С.Ганбаатар гишүүн Газрын тухай хуулийг буцаан татахыг шаардав
Газрын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлээ.
Тэрээр Газрын тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаан татаж авах хэрэгтэй гэлээ. Энэ талаар санал гаргаж, УИХ-ын дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон бүлгүүдийн дарга нарт албан бичиг хүргүүлжээ.
Тэрээр, "Монголчууд 1992 он хүртэл түүхэндээ газрыг иргэний хувийн өмч болгож байгаагүй. Газраа хамгаалах тогтолцоог тэргүүнд тавьж, газрын бодлогодоо Эх орон, Ард түмэн, Төр гэсэн дараалал эрхэмлэж ирсэн. Газрын тухай хуулийн төсөлд газар өмчлөлөөр дамжуулан хүний эрх зөрчих, баян ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд заналхийлэх үндсийг тавихаар байна.
Газрын тухай хуулийн төсөлд газар өмчлөлөөр дамжуулан хүний эрх зөрчих, баян ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд заналхийлэх үндсийг тавихаар байна.
Бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаа зэргийг өмчлөх 14 заалт орсон. Газар өмчилж авсан иргэд, малчид, тариаланчид өмчөө барьцаанд тавих эрхтэй болно. Үүнээс үүдэж хэн мөнгөтэй нь тухайн газрыг худалдан авч, түрээслэх эрх нь нээлттэй болно.
Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутаг үндсэндээ тавхан өрхийн мэдэлд байгаа шүү дээ. Ингээд иргэд малчид, тариаланчид тус, тусдаа газар эзэмшихвэл уул уурхайн компани, эрх мэдэлтнүүдийн өөдөөс хэн байгаль, газар шороогоо хамгаалж тэмцэх юм бэ. Энэ бүхнийг үндсээр нь устгаж, тусгаар тогтнол аюулгүй байдалд нөлөөлөхөөр нөхцөл үүсч байгаа. Тийм учраас энэ хуулийг санаачлагч нь хуулиа татаж аваач" гэв.