Б.Бямбасайхан: Дэд бүтцийн хувьд Монголд сайжруулах ёстой зүйл асар их байна
Монголын Бизнесийн Зөвлөл
2014.05.13

Б.Бямбасайхан: Дэд бүтцийн хувьд Монголд сайжруулах ёстой зүйл асар их байна

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн дэмжиж гаргаж ирвэл эдийн засгаа өөд татах боломжтойг тодрууллаа

Монголын бизнесийн өрсөлдөх чадвар ямар байх нь хэд хэдэн зүйлээс шалтгаална, Нэгдүгээрт, хүн. Хүн чадвартай, боловсролтой, мэдлэгтэй байж тухайн бизнесийн салбар илүү өрсөлдөх чадвартай болдог. Түүнчлэн тухайн бизнесийн өөрийнх нь менежмент, арга барилтай холбоотой. Яагаад гэвэл орчин үеийн олон улсын зах зээл, санхүүгийн орчинд бид зөвменежменттэй, зөв засаглалтай байх ёстой. Тийм компанийг хүмүүс ойлгодог, итгэж хөрөнгө оруулдаг. Мөн технологийн асуудал бий. Түүнийг тойрсон макро эдийн засгийн орчин, дэд бүтцийн асуудал бий.

Гол нь бид 10, 20 жилийн дараа бизнесийн үйл ажиллагаагаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.

Дэд бүтцийн хувьд Монголд сайжруулах ёстой зүйл асар их байна. Автозам, эрчим хүчнээс эхлээд, шинээр барьж, хэрэгжүүлэх асар олон төсөл байгаа. Тэр төслүүд хэрэгжсэнээр Монголын бизнес, Монголыг тойрсон том зах зээл дээр өрсөлдөх боломжтой юм. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс болж, бизнесийн үйл ажиллагаа муудаж байна гээд л хэлж байна. Энэ бол цаг зуурын л үзэгдэл. Гол нь бид 10, 20 жилийн дараа бизнесийн үйл ажиллагаагаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэр нь яван явсаар стандартууд дээр очиж байгаа.

Засаглалын стандарт, төсөл боловсруулах, санхүүгийн стандарт гэх мэтчилэн. Энэ бүгдийг бид төгс хийснээр олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжтой болно. Санхүүгийн эх үүсвэрийн хувьд төрөөс гарна уу, хувийн хэвшлээс гарна уу хамаагүй шүү дээ. Гол нь төсөл нь хэрэгцээтэй, зөв төлөвлөлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилын дагуу хийгдсэн байх ёстой юм.