Газрын тухай хууль, түүнийг дагалдах багц хуулиудын төслийн тухай УРИАЛГА
Монгол нутагт төрт улс үүссэн, оршин тогносон түүхэнд 1992 оныг хүртэл газрыг нийтээр эзэмшиж, хамгаалж, хадгалан хойч үе бидэндээ дамжуулан өгчээ.
2014.05.09

Газрын тухай хууль, түүнийг дагалдах багц хуулиудын төслийн тухай УРИАЛГА

Газар бол улсын тусгаар тогтнолын баталгаа, улс орон оршин тогтнохын өнөөгийн ба ирээдүйн үндэс суурь.

Газар бол үндэстэй бүхэн дэлгэрдэг, үртэй бүхэн өсөн үрждэг Байгаль эх, Эх орон юм. Хүн төрөлхтөн байгалиас бүх хүнсээ авдаг, амьдралын бусад хэрэгцээгээ хангадаг.

Улсын газар дээр зөвхөн өнөөгийн бид амьдарч, түүнийг ашиглаад дуусах биш, бидний ирээдүй хойч үе улиран олон мянган жил оршин тогтнох учиртай. Иймээс газрыг эрх тэгш өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь  зөвхөн өнөөдрийн бид биш, бидний ирээдүйнхэн мөн.

Монгол нутагт төрт улс үүссэн, оршин тогносон түүхэнд 1992 оныг хүртэл газрыг нийтээр эзэмшиж, хамгаалж, хадгалан хойч үе бидэндээ дамжуулан өгчээ. Сүүлийн хориод жилд ашигт малтмалын лиценз, нийслэлийн газрын наймаа дэлгэрч, дэлхийд анхны дархан цаазат Богд хан уулаа “зайсандаж”, эдгээрээс үүдэлтэй авилга дэгдэж,  үндэслэлгүй баяжих үүд хаалга нээлттэй байна.

Газар, байгаль, ашигт малтмалаа өнөөгийн ба ирээдүйнхээ эрх ашигт нийцүүлэн хэрэглэх, хамгаалахын төлөө төр, нийгмийн зарим зүтгэлтэн, иргэд, иргэний нийгмийн байгуулагууд идэвх чармайлт гаргаж, бачимдсан хэсэг нь эрслэн тэмцэж байна. Гэвч зохих үр дүн гарахгүй, төр, засагт дуу хоолой нь хүрэхгүй сэтгэл, итгэл нь бөхөж байна.  

УИХ-аас баталсан газрын бодлогын баримт бичиггүй, салбарын явцуу сонирхолоор газрын бодлогод хандаж ирсэнийг Эх орны өмч, ард түмний мэдэл, төрийн зохицуулалтад байх газрын  эрх зүйн үзэл баримтлал гажуудах, Газрын ерөнхий хуулийг чанартай боловсруулахын гол саад гэж үзэж болохоор байна.

Засгийн газраас санаачлан Газрын тухай хууль түүнийг дагалдуулан УИХ-аар батлуулахаар өргөн барьсан хуулиудын төсөл нь Улс, Эх орны өнөөгийн ба ирээдүйн газрын харилцааны эрх зүйн бодлого, зарчим, удирдлагын тогтолцоо, зохицуулалтын арга, хэлбэр зэрэг үндсэн асуудлыг  цогцоор шийдвэрлэх чадамжгүй болжээ гэж үзэж байна. Үүнийг газрын төлөө нэгэн насаараа зүтгэсэн ахмадууд, энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид нотлож байгаа болно.
Газрын харилцааны хууль, эрх зүйн зохицуулалтын дэлхийн улс орнуудын болон өөрийн орны түүхийн оноо, алдааг дэнслэн Газрын ерөнхий хуулийг чанартай, олон жилийн настай, сайн боловсруулан батлах түүхэн боломж тохиож байна.

Газрын ерөнхий хууль ба түүнийг дагалдан гарах хуулийн төслийг боловсруулахад иргэн бүрийн санал, оролцоо, Эх оронч итгэл, үнэмшилд суурилсан үйл ажиллагаа чухлаас чухал болоод байна.

Засгийн газар өргөн барьсан хуулийн төслөө сайн дураараа эгүүлэн татаж,  иргэдийнхээ оролцоотойгоор хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг уриалж байна.

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

2014 ОНЫ 5-Р САРЫН 9-НИЙ ӨДӨР    УЛААНБААТАР ХОТ  ТӨРИЙН ОРДОН