хуулийн төсөл УИХ-ын энэ Хаврын чуулгаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орчихсон байгаа. Хуулийн төслийг хир чамбай болсон гэж та үзэж байна вэ?

Би 2006 онд Үйлдвэр худалдааны Дэд сайд байх үед Засгийн газраас байгуулсан Монгол улсын худалдааны тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тухайн үедээ энэ хуулийн төсөл хэд хэдэн парламент дамжиж хэлэлцэгдэлгүй хойшилсоор ирсэн. Тиймээс энэ төсөл нь сүүлийн хэдэн жил худалдааны салбарт яригдаж буй асуудлуудыг хуульчилж, томъёолж чадсан гэж үзэж байгаа. Мэдээж АН, Засгийн газраас  өөрсдийн байр сууриа илэрхийлсэн өөр хуулийн төсөл өргөн барьж магадгүй. Тэгээсэй ч гэж бодож байгаа. Гол нь Монголын эдийн засаг, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан, бизнес эрхлэгч нарт таатай боломжийг олгосон хууль гараасай гэж хүсч байна.