Бодит үнийг тогтоох хамгаас чухал
“Монголын эдийн засгийн форум 2013” чуулган төрийн ордоны их танхимд болж байгаа. Уг чуулганаар “Монгол брэнд” бий болгох хэлэлцүүлэгт хувийн хэвшилийнхэн олон сонирхолтой саналыг дэвшүүлж байлаа.
“Монгол брэнд ба боломж” хэлэлцүүлэгт саналаа илэрхийлсэн “Exclusive” компаний захирал Г.Майцэцэг бодит үнийг бий болгох хамгийн чухал гэдгийг ярьж байлаа.
- Танай компани яагаад гадаад нэр өгсөн юм бэ?
Аливаа бизнест нэр өгнө гэдэг маш чухал монгол нэр өгөхөөр хүмүүсийн дунд монгол бүтээгдэхүүн муу, чанаргүй, загваргүй гэдэг хандлага үүсцэн байсан. Тиймээс гадаад нэр өгөхөд хүний харах өнцөг хүртэл өөрчлөгддөг юм байна лээ. Хэдэн жилийн дараа энэ бол Монгол брэнд гэхэд Монголчууд чаддаг болжээ гэдгийг харсан.
- Энэ удаагийн эдийн засгийн форумд таны тавьж байгаа санал
Дэлхийн брэндтэй өрсөлдөж чадах брэнд бий болгох талаар форумд яригдаж байна. Би дан ганц салбараар брэнд болохгүй салбар дэлгүүр болох эрсдэлтэй гэдгийг хэлмээр байгаа. Тиймээс олон салбарыг нэгтгэж хөгжүүлбэл илүү өргөн хүрээг хамрана гэж үзэж байгаа. Дэлхийн томоохон бизнесийнхэн урд, хойд хөршид бизнесээ өргөжүүлэхийг хүсч байна. Энэ боломжийг бид алдах ёсгүй.
- Дэлхийн брэндтэй өрсөлдөх туршлага, боловсон хүчин, чадвар хэр байна.
Найман жил Польшд оёдолын үйлдвэр байгуулаад туршлага судалсан. Энэ хугацаанд аль ч зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин манайд байгаа. Жишээлбэл: бид дэлхийн загварыг мэдэрдэг болохоор урт хөршийн томоохон үйлдвэрүүд манайхаар дизайнаа зуруулж, өнгөний зохицолоо сонгуулдаг. Брэнд нь цаг хугацаа хэмнэсэн, нэг дороос цогц загварыг авах, материалын чанарыг агуулдаг. Үүнийг нэг дор хийх боломж байгаа ч дотоодынхоо хувцасны хэрэглээг хангаж чадахгүй байна.
Ямарч бүтээгдэхүүнд орц маш чухал. “Zara” үнэтэй байдаг нь материал шүү дээ. Материалаа өөрсдөө үйлдвэрлээд эсвэл чанартай материал аваад хувцас хийхэд “Zara” брэндийн хувцасны үнээс хэд дахин хямд бас загварлаг хувцас өмсөх боломжтой. Энэ бол бодит үнэ юм.
Нэг бол гадны том брэндүүд хэд дахин нугалсан үнэтэй, нэг бол хятадаас хямд хэрнээ чанаргүй бараа орж ирсээр байна.
- Тэгэхээр бид чанартай, загварлаг хувцас өмсөхийн тулд одоо юу хийх хэрэгтэй байна бэ?
Бид төрөөс дэмжлэг авахгүйгээр хөдөлмөрлөөд хэдэн жилийн дараа амжилтанд хүрч чадна. Гэхдээ хөрөнгөөр дэмжээд өгвөл цаг хугацааг хэмнэх боломжтой. Одоогоор Европын томоохон даавууны компаниуд их хэмжээгээр материалаа гаргадаг учир бидэнд тэр бүр олдохгүй байна. Ачуулж байгаа даавуунаас гуйж байж ганц хоёр боодлоор нь авдаг. Манайд үйлчилгээ эрхэлж байгаа оёдолын газрууд ихэнх нь зах дээр байгаа хятадын материалыг нь хэрэглэж байна. Гэтэл материал гэдэг хамгийн чухал түүхий эд байдаг. Тоног төхөөрөмж бол манайд асуудал биш. Гадны томоохон үйлдвэр олон төрлийн төхөөрөмж дээр ажилдаг бол манайд ганцхан шулуун оёдолоор бүгдийг оёх чадвартай боловсон хүчин байгаа. Хөнгөн зөөлөн оёдол бусад салбараа бодвол хөрөнгө оруулалт бага шаардагддаг хурдан эргэн төлөгддөг юм.