2014.05.16

Б.Саранчимэг: Шинэчлэл гэхээр л шинэ хүн гэсэн үг биш

МАН-ын ХХVII их хурлын завсарлагаанаар зарим нэг төлөөлөгчтэй  уулзаж ярилцсан юм. Туулсан амьдрал, насны хувьд харилцан адилгүй тэдгээр эрхмүүд бүгд л МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байв.     

Та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал гэ­сэндээ намынхаа их хуралд ч эко буюу чамин гоё ногоон, хар хослол өмсөж ирсэн нь үнэхээр дэгжин, сайхан харагдаж байна шүү?  

-Тийм үү. За их баярлалаа. Гэхдээ би яагаад ч юм  ихэвчлэн энэ өнгийг сонгочихсон байдаг юм.    

-Сая Ө.Энхтүвшин дар­га улстөрийн илтгэл та­вилаа. Та энэ илтгэлтэй хол­богдуулан санал бодлоо хуваалцахгүй юу?  

-МАН-ын Бага хурлын гишүүний хувьд дүгнэхэд Ө.Энхтүвшин даргын илтгэл сөрөг хүчний намын даргын хувиар их чамбай, сайн бо­ловсруулалттай болжээ гэж үзэж байна.  Эрх баригч хүчний өдөр тутам гаргаж байгаа олон алдааг гярхай олж харан тоо баримт сайтай үнэлэлт өгч, шүүмжилснээс гадна намын даргын хувьд МАН-д бугшиж байгаа алдаа дутагдлыг ч зоригтой шударга дүгнэлээ. Миний хувьд яг л ийм зоригтой, шударга илтгэл тавиасай гэж хүлээж байсан юм. Зөвхөн  надаар тогтохгүй хажуугийн суудлуудад сууж байсан олон төлөөлөгч ийм бодолтой байгаа нь илт анзаарагдаж байна лээ. Ер нь  аливаа  нэгэн өвчний оношийг нь тод­руулж байж эдгээдэг шиг монголын улс­төрийн ууган хүчин, манай намд олон жил бугшсан алдаа, завхралаа зоригтой дэл­гэн тавьж  байж л бид ирээ­д­үйн  зорилтоо  зөв  то­дор­­хойлж,  ард түмнийхээ дунд сэвтсэн нэр хүндээ эргүүлэн авч чадна.     

-Таны хувьд хэдэн онд  МАН-тай хувь заяагаа хол­босон бэ?  

-Би 1999 онд хуучнаар МАХН буюу одоогийн МАН-ын гишүүнээр элсэж байсан.   

-Энэ удаагийн МАН-ын ХХVII их хурал эхнээсээ л халуухан уур амьсгалтай болох шинжтэй. Хурлын эхэнд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан илтгэл тавих гээд чадсангүй. Энэ талаар та ямар бодолтой байна?

-МАН бол дотоод ард­чилал сайтай, олонхын са­налыг хүндэтгэж үзэх зарч­маар  ажилладаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Тийм ч уч­раас “Ши­нэчилье” хө­дөл­гөөний зо­хи­цуулагчийн итгэлийг сон­сох эсэхээр са­нал ху­раалт явуулахад хур­лын төлөө­лөгчдөөс 171 хүн дэм­жиж цөөнх болсноор тэр асуудал шийдэгдсэн болов уу.     

-Хэдийгээр арай эрт ч гэсэн МАН-ын ХХVII их хурлаас гарах эцсийн үр дүн­гийн талаарх таны байр суурийг сонирхож болох уу. Залуучуудын дэвшүүлэн тавьсан  шинэчлэл,  өөрч­лөлт хийгдэх найдвар ха­рагдана уу?  

-Хурлын үр дүнгийн талаар дүгнэхэд эрт бай­на. Манай намын ту­хайд ши­нэчлэлт, өөрчлөлт хү­лээгдэж байгаа юу гэвэл зайлшгүй тийм. Гэхдээ үе үеийн их хурлаар байнга шинэчлэл, өөрчлөлтийн ту­­хай яригдсаар ирсэн юм билээ.    Харин энэ удаа­гийн их хурал МАН-д тул­га­раад байгаа тулгамдсан асууд­луу­даа  шийдвэрлэх  түү­­хэн чу­хал хурал гэдгээ маш  сайн ойлгож хурал­даасай гэж Бага хурлын гишүүний хувьд дүгнэж байна. Хамгийн гол нь амьдрал­тай ойр, олон жил амьдрах дүрэм батлахын төлөө их хурлын төлөөлөгчид бүх хүч чадлаа дайчлах учиртай.   Бидэнд өөрчилж, ши­нэчлэх шаардлагатай олон зүйлс бий. Намын дараалсан ялагдалд  гадаад, дотоод олон хүчин зүйлс ч нөлөөлсөн. Эдгээр ялагдлаа зүгээр нэг яриад, маргаад өнгөрөх биш энэ ажилд мэргэжлийн судалгааны баг ажиллуулах шаардлага ч байгаа юм.