Итгэлцлийн хүчээр хамтдаа хөгжинө
Итгэлцлийн хүчээр хамтдаа хөгжинө
2014.04.30

Итгэлцлийн хүчээр хамтдаа хөгжинө

Дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа том гүрнүүдийн нэг БНХАУ өнөөдөр улстөр, эдийн засаг, нийгмийн бүхий л чиглэлд нээлттэй бодлого баримтлахыг эрхэмлэж байна. Ази тив, тэр дотроо Зүүн хойд Азийн эдийн засаг, хөгжлийн асуудалд томоохон байр суурийг эзэлж байгаагийн хувьд тэд тивийн хөгжилд анхаарч, хөршүүдтэйгээ хамтран хөгжихийг чухалчилж байгаа ажээ. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Шадар сайд, Хятад-Монголын хамтын ажиллагааны Монгол талын комиссын дарга, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын энэ сарын 23-27-ны өдрүүдэд урд хөршид хийсэн айлчлал юм.

Бүх Хятадын Улс төрийн зөвлөлийн үндэсний хорооны дэд дарга, ХКН- ын Төв хорооны Гадаад харилцааны сайд Ван Зяруйтай уулзаж, ХКН- ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхсан тэрхүү уулзалтыг хоёр улсын харилцаанд ихээхэн ач холбогдолтой болохыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Энэ онд Монгол Улс-БНХАУ- ын хооронд, дипломат харилцаа тогтоосны 65, “Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа юм. Түүхт ойг угтан 2014 оныг “Монгол- Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан.

Энэ хүрээнд БНХАУ-ын дарга Си  Зинь  Пиний манай улсад хийх албан ёсны айлчлалын өмнө Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын хамтын ажиллагааны Монгол талын комиссын дарга, МАХН- ын дэд дарга Д.Тэрбишдагва ХКН-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн нь энэ юм. Айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны өнгөрсөн хугацаан дахь ололт амжилтыг нэгтгэн дүгнэв. Эдийн засаг, бизнесийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийн хувьд, шийдвэр гаргах, засаглах төвшинд нөлөө бүхий намуудын хувьд МАХН болон ХКН нь хамтын ажиллагааг хөгжҮүлэх талаар ярив. БНХАУ- ын хувьд манай эдийн засаг, бизнесийн салбарт хөрөнгө оруулах боломжтой, харин харилцан итгэлцлийг сайжруулах нь чухал байгааг онцолсон. Манай улсын зүгээс хөрөнгө оруулалтыг шаардлагатай зүйлд зөв оновчтой зарцуулах хэрэгтэйг Шадар сайд уулзалтын үеэр тэмдэглэв.

Сань Юань үйлдвэр сүүний чиглэлийн 60 мянга гаруй тарлан үнээний фермтэй

Өмнөд хөршийн бодлого ил тод, тэр хэрээр нарийн нягт байна гэж болох юм. Учир нь манай улстай адил тус улсын бодлого дөрвөн жил тутам өөрчлөгддөггүй, төр нь ч тогтвортой байж ирсэнтэй холбоотой гэж уулзсан хүмүүс ярьсан. Манайд нөхцөл байдал ийм байгаа учраас тэд хоёр улсын харилцаанд итгэлцэл чухал болохыг онцоля байгаа нь илт. Энэ нь хоёр улсыг харилцааны тухайд хэлсэн ХКН-ыг Төв Хорооны Гадаад харилцааны сайд Ван Зяруйн үгнээс анзаарагдав Тэрээр уулзалтын үеэр хоёр улс стратегийн түншлэлтэй улс орны хувьд юуны өмнө ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг анхаарсан  хөгжлийн бодлого баримтлах ёстой гэв.

Энэ үүднээс шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн жил БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр стратегийн дунд, урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан нь түүхэн ач холбогдолтойг дурдлаа. Түүний үзэж байгаагаар Монгол Улс байгалийн нөөц ихтэй орны хувьд түүгээрээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард түмнийхээ амьдралыг сайжруулах сайн талтай. Нөгөө талаас БНХАУ- ын зүгээс хөрөнгө оруулалтаар дэмжих бүтэн боломжтой. Энэ талын дэмжлэг, туслалцаа бий гэдгийг онцолж байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ тууштай харилцааг эрхэмлэж байгаагаа шуудхан илэрхийлж байна. Өмнөд хөрш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замналыг хүндэлдэг. Үүнийгээ олон улсын тавцанд хүлээн зөвшөөрсөн.

Тиймээс БНХАУ нь Монгол Улсын хувьд аюул эрсдэл биш, харин ч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэж, тивийн хөгжлийн төлөө хөтлөлцөн хөгжих, түүний тулд дэмжиж туслахыг урьтал болгож, бас санаа зовж байдгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, шинэ төмөр зам, цаашлаад Оюутолгой, Тавантолгойн асуудал гэхэд л Монгол Улсын хувьд эдийн засгийн боломж учраас ажлын явцыг түргэтгэх, бүтээмжийг өсгөхөд анхаарах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл “Цаг бол мөнгө” гэж үздэг энэ ард түмний хувьд Монголын талаас асуудалд удаашралтай хандаж, түүнээс үүдэн ажлын бүтээмж хойшилж байгааг тэрээр ярьж байна.

ХЯТАД УЛС ТИВИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО

Уулзалтын сонирхол татсан хэсэг бол Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхсан уулзалт байв. Тус улсын нөлөө бүхий улстөрч, сэтгүүлч мэргэжилтэй түүний байр суурь олон улсын тоймчийнх шиг маш өргөн дэлгэр судалгааг агуулснаараа бүх талын анхаарлын төвд байж чадсан юм.

Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлд хөгжиж, өргөжин тэлж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн жил гэхэд л манай улсаас сая гаруй хүн БНХАУ- ын хилээр орж, гарсан нь Монгол Улсын хувьд том тоо, хамтын ажиллагаа үнэхээр улам ойртож нягтарч буйн илрэл юм. Мөн тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын БНХАУ-д саяхан хийсэн айлчлалыг дурдаж, маш үнэтэй санал солилцсон хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улсын хувьд тулгамдаж буй, яаралтай хэрэгжүүлэх чухал алхам нь эдийн засгаа хүчирхэгжүүлэх, хөгжүүлэх  үүний тулд үйлдвэржүүлэх хэрэгтэйг тэрээр онцлов. Манай улсын хувьд социализмын үед Оросын тусламжтайгаар үйлдвэржүүлэх бодлогыг хөгжүүлсэн.

Гэвч, 1990- ээд оноос энэ үйл явц ЗХУ /хуучин нэрээр/-д ч, манай улсын хувьд ч энэ хөтөлбөр тогтолцоогоо даган задарсан бол одоо ОХУ хүнд, хөнгөн үйлдвэрийн салбараа ихээхэн хөгжүүлсэн тухай ноён Ли  Юаньчао дурдахдаа Монгол Улс ч мөн адил давуу талаа ашиглан хөгжилд хүрэх боломжоо судалж, урагшлах ёстой гэв. Үнэндээ түүний үгнээс ухаж бодвол, 1990-ээд оны үеэр Монголын шинжлэх ухаан коммунист засаглалын сүүлийн үе буюу Оросын шинжлэх ухаан хаана хүрээд зогссон бэ яг тэнд нь очоод гацаанд орчихсон нь бодит үнэн.

БНХАУ нь Монгол Улсын хувьд аюул эрсдэл биш, харин ч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэдгээ илэрхийлэв.

Гэхдээ 1990-ээд онд Оросын шинжлэх ухаан муу байгаагүй. Бид л Оросын тэр үеийн цэг дээр зогсчихоод одоо л шинжлэх ухаанаа хөгжүүлж байгаа юм шиг боддог бол Оросын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж дэлхийн шинжлэх ухаантай аль эрт хөл нийлүүлсэн.

Харин бид байрандаа зогсч байгаадаа дүгнэлт хийх ёстой гэсэн бодол төрж байлаа. Өдгөө БНХАУ манай улс төдийгүй бидний хойд хөрш ОХУ-тай эдийн засаг, хамтын ажиллагаа, найрсаг харилцааг эрхэмлэж, тус улсын томоохон импортлогч, экспортлогч орны тоонд зүй ёсоор орж байна. Өнгөрсөн жилээс бий болсон эдийн засгийн хямрал, сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлыг ч даван туулахад Орос-Хятадын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа ихээхэн үр дүнтэй байгаа билээ.

ЭДИЙН ЗАСАГ ЭНГИЙНЭЭС ЭХЭЛДЭГ

БНХАУ-д очсон хэний ч анхаарлыг татах нэг зүйл бол ХКН- ын XVIII их хурлаас дэвшүүлсэн нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгох бодлого юм. Эдийн засаг амаргүй байгаа өнөө үед энэ бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгааг нь товчхон хэлбэл, эдийн засаг энгийнээс эхэлнэ гэж томъёолж болох ажээ:

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил нэг цэгт огтлолцож буйн жишээ олон юм. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт л гэхэд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах үйлдвэрийн хөгжлийн жишээг дурдаж болно. Бээжингийн Сань Юань үйлдвэр сүүний чиглэлийн 60 мянга гаруй тарлан үнээний фермтэй, үнээгээ тусгайлан тариалсан царгасаар борддог байна.

Түүнээс гадна манай сүүний үйлдвэрүүдтэй адил нийлүүлэгчдээс сүүгээ авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хамгийн хол нь 300 км, ойр нь 30 км-ээс сүүгээ татаж авдаг гэнэ. 1949 онд анх унадаг дугуйгаар сүүгээ зөөдөг байсан бол өдгөө хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөр Бүх Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний 60 хувийг нийлүүлдэг болжээ.

Үнээний сүүг бэлчээрээс айлын ширээн дээр хүргэх хүртэл энгийн хэрнээ нарийн үйл явцын зохион байгуулалт, менежментийн хувьд манайханд суралцах зүйл их ажээ. Өвөр Монголын Мэн Ян мал аж ахуй, мах боловсруулах компани, Мэн Цао өвсний хувьцаат компани, Бугат хот дахь уул уурхайн хүнд даацын автомашины үйлдвэр ч мөн адил.

Ганц жишээ дурдахад, Мэн Цао өвсний компанид нэг наст ургамлыг төрөл төрлөөр нь үрслүүлэн ургуулж, хот тохижилтод нийлүүлдэг. Хот тохижилтод ашигладаг нэг наст ургамлын мэдээллийн сан, судалгааны лаборатори, архивыг нэг дор төвлөрүүлснээс харахад эмийн ургамлын тухайд асуултгүй гэдэг нь мэдрэгдэнэ. Бугатын хүнд машин, механизмын үйлдвэр уул уурхайн машин, тоног төхөөрөмж ихээхэн нэрд гарч байгаа тул уншигчид хэдийнэ мэддэг болсон байх.

Учир нь Монголын хэрэгцээний 50 хувийг тус үйлдвэр нийлүүлдэг, Улаанбаатарт төлөөлөгчийн газартай юм. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс зөөвөрлөх 220-320 тоннын аварга машинууд тэдний бүтээл бол Англи, Америктай хамтарсан тус үйлдвэр сүүлийн үед дэлхийн 60 гаруй орноос захиалга хүлээж аваад байгаа гэнэ.

СЭТГЭЛ БАЙВАЛ ЭЛСЭН ЦӨЛИЙГ АЛТБОЛГОНО

Хятадын ард түмэн элсэн цөлийг цул мөнгө болгож байна. Гэхдээ сэтгэл байвал хөгжил ойрхон байдаг ажээ. Ингэхдээ яаж, ямар замаар гэдэг нь түрүүнд дурьдсан эдийн засгийг энгийнээр хөгжүүлэх арга юм. Энэ жишээг Ордосын Далат хошууны Фэн Шуйлян паркийн шинэ суурьшлын бүст байгуулсан экологийн тосгоноос харж болно.

Арван жилийн өмнө улаан шороо шуурсан эл хуль тал байсан бол жирийн бизнесмэн Зао Юнь Лянь төрсөн нутгаа харахаар очсоноор байдал өөрчлөгджээ. Эхлээд тэрээр төрсөн нутгийнхаа цөлжилтийг сааруулахаар бургас тарьжээ. Бургасны навч нахиагаар ямар амьтан хооллож болохыг судалж туулай үржүүлсэн байна. Яваандаа бургасны өвгөрч бүдүүрсэн иш, мөчрийг устгах шаардлага гарсан тул бутлуураар буталж, шахмал хавтангийн гол түүхий эд болгон ашиглах санаа төрж үйлдвэр байгуулжээ.

Туулай үржүүлгийн газар байгуулахдаа юуны өмнө ядуу өрхүүдийг шилжүүлэн авчирчээ. Дараа нь технологийн сургалтад хамруулж туулай арчилж өсгөх, тэр хэрээр үр шимийг хүртэх гэрээ байгуулан ажлаа эхлүүлжээ. Туулай сард нэг удаа үрждэг, ингэхдээ тоо толгой нь 25 болж өсдөг юм байна.

Туулайн арьсаар шуба, үслэг эдлэл хийхэд үнэтэй түүхий эд болдог. Тиймээс туулайн аж ахуйг дагасан үслэг эдлэлийн үйлдвэр байгуулжээ. Энэ чиглэлд тэд туулайнаас гадна үнэг, илбэнх, булга үржүүлдэг. Мөн тууЛайн махыг эртнээс тансаг хэрэглээ буюу хаадын зоогт хэрэглэхийн зэрэгцээ дотор эрхтнийг эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн тул энэ ашиглаж байгаа гэнэ.

Хятадын ард түмэн элсэн цөлийг цул мөнгө болгож байна.

Сүүлийн үед Шилийн гол аймагт чоно үржүүлэх салбар нээжээ. Чононоос хаях зүйл байхгүй. Арьс, мах, эд эрхтэн нь бүгд үйлдвэрийн түүхий эд, эмийн найрлагад ордог. Чоно тэжээхэд ч амархан. Үслэг эдлэлийн үйлдвэрийн зорилгоор өсгөж буй үнэг, илбэнхийн махыг чононоос өөр иддэг амьтан үгүй тул тэдэнд харин ч ашигтай гэнэ.

Суусан газраасаа шороо атгана гэгчээр энгийнээс ургуулан бодож, эдийн засагжуулсан төсөл, төлөвлөгөө тун олон юм. Тэгэхдээ манайхан шиг нэг, хоёр өдөр үхтэл зүтгээд, ашиг гарсангүй ядарлаа хэмээн урдах ажлаа хаячихдаггүй. Ажлыг багаас нь эхлүүлж үр шимийг хүртэхийн төлөө байдаг юм байна. Энэ нь адхам алхмаар, аажим аажмаар хийнэ гэсэн хятад ардын мэргэн үгийг санагдуулна.

Экологийн шинэ суурьшлын энэ бүсийг байгуулахад 200 сая юаньзарцуулсан бол дэд бүтцийг Өвөрмонголын засгийн ордны шийдвэрээр хөрөнгө гарган байгуулж өгчээ. Юм хийх гэж сэдэж, зорьж байгаа хэнд ч төрийн зүгээс хөнгөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлтөөр дэмжих нь нээлттэй. Тийм болохоор улс орноо хөгжүүлье гэсэн үндэсний үйлдвэрлэгчид, компанийн захирлуудад ямар ч дарамт алга.

Орон нутагт эрхийг нь өгч, ажил хэрэг болгож чадвал ямар үр дүнд хүрч болдгийг Өвөрмонголын “Хорин гэр” эдийн засгийн хөгжлийн тойргоос харж бас болно. Хэдхэн жилийн өмнө Өвөр Монголын хамгийн ядуу сумд тооцогдож байсан бол өнөөдөр эдийн засгийн чадавхиар ч, хөгжлийн төвшнөөрөө ч улсын хэмжээнд эхний 100- д багтаж чаджээ. Хөх хотын төвөөс оюутны хотхон, их дээд сургуулийн цогцолборыг зориуд шинэ суурьшлын бүс рүү татаж, дэд бүтэц, зам харилцааг сайжруулж, үйлдвэр аж ахуй нэгжүүдийг бий болгосон нь хөгжлөөрөө, нэр хүндээрээ хотынхоо нүүр царай болсон нь цөөнгүй.

Тухайлбал, сүүний үйлдвэрийн чанар, бүтээмж, нийлүүлэлт өссөнөөр Хөх хотыг зарим тохиолдолд сүүний хот хэмээн нэрлэх нь бий. “Хорин гэр” эдийн засгийн хөгжлийн тойрог нийслэлийн Багахангай дүүрэгтэй хэдэн жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хэмээн ярьж байна. Тэгвэл өнөөдөр Хорин гэр, Бага хангай хоёр хөгжлөөрөө өдөр, шөнө шиг ялгаатай юм. Хөгжихөд төсөв мөнгө хэрэгтэй ч, хамгийн гол нь сэтгэл чухал гэдгийг өмнөд хөршийн хөгжил алхам тутамд сануулж байлаа.

Тэнд сэтгэл шингэсэн үйлдвэр, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн, сэтгэл шингэсэн үйлчилгээг хаанаас ч харж болно. Тивийн хөгжлийг тодорхойлж, хөршөө хөгжилд уриалахын зэрэгцээ хөтлөлцөөд урагшилбал хаана хүрч болох, аль салбарт ямар дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэн далангүй илэрхийлсэн өмнөд хөршийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, төр засгийнх нь зүгээс баримталж буй бодлогын тухайд тэмдэглэсэн аян замын богцыг уудлахад ийм байна. Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг, дотроо 33 салбартай Багшийн их сургуулийн цогцолбор гээд санаа авч болох, манайд бий болгох боломжтой хөгжлийн загваруудын тухай уншигч танаа дараагийн дугаартаа хүргэх болно.