Я.Содбаатар: АН-ынхан эвслийнхнээр бохир улс төр хийлгэлээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд ярьсан Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал замхрах шатандаа орчихлоо. О.Баасанхүү гишүүн “Энэ хүнийг огцруулах нь зүйтэй” гэж багагүй хугацаанд явчихаад эцсийн мөчид саналаа татсаныг та юу гэж ойлгов. Үүний цаана маш том тохиролцоо байгаа гэдэг хардлага ч олон нийтийн дунд үүсчихлээ?
-Эрх баригчид, тэдэнтэй хамтарч олонхийг бүрдүүлж байгаа нөхдүүдийн увайгүй үйлдлийн нэг нь энэ. Энэ хаврын чуулган эхэлснээс хойш ард иргэдийн болон улс орны нийгэм эдийн засгийн амьдралд үр өгөөжөө өгөх, ялангуяа эдийн засгийн хямрал, хүндрэлийн үед хэрэгтэй шаардлагатай тогтоол шийдвэр бараг гарсангүй. Нэг хэсэг “Давхар дээл”-тэй байх эсэх талаар ярьж, баахан шуугилаа. Ерөнхийлөгчийн санаачилсан нэг хүн давхар албан тушаал хашихгүй байх, төрийн нэг гажгийг засах гэсэн алхмын эсрэг шийдвэрийг АН-ынхан гаргаж, хуулийн төслийг нь унагалаа. Энэ хуулийн төслийг УИХ дахь цөөнх биш Төрийн тэргүүн санаачилсан гэдгийг онцлох хэрэгтэй. Мөн Х.Тэмүүжинг огцруулахыг ч бид хөндөөгүй. Энэ бүгдийг эрх баригч бүлэглэл дотроосоо хөндсөн, дотроосоо л асуудлаа ярьж байгаа. Товчхондоо, чуулган эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд дандаа л сандал ширээний, нэг нөхрийг байх үгүйг шийддэг л УИХ болж хувирлаа шүү дээ.
-АН, МАХН хоёрын дунд хийсэн гэрээний хүрээнд О.Баасанхүү гишүүн Х. Тэмүүжинг огцруулах саналаа татчихлаа гээд байна л даа. Ер нь хоёр намын дундах гэрээний асуудал гараад байгааг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Анх энэ гэрээг хэвлэл, мэдээллийнхэн эрэн сурвалжилж гаргаж ирэхэд нэлээд маргаан өрнөж байсныг санаж байна. Гэхдээ энэ бол саяхны асуудал. Тэр үед аль аль нь л “Ийм асуудал байхгүй, бид гэрээ байгуулаагүй” гээд байсан. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг “Албан ёсоор ийм гэрээ байгуулсан” гэж байна. УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын хамтарсан ”Шударга ёс” эвслийнхэн энэ нэрээрээ санал аваад Засгийн газарт орсон. Гэтэл одоо энэ эвсэлд багтсан нэг намтай нь Засгийн газрын тэргүүн нь гэрээ байгуулчихсан байна.
Монголын 19 дэх намаар бүртгүүлсэн МАХН буюу манай намын олон жил хэрэглэж ирсэн нэрийг авч улс төр хийж байгаа цөөн бүлэг нөхдөөр дамжуулж явуургүй, хамгийн бохир аргаар улс төр хийлгүүлж байгаагийн эхний алхам нь энэ удаагийн сайд огцруулах асуудал боллоо.
“Шударга ёс” эвслийг дотор нь хагалах үүдийг Н.Алтанхуяг хийж байгаа юм биш биз дээ. Нэг ёсондоо, улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаа руу гүйцэтгэх засаглалын тэргүүн хэтэрхий гар дүрж байна. Тэр гэрээний талаар сонсоход ирэх сонгуулиудад энэ хоёр нам хамтраад явна. Ер нь сонгогчид ч саналаа өгөөд хэрэггүй гэсэн утгатай заалт байна гэсэн. Товчхондоо, энэ хоёр нам л Засгийн эрхийг хамтдаа барьж байх нь л дээ.
Монголын 19 дэх намаар бүртгүүлсэн МАХН буюу манай намын олон жил хэрэглэж ирсэн нэрийг авч улс төр хийж байгаа цөөн бүлэг нөхдөөр дамжуулж явуургүй, хамгийн бохир аргаар улс төр хийлгүүлж байгаагийн эхний алхам нь энэ удаагийн сайд огцруулах асуудал боллоо. Дараа дараачийн сонгуульд энэ хүмүүс бидэнд олон удаа гай болно. Цаашилбал, энэ улсад төр, шударга ёс гэж байна уу гэмээр үйл явдлууд сүүлийн өдрүүдэд олон гарлаа. Энэ бүхэнд ард түмэн дүгнэлт хийж байгаа байх. Хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж байгаа байх. Олон жил сөрөг хүчний байр суурин дээр байж сайн хүний дүрд тоглож байсан АН-ын үнэн дүр төрхийг ард түмэн Засгийн эрх барьснаас нь хойш таньдаг боллоо.
-О.Баасанхүү гишүүнийг өөрийнхөө итгэл үнэмшлээр сайд огцруулах асуудлаа татчихлаа гэж бодоход бэрх. Өнгөрсөн хугацаанд “Энэ хүн сайд байж таарахгүй” л гээд байсан атлаа ийм шийдвэр гаргачихлаа. Ер нь энэ тогтоолын төслийг нь хэн татуулчихав. АН-ынхан гэрээнийхээ дагуу юу. Эсвэл МАХН-ынхан мөн л гэрээний дагуу гэдэг нэрээр түүнийг намаас хөөнө гэх мэт дарамт үзүүлснээр татуулчихав уу?
-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж, тодорхой үйлдэл эс үйлдэл хийлгэх нь хуулиар хориотой. Гэтэл ил цагаанаар л хууль зөрчдөг болсон байна шүү дээ. Өглөө Ерөнхий сайд О.Баасанхүүг дуудаад л татуулчихлаа. Үнэхээр сүүлийн сарын хугацаанд “Тэмүүжин болохгүй байна” гэсэн хүн эцсийн мөчид өргөдлөө татсаны цаана улс төрийн маш том тохироо, хуйвалдаан байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. О.Баасанхүү өнгөрсөн өдрүүдэд Солонгос явсан юм гэсэн. Тэнд мэдээж намын даргатайгаа уулзаад тодорхой үйл явдал өрнөсөн гэж ойлгосон. Ер нь УИХ дээр шийдэгдэж байгаа тодорхой асуудлууын цаана наймаа тохиролцоо, худалдах худалдаж авах, дарамталж шахах үйл явц ил цагаанаар гардаг болсон.
-Уг нь “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч олонхийг бүрдүүлж байгаа. Гэсэн атлаа дахиад тусдаа гэрээ байгуулаад байгаа нь ямар учиртай юм бол. Ер нь ийм гэрээ байгуулаад үүнийхээ хүрээнд ил цагаан тохиролцоо хийгээд, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь түүнийгээ зарлаад байдаг тохиолдол өмнө нь байсан юм болов уу?
-Хамтарсан засаг байгуулах үед намууд хамтарч ажиллах, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх зорилгоор хамтарсан мэдэгдэл гаргах тохиолдол байсан болохоос Засгийн газраа хамтарч байгуулчихаад хоёр жилийн дараа Монголын улс төрийг, сонгуулийг ойрын үед ингэж үймүүлнэ, самарна гэдэг байдлаар гэрээ байгуулж байсан тохиолдол байхгүй. Энэ бол сонгогчдын эрхэнд халдсан, улс төрийн намуудын үйл ажиллагаа руу гар дүрсэн хариуцлагагүй үйл явц болж байна.
-Х.Баттулга сайдыг чөлөөлчихлөө. Хэдийгээр өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ч зарим хүн “Хариуцлагаас зугтаж байгаагийн нэг хэлбэр. Эдийн засаг хүндрээд засагт хөдөлгөөн үүсээд эхлэхээр явах гэж байна” гэх юм?
-Эрх баригчдын дотроосоо хийж байгаа л асуудал шүү дээ. Бид нар бол эдийн засгаа эргэж сэргээе, томоохон бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлье. Шинээр ажлын байр бий болгодоггүй юм гэхэд одоо байгааг нь хадгалах чиглэлд томоохон бодлого явуулаач. Ахмад настнууд, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг цааш нь алдчихгүйн тулд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээч гэж байгаа. Магадгүй энэ байдал цаашид даамжчирвал Монгол Улсад ойрын 2-3 жилд гэгээ харагдахааргүй болчихлоо.
1996 онд П.Жасрай гуай “Монголын эдийн засагт гэрэл гялалзаж байна” гэж хэлж байлаа. Гэтэл дөрөвхөн жилийн дараа буюу 2000 онд цалингаа ч тавьж, гадаад тооцоогоо хийж чадахгүй, валютын нөөцгүй болсон. Цаашлаад төсөв болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдсон улсыг 2000 онд бидэнд хүлээлгэж өгч байсан. Гэтэл мөн л АН засгийн эрх авсан энэ хоёр жилд, тухайлбал, энэ жилийн эцэст гэхэд цалин, тэтгэвэр, татвар төлөгчдийн мөнгөөр орж ирж байгаа төсвийн орлого зарлага, валютын ханш хэд хүрэх бол гээд санаа зовоосон олон асуудал байна. Энэ бүхэндээ анхааарч, томоохон шинэчлэл хийх хэрэгтэй байтал сандал ширээтэй зууралдсан, нэгийгээ огцруулна, нөгөөх нь огцруулахгүй гэсэн аргацаасан өдрүүдийг л өнгөрөөж байна шүү дээ.
-Эдийн засгийн энэ хүндрэлээс гарах хамгийн эхний алхам нь юу вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт. Хүссэн ч хүсээгүй ч бид тогтолцооны, бүтцийн томоохон суурь, шинэчлэлүүдийг хийж байж эдийн засгийн болон засаглалын хямралаас гарч чадна. Тиймээс Үндсэн хуулиас өгсүүлээд томоохон эрх зүйн баримт бичгүүддээ гар хүрч байж, тогтолцооны өөрчлөлт хийж засаглалаа зөв голдрилд оруулах ёстой. Үүний дараа Ерөнхийлөгчийн хэлж байгаа шиг “Ухаалаг төр” байх зам руугаа орох юм. Эхний ээлжинд засаглал нь зөв болсны дараа эдийн засаг, түүнийг дагаад ард иргэдийн амьдрал сайжирна. Энэ гаргалгааг хийхгүйгээр нөгөө талаасаа эхэлчих гээд байна л даа. Тодруулбал, одоо байгаа дээрээ хэн нь дарга болох уу аль бүлэглэлд илүү тендер, концесс хуваарилах вэ л гэсэн жижиг зүйлийг хийж байна шүү дээ.
-Төсвийн тодотголыг хаврын чуулган эхлэнгүүт хийхээр байсан ч энэ хүрчихсэн. Гэтэл тодотгол гэж нэрлэхэд хэцүү байна гэх шүүмжлэл яваад байх юм?
Энэ жилийн эцэст гэхэд цалин, тэтгэвэр, татвар төлөгчдийн мөнгөөр орж ирж байгаа төсвийн орлого зарлага, валютын ханш хэд хүрэх бол гээд санаа зовоосон олон асуудал байна.
-2014 оны улсын төсвийг батлахдаа улсаас төсөв гаргуулах 243 обьектыг аудитаар шалгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотгол хойшилсон юм. Гэхдээ 2014 оны нэгдүгээр улиралд багтааж төсөвтөө тодотгол хийгээд 243 обьектоо шийд гэсэн. Гэтэл нэгдүгээр улиралдаа оруулж ирээгүй. Ингээд УИХ аудитын дүгнэлтийг авч дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ажлын тав хоногийн дотор төсвийн тодотголыг оруулж ирэх үүрэг өгсөн. Хүлээгдэж байгаад энэ сарын дундуур төсвийн тодотгол орж ирж байгаа нь энэ. Ингээд төсөвт тодотгол хийхдээ 243 обьектоо нэг тийш нь болгохоос гадна төсвийнхөө данхар бүтцийг өөрчилж, урсгал зардлаа 20 хувиар бууруулж оруулж ир гэдэг үүрэг чиглэл өгсөн.
Гэтэл харамсалтай нь ямар ч хэмнэлт хийсэн, төсвийн урсгал зардлыг танасан зүйл оруулж ирсэнгүй. Ингээд дээрээс нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлдөө төсвийн тодотгол хийх. Ингэхдээ урсгал зардлыг багасга, данхайсан бүтцээ цомхон болго, олон яамаа цөөл, төрийн албан хаагчдынхаа илүү орон тоо, зардлыг багасга гэсэн. Ер нь хямралаас гарах эхний алхам бол энэ төрийн данхайсан бүтцийг, үрэлгэн байдлыг засах асуудал. Гэтэл эрх баригчид нөгөө л гадаад дотоод руу зугаалдаг, том машинаа унадаг. Нөгөө л үнэтэй байшин барилга, тансаглалаа зогсоохгүй байна шүү дээ. Энэ бол эрх баригчдын биш дандаа татвар төлөгч жирийн иргэдийн мөнгө юм шүү дээ.
-Урьдчилан хорих төвд саатуулагдаж байсан танай намын гишүүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа?
-Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэлэл илэрхийлье. Миний хувьд энэ хүнтэй нэг салбарт ажиллаж байсан. Монголын төрийн бэлтгэгдсэн, удам дамжсан төрийн албан хаагч хүн байсан. Энэ асуудал ганц талийгаачийн гэхээсээ илүү Монголын төрд дохио өгсөн үйл явдал боллоо. Энэ их улстөржилт хэрээс хэтэрлээ. Улс төрийн тодорхой хүчин хүчний байгууллагуудыг ашиглаж, улс төрийн зорилгоор хүнийг шалгаж хорьдог байсан бол одоо бүр амь насыг нь авч байна. Энэ бол тун харамсалтай хэрэг.
Нөгөө ардчилал, хүний эрх хаана байна. Шүүхээр эцэслэн шийдээгүй байхад ямар ч хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Тэр тусмаа энэ талийгаачийн асуудал гүтгэлэг байсан болохоос түүнийг алдаа гаргаагүй гэж би итгэдэг. Тиймээс энэ асуудлыг бүх шатанд авч үзэх ёстой. Өнөөх хүний эрхийг өмгөөлж хамгаалдаг хүний эрхийн байгууллагууд одоо жинхэнэ ажлаа хийх ёстой.
-Таныхаар энэ асуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
-Энэ асуултад эрх баригчид хариулт өгөх ёстой. Ер нь 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн зорилгоор нам, төрд ажиллаж байсан нэг хэсэг рүүгээ улс төрийн намын өнцгөөр, харьяаллаар тодорхой хүчний байгууллагуудын оролцоотойгоор дайрсан. Хорьж, цагдаж, дарамталж шахаж, шалгаж байсны үр дүн хамгийн муухайгаар буюу хүний амь эрсэдсэнээр гарч байна. Тиймээс энэ асуудлыг өндөр төвшинд авч үзэх ёстой. Энэ явдалд Монголын төр уучлалт гуйх ёстой. Энэ төрийн эрх баригч нар яагаад ийм байдалд хүргэсэн талаар тайлбар гаргах ёстой.