УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг дарамталжээ
2014.06.19

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг дарамталжээ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийнх нь нэр хүндэд халдсан, амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирж байна. Газрын тухай хуультай холбоотой байх гэж мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

-"Энэ хэвлэлийн бага хурлыг би УИХ-ын гишүүний хувиар хийж байгаа юм. Сүүлийн үед Газрын тухай хуулийн талаар олон янзын мэдээлэл тарж байгаа. Өчигдөр би Засгийн газрын "11 11" төвд ажиллаж, Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн. 

Гэтэл Газрын тухай хуультай холбоотой асуудал ярьж, үл мэдэгдэх утаснаас над руу маш их дайралт хийлээ. Амь насанд  чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессеж байнга явуулж байна. Энэ мессеж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс бий.

Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон.

Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон.

Газрын тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүний хувьд энэ хуулийг сайн боловсруулахын зэрэгцээ ажлын хэсгийн хүмүүстэйгээ гар нийлэн ажиллана.

Энэ төслийг байнгын хорооны хуралдаанаар оруулаагүй байгаа. Ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж, санал хураалт явуулж, олонхийн дэмжлэг авсан саналын томъёоллоо байнгын хороонд танилцуулна.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжих эсэхийг байнгын хороо, УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн төрийн хүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе" гэлээ.

Гишүүний тодотгосноор Газрын тухай хууль ярьж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гар утас руу 966614.. дугаараас

“Буудна шүү, 2008 оны  долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулна" гэсэн мессеж удаа дараа ирснийг тэрээр онцолж, доромжилсон, гүтгэсэн, нэр хүнд, амь насанд нь халдахаар заналхийлж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагаа олж тогтооно гэдэгт найдаж байгаагаа хэллээ.