Монголчууд баяжиж байна
.Уул уурхай Улаанбаатарыг ихээхэн өөрчилжээ. Хэдхэн жилийн өмнө нийслэлийнх нь төв талбайгаас жаргаж буй нарны туяаг түвэггүй харж болдог байв. Тэгвэл өдгөө өндөр барилгууд эгнэж, хоногийн 300 ам.долларын үнэтэй 20 гаруй зочид буудал бий болжээ. Улаанбаатарын хөгжил шинээр баригдсан барилгуудын шил толь шиг гялалзан байна.
Британийн хувийн сургууль, “Burberry”, “Emporio Armani”-гийн дэлгүүр үүдээ нээжээ. “Хэрэв уул уурхайн нөөц баялгаа илрүүлээгүй байсан бол Улаанбаатарын хөгжил өдгөө яг л 50 жилийн өмнөх шиг байх байсан” хэмээн нэгэн эдийн засагч хэлсэн нь үнэн байх. “Хүн бүр уул уурхайн баялаг өөрсдийг нь баяжуулна хэмээн итгэж байгаа” гэж “Сант Марал” судалгааны төвийн захирал Л.Сумати ярьсан.
Тэдний хийсэн судалгаагаар монголчуудын 96 хувь нь улс орноо авлигад идэгдсэн хэмээн итгэдэг бөгөөд тэдгээрийн 80 хувь олигархуудад бүх эрх мэдэл очсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг аж. “Монгол Улс салаа замын өмнө байна” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн эдийн засагч Саураб Сина хэлэв. “Засгийн газар нь иргэдээ баяжуулж чадна, эсвэл өөрсдийгөө баяжуулж, Нигерийн алдааг давтана. 26 настай Нямдэлэг өнгөрсөн жилийг хүртэл сарын 500 мянган төгрөгийн цалинтай буудлын үйлчлэгчийн ажил хийж байгаад уул уурхай руу урваж, нэгэн компанид сая төгрөгийн цалинтай аюулгүй ажиллагааны зааварлагчийн ажилд оржээ. Өдгөө түүний цалин сарын 1.5 сая төгрөг болж өссөн гэнэ. “Зөвхөн уул уурхайн салбарт л өндөр цалинтай ажил бий” хэмээн тэр хэлсэн.