Х.Бат-Ялалт: Х.Тэмүүжин сайд хууль, тогтоомжийг ямар ч бодлогогүйгээр санаачилж байгаа нь огцрох үндэслэл
Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.05.12

Х.Бат-Ялалт: Х.Тэмүүжин сайд хууль, тогтоомжийг ямар ч бодлогогүйгээр санаачилж байгаа нь огцрох үндэслэл

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-Хууль, эрх зүйн шударга байх зарчмын талаар ярьдаг хүний хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар ямар байр суурьтай байна вэ. Түүнийг дэмжиж байгаа залуус байхад өмгөөлөх хуульчид дуу хоолойгоор илэрхийлсэн. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Хуульчид улс төрждөг алхам эхэллээ. Эрүүгийн хууль муу байхад яагаад тэд “Муу байна” гэж хэлээгүй вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр үүгээр юу хэлэх гэсэн гэвэл, хүн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах нь иргэдээс холдчихлоо. Тухайн хүн өмгөөлөгч авъя гэхэд төрийн өндөр босго давсан, эсвэл төрөөс зөвшөөрөл авсан хүнээр өмгөөлүүлэх болчихоод байна. Үүгээр нөгөө итгэл гэдэг зүйл байхгүй болж байгаа юм. Намуудын түвшинд хэлэлцэж байгаа хуулийн төсөл, тэр дундаа Гэмт хэргийн тухай хууль “Сайн, үүнийг батлаад өгөөч” гэж хуульчид илэрхийлж байгаа нь өөрөө аймшиг. Монгол Улсын хууль, ялангуяа ардчилсан нийгмийн гол үндсэн зарчим алдагдаж байгаагийн гол илрэл гэдгийг шууд хэлмээр байна.  

-Эрх зүйн шинэтгэлтэй холбоотойгоор албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого алга гэж үзэх хүмүүс бий?

-Шуудхан хэлэхэд, Х.Тэмүүжин сайдад албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого байхгүй байна. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байж төсөв хулгайлдаг, худлаа тоо, баримт гаргаж ирдэг байдлыг таслан зогсооно. Түүнээс биш шинэчлэл гэдгээр албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг орхигдуулсанаар энэ бүхэн арилахгүй.

-Х.Тэмүүжин сайдын хувьд гэмт хэргийн тоо өсч байгаа нь нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж хэлсэн удаатай. Гэвч гэмт хэргийнхээ илрүүлэлтийг орхигдуулаад байгаа юм биш үү?

Манай эрх зүйн шинэтгэл залуу.

-Гэмт хэргийг бүртгэж аваад тоо нь өссөн гэж үзэж болох асуудал. Харин гэмт хэргийг илрүүлэх тал дээр цагдаагийн байгууллагын хүч чадлыг улам сулруулаад байна. Ер нь бид соц нийгмээс зах зээл рүү шилжиж байна гэх үедээ хууль хяналтын байгууллагынхаа тогтолцоог эвдчихсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч хяналтгүй болгосон. Тэгэхээр хяналтгүй байгаа учраас төрийн албанд чадваргүй хүмүүс бий болоод байгаагаас гадна хувийн ашгаа илүүд тавьсан, гэмт хэргийг илрүүлэх сонирхолгүй хүн шургаж байна. Энэ байдлаас болоод гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа уналтад ороод байгаа. Тиймээс боловсон хүчнээсээ эхлүүлээд цогц асуудлын хүрээнд үүнийг ярих ёстой. Харин түүнээс бол хэн нэгэн хүний удирдлагаас болж сулраад байна гэдэг нь өрөөсгөл ойлголт.

-О.Баасанхүү гишүүний хувьд Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг тавьснаар энэ салбарын хувьд нэлээд зөрчил үүсч байх шиг байна. Учир нь хэрэг хийсэн, хийгээгүй гэдэг асуудал үүслээ. Таны хувьд огцруулах үндэслэлийг юу гэж харж байна?

-О.Баасанхүү гишүүний үндэслэл хувь хүн тал руу, гэмт хэрэгт холбогдсон эсэхийг илүү анхаарсан байлаа. Харин ёс суртахууны хувьд хар тамхитай холбогдсон, хүүхдээ үрчлүүлсэн гэдэг нь огцрох 100 хувийн үндэслэл. Дээрээс нь миний хувьд хэлэхэд хүний эрхийг шийдэх болон албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого байхгүй, хууль, тогтоомжийг ямар ч бодлогогүйгээр санаачилж байгаа энэ бүхэн өнөөдөр огцрох үндэслэл гэж үзэж байна.

-Таны хувьд ЦЕГ, ТЕГ-д хандан асуулга явуулсан. Энэ бүхнээрээ юуг илэрхийлэхийг зорьж байгаа вэ?

-Монгол Улсад хүний эрхийг хамгаалах бодлоготой болмоор байна. Улс төрийн намуудад албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого байх хэрэгтэй гэдгийг шаардаж байгаа юм. Миний хувьд Хууль зүйн яам, төрийн өндөрлөгүүдэд энэ шаардлагыг тавьсаар байна.

-Эрх зүйн шинэтгэлийг үгүйсгэх хүмүүс бий. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна?

-Манай эрх зүйн шинэтгэл залуу. Бид хуулиа хэрэглэж үзээгүй байж хуулиа шүүмжлэх нь өрөөсгөл. Гэхдээ сүүлийн хоёр жилээс эрх зүйн шинэтгэл гэж ярих нь буруу. 20 жилийн настай эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа хуулиа үгүйсгээд дахиад багц хууль гаргаж ирнэ гэдэг нь мунхаг асуудал. Тиймээс учраас эрх зүйн шинэтгэл гэж хүмүүсийн толгойг эргүүлсэн гоё сайхан яриад байж болохгүй. Миний хувьд үндсэн бодлогыг шүүмжлээд байгаа. Эрүүгийн хууль гэдгийг сайжруулж, гоё болгож хэрэглэх гэж байна.

Албан тушаалын гэмт хэргээр бодоход нэг алуурчин мэс бариад гурван хүнийг хөнөөснөөс үзэг бариад сууж байгаа нэг шүүгчийн хийж байгаа гэмт хэрэг илүү аюултай

Энэ бол буруу. Эрүүгийн хууль гэдэг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Аль болох энэ хуулийг хэрэглэхгүй байх ёстой. Өнөөдөр эрх баригчид гоё хуультай болгоод хэрэглэх гээд байна. Үүнийг хэрэглэдэггүй байх ёстой. Маш чанга, хатуу хууль байснаар нийгэм аюулгүй болно. Гэмт хэрэг хийхгүй, ял шийтгэл авахгүйн тулд татгалзаж амьдрах ёстой биз. Гэтэл энэ бодлогоо ойлгохгүй байна. Гэмт хэргийн хуулиа сайхан болгож хэрэглээд, дээрээс нь аятайхан нөхцөлтэй, олон хүн багтдаг шоронд хорих гэж зүтгээд байна. Шорон байхгүй л байх хэрэгтэй. Тэгэхээр хийж байгаа бодлого нь аль болох хүмүүсээ хорино, аятайхан нөхцөлтэй Эрүүгийн хуультай болно гэж зүтгээд байна. Энэ нь бодлогын хувьд үндсээрээ буруу байгааг эсэргүүцэд байгаа юм.

-Эрүүгийн хуулиар ялын бодлогыг хөнгөлснөөр цаана нь гарах үр дагавар юу вэ?

-Албан тушаалын гэмт хэргийн талаар ярихын бол ял нь суларна. Албан тушаалын гэмт хэргээр бодоход нэг алуурчин мэс бариад гурван хүнийг хөнөөснөөс үзэг бариад сууж байгаа нэг шүүгчийн хийж байгаа гэмт хэрэг илүү аюултай. Өөрөөр хэлбэл, жилдээ 300-400 хэрэг шийдлээ гэхэд цаана нь олон хүний хувь заяа шийдэгддэг. Харин тэр олон хүний хувь заяагаар нэг зэрэг тоглож болох ийм нөхцөл бий болсон. Учир нь худлаа шийдэр гаргаж байна гэдэг бол аймшиг. Тэгэхээр шударга бус шийдвэр гаргадаг хүмүүсийг яаж илчилдэг байх, хэрхэн хянах вэ гэдэг талаар илүү бодлого боловсруулах ёстой байтал Хууль зүйн сайд ямар ч ажил хийхгүй байгаа. Тэр утгаараа энэ хүн огцрох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.