Мэдэгдэл
ГАЗАР БОЛ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА, ҮНДЭСТНИЙ ОНЦГОЙ ӨМЧ, ЭХ ОРНООРОО БАХАРХАХ ЭЗЭГНЭХ СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ
Ойрын өдрүүдэд Монголын тусгаар тогтнол, үндэстний эрх ашигт илтэд харшлахаар хууль, шийдвэрүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар улс төр бизнесийн тодорхой бүлэглэлүүд илтэд чармайж эхэлсэнтэй холбогдуулан Монголын Ардчилсан холбоо байр сууриа илэрхийлж байна.
Ялангуяа улсын үндэс болсон газрын асуудлаар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл дотор үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн заалтууд цөөнгүй орсныг МоАХ эсэргүүцэж, ийм санаархлыг тас цохихоо эрс шийдэмгий мэдэгдэж байна.
Монголын Ардчилсан Холбооны манлайлал дор ялалтад хүрсэн Цагаан морин жилийн хувьсгалын үр дүнд монголчууд эрх, эрх чөлөөгөө олж авсны нэг чухал бүрдэл нь эдийн засгийн эрх чөлөө билээ. Эдийн засгийн эрх чөЛөө нъ газар өмчлөл, эзэмшлээр дамжин илэрдэг.
Гэтэл өнөөг хүртэл Монгол Улс газрын талаар төрөөс баримтлах бодлогоо боловсруулаагүй, батлаагүй байна. Үүний уршгаар газрын харилцаатай холбогдох хуулиуд нь өөр хоорондоо зөрчилтэй, үндэсний эрх ашигт нийцээгүй байдалтай байна.
Төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батлахын оронд харийнхны эрх ашгийг тусгасан хуульд санаачлан батлуулахаар улайрах нь дараа дараагийн завхрал, нугалаа, алдааны үндэс нь болох магадлал үүсээд байна.
Тухайлбал, хагас жилийн хугацаанд Монголд амьдарсан гадаадын иргэнд 60 жилээр газар эзэмших эрх олгоод түүнийгээ 40 жилээр сунгаж болох тухай заалт (434.1.3), гадаадын харьяат хүн Монгол Улсын иргэдтэй ижил эрхтэйгээр газар эзэмжих тухай заалт( 37.3) зэрэг нь үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, иргэдээ дорд үзсэн хандлагатай байна.
Хуулийг Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой хохирол учруулах магадлалтай хэмээн үзэж байна.
Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр улсынхаа эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно.
Энэ үүднээс. МоАХ УИХ-д өргөн баригдсан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг газартай холбоотой харилцаа, үндэс язгуур, иргэдээ дээдлэх зарчмын хувьд алдаатай, явцуу зохицуулалттай, зарим зүйл заалт нь Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой хохирол учруулах магадлалтай хэмээн үзэж байна.
МоАХ Монголын ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, тэмцэж ирсний хувьд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлагчдад нь буцаах, Төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж батласны дараа, түүнд нийцүүлэн монголчуудын язгуур эрх ашигг бүрэн нийцсэн агуулгаар боловсруулах ёстой болохыг УИХ, Засгийн газарт хариуцлагатайгаар мэдэгдэж, шаардаж байна.
УИХ ын хамгийн чухал үүрэг нь гадаадын иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах бус, эх Орон нэгтнүүдээ, иргэдээ уугуул газар шороон дээрээ эрхээ эдэлж, айж түгших аюулгүй амьдрах эрхийг баталгаажуулах ёстой.