Сайд Л.Болд Эстоний парламентын даргатай уулзав
Сайд Л.Болд Эстоний парламентын даргатай уулзав
2014.05.01

Сайд Л.Болд Эстоний парламентын даргатай уулзав

Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хуралд оролцож, тус улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Эстоний Парламентын Ерөнхийлөгч Ейки Нестор-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Е.Нестор Эстонид зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал нь интернет мэдээллийг нээлттэй, чөлөөтэй, аюулгүй ашиглах талаар гадаадын олон орны зочин төлөөлөгчид хэлэлцсэн олон улсын чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, дараагийн ээлжит 5 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонд баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Эстоний тал дээрх бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахад өөрсдийн туршлагаас хуваалцах, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдоос мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Хоёр тал Монгол, Эстоний харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч идэвхжүүлэн хөгжүүлэх, Европын Холбооны хүрээнд хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал цахим засаглал, занар боловсруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Хоёр улсын Парламентэд Монгол-Эстони, Эстони-Монголын Парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд УИХ дахь Монгол-Эстоний Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогт, Эстоний Парламент дэх Эстони-Монголын Парламентын бүлгийн даргаар Эстоний Парламентын гишүүн Маргус Цахна ажиллаж байна.   

Е.Нестор Эстонид зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал нь интернет мэдээллийг нээлттэй, чөлөөтэй, аюулгүй ашиглах талаар гадаадын олон орны зочин төлөөлөгчид хэлэлцсэн олон улсын чухал арга хэмжээ болсныг тэмдэглэв

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Эстоний Мэдээлэл, холбооны технологийн Танилцуулах төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Эстонид цахим засаглал өндөр хөгжиж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний салбар, иргэдийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэж байна.

Тухайлбал, Эстоний сургууль, засгийн газрын байгууллагууд 100 хувь, хувийн компаниудын 95 хувь компьютерээр хангагдсан. Эстонид Парламентын болон орон нутгийн сонгуулийг интернетээр явуулдаг, шинээр төрсөн хүүхдэд албан ёсны цахим хаяг нээдэг байна. Мөн цахим иргэний үнэмлэх, цахим эрүүл мэндийн систем, цахим цагдаагийн систем зэрэг олон салбарт цахим засаглалыг амжилттай хэрэгжүүлжээ. Эстонид татвар хураалт, татварын буцаалтын дийлэнх хувийг цахим хэлбэрээр гүйцэтгэдэг байна.