Нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой журмуудыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой журмуудыг шинэчлэн баталлаа
2014.05.07

Нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой журмуудыг шинэчлэн баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /5 дугаар сарын 5/ болж хуралдаанаар нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой хэд хэдэн журмуудын шинэчилсэн төсөл, нэмэлт өөрчлөлтийн тухай зэрэг асуудлыг  хэлэлцлээ.

Нийслэл анх удаа өмчийн талаар 2014-2020 онд баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулан НИТХ-аас баталсан. Энэхүү баримт бичгийг баталсантай холбоотойгоор өмч, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж байгаа дүрэм журам, эрх зүйн актуудыг холбогдох хууль, тогтоомжийн өөрчлөлтөд уялдуудан тухай бүр шинэчлэн боловруулж, батлуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”, “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар”, “Нийслэлийн өмчийн байр талбайг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”, “Нийслэлийн өмчит эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам-ыг хэлэлцэн баталлаа.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа журмын төслийг Тэргүүлэгчдэд танилцуулахдаа, өмчийн харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж байгаа дүрэм журам, эрх зүйн актуудыг холбогдох хууль, тогтоомжийн өөрчлөлтөд уялдуудан шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгээс нийт 11 журмын төслийг шинэчлэн боловсруулсан гэлээ.

Нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой хэд хэдэн журмуудын шинэчилсэн төсөл, нэмэлт өөрчлөлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын төсөлд түрээсийн орлогын бүрдүүлэлтэд голлох нөлөөтэй томоохон барилга, объктуудын түрээслэгчдийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулна, нийслэлийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслүүлэх үйл ажиллагааны чиглэл, жишиг доод үнийг хэрхэн тогтоох зэрэг харилцааг нарийн тусгажээ. Мөн нийслэлийн өмчийг түрээслэж байгаа иргэн, аж ахуйн нэгж барилга байгууламжид ямар байдлаар хэрхэн засвар шинэчлэлт хийх, түрээсийн гэрээг ямар хугацаанд байгуулахыг тусгасан байна.

Нийслэлийн өмчийн байр талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод байдлыг хангана.Төсөлд 40 м кв хүртэлх талбайн түрээслэгчийг тухайн түрээслүүлэгч хуулийн этгээдийн даргын тушаалаар байгуулагдсан комисс, сонгон шалгаруулна гэж заасан байна.  Харин нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмаар эд хөрөнгийг шинээр олж авах, бүртгэх, акталж данснаас хасах, шилжүүлэх, худалдах зэрэг эд хөрөнгийн хөдөлгөөнтэй харилцааг зохицуулах юм байна.

Шинэчлэн найруулсан журмын төсөлд хуулийн этгээдээс хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргуулахын тулд тухайн харилцаанд хамааралтай ямар баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр хүсэлтээ ирүүлэх, хүсэлтийг хэн шийдвэрлэх, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй заажээ.