Г.Баттүшиг: Дэлхий даяаршиж байгаа ч дотоод зах зээлээ хамгаалах нь зайлшгүй
"Түшиг" группын захирал Г.Баттүшигтэй ярилцлаа.
- Одоо өргөн баригдаад буй худалдааны хуулийн талаарх таны бодлыг сонсъё?
Худалдааны хууль бол зайлшгүй хэрэгтэй бөгөөд асуудлын маш өргөн хүрээг хамарсан хэцүү хууль. Хэр баргийн хүн барьж аваад боловсруулахааргүй уг хуулийг Я.Содбаатар нарын дөрвөн гишүүн зориг гарган санаачилсныг бизнес эрхлэгчийн хувьд дэмжиж байгаа. Бид алхам тутамд худалдаа хийдэг. Тиймээс энэ асар өргөн хүрээтэй, мөн олон хувь хүн, байгууллагын хувь заяаг шийдэх хуулийг нарийн боловсруулж гаргах хэрэгтэй. Гэхдээ засч залруулах, хэлэх санаа байна.
Угтаа гадагшаа гарч буй бараа, гаднаас авч буй барааны шинж чанар ялгаатай зохицуулалт шаарддаг. Тиймээс дотоодын Жижиглэнгийн болон Бөөний худалдааны хууль, Импортын тухай, Экспортын тухай хууль гэж тус тусдаа дөрвөн төрлийн хуулиар зохицуулах ёстой өргөн асуудал.
Худалдааны хууль гэдэг бол чөлөөт зах зээлийн үндсэн хууль.
Нэр томъёоны хувьд бид ганцхан “худалдаа” гэсэн үгээр бүгдийг ойлгодог. Гэтэл жижиглэнгийн худалдаа гэхээр “retail”, бөөний худалдаа гэвэл “whole sale”, харин улс хоорондох экспорт, импортын асуудал гэвэл “trade” гэх зэргээр тус тусдаа ойлголтууд байдаг. Дотооддоо бол борлуулалт буюу sells болдог. Тэгэхээр “худалдаа” гэдэг үгээр бүгдийг тодорхойлох боломжгүй. Үнэндээ дээрх дөрвөн чиглэл тус тусдаа бодлоготой байх ёстой.
Түүнээс гадна бөөний худалдаа хийдэг газар жижиглэнгийн худалдаа эрхэлж болохгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа барааг зургаагаас доош ширхэгээр бөөний цэг дээр зарвал байцаагч ирээд торгоно гэсэн үг. Үүнийг хуулийг хэлэлцэх үед анхаарах хэрэгтэй.
- Тэгвэл ямар байдлаар чанартай хууль гаргах вэ?
Худалдааны хууль гэдэг бол чөлөөт зах зээлийн үндсэн хууль буюу малгай хууль. Худалдаа аж үйлдвэрийн танхим идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн чиглэл бүрийн компаниас санал авч, няхуур хэлэлцэж батлах хэрэгтэй.
- Таны бодлоор ддистрибьютерын үйл ажиллагаанд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?
Уг хуульд дистрибьютер компанитай нэг брендийг зөвхөн нэг компани оруулж ирэх эрхтэй байхаар туссан байна лээ. Өөрөөр хэлбэл НР принтерыг зөвхөн РС Маll зараад бусад компани зарах эрхгүй болно гэсэн үг. Гэтэл энэ нь нөгөө монополийг бий болгох аюултай байна. Төр өөрөө монополийн эсрэг явуулдаг тусгай бодлоготой шүү дээ. Ижил барааг олон газарт зарж байж өрсөлдөөн бий болдог.
Түүнээс гадна бараагаа экспортолдог гадны брендүүд өөрийн гэсэн дистрибуютерын бодлоготой. Тухайн бренд ямар компанийг, хэдэн компанийг сонгож дистрибуютерээр ажиллуулахаа өөрсдөө сонгодог. Зах зээл жижигхэн бол дистрибуютерийн тоогоо цөөлж, том бол олшруулах эрхтэй.
- Гадаад худалдааны тухайд та юу хэлэх вэ?
Гадныхан манай хууль тогтоомжийн тодорхойгүй байдлыг далимдуулж баахан бараа оруулж ирдэг. Монголчууд ч гадны бараа сайн, Монголын бараа чанаргүй гэсэн сонин хандлагатай. Гэтэл гаднаас ирсэн бараан дээр стандарт, аюулгүй байдлын асуудал гарахад эргээд хариуцлага тооцох механизм байхгүй.
Бид худалдааны чиглэлээр бусдаас хол хоцорсон. Хилийн цаахан Эрээн хот хөгжөөд байхад хилийн наад талд хөгжил байхгүй. Энэ нь манай хууль эрх зүйн орчин тодорхойгүйгээс гадна бид хоёр хөрштэйгөө наймаа хийж сураагүй гэдгийг харуулж байна. Монгол улс дөнгөж экспорт, импорт хийж сурч байна.
Төр хууль баталж буй нэрээр крантыг хааж, нээдэг зарчмаар ажиллаж болохгүй. Юун түрүүнд зах зээл маань чөлөөтэй, жамаараа хөгжих бололцоо байх хэрэгтэй. Гэхдээ чөлөөтэй байна гэдэг замбараагүй байна гэсэн үг биш. Дэлхий даяаршиж байна гэж ярьж буй боловч дотоодын зах зээлээ хамгаалах нь зайлшгүй болж байна. Энд төр жинхэнэ бодлогоо гаргах ёстой.