Ц.Отгонбагана: Энэ жил Нийслэлд нийтдээ 73 барилга баригдана
Нийслэлийн хэмжээнд олон жилийн насжилттай, цаашид ашиглах боломжгүй 50 гаруй цэцэрлэг, сургуулийн ажил байна. Энэ барилгуудын нэг болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн буурин дээр 240 хүүхдийн шинэ цэцэрлэг барихаар шавыг нь тавьжээ.
Хотын төвд орон сууцны барилгууд дунд байрлах 5-р цэцэрлэгийн барилга хуучирч, муудан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон учраас нурааж шинээр 240 хүүхдийн цэцэрлэг барих төсөв, хөрөнгө нь шийдэгдсэн байна.
Нийслэлийн төсвөөс энэ онд 16 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөжээ. Үүнд 17.5 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнээс найман барилга нь шинэ, найман барилга нь он дамжин шилжих барилгууд байгаа юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: "Энэ жил Нийслэлд нийтдээ 73 барилга баригдана. Энэ жилийн нэг онцлог нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар анх удаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга баригдахаар Нийслэлийн төсөвт суусан. Нийслэлээс 16 бага сургууль, цэцэрлэгийн барилга баригдана. Дээр нь гурван сургуулийн өргөтгөл, гурван цэцэрлэг гээд нийлээд 22 барилга, улсын төсөв 34 барилга, мөн дэлхийн банкны санхүүжилтээр канад технологиор баригдаж байгаа 17 цэцэрлэг нийтдээ 73 барилга энэ жилийн хувьд баригдаж эхэлж байгаа."