С.Бямбацогт, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг нарын байр суурийг дээрх бичлэгээс үзнэ үү.
2014.05.15

О.Баасанхүү гишүүн төслөө эргүүлэн татсанд сөрөг хүчин шүүжлэлтэй хандав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байлаа. Гэвч Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төслөө О.Баасанхүү татан авсныг УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны эхэнд танилцуулсан юм.

Ингэснээр Хуульзүйн сайд Х.Тэмүүжин сайдыг огцруулах  асуудалд цэг тавигдлаа. О.Баасанхүү гишүүнийг төслөө татаж авсантай холбогдуулан сөрөг хүчний зүгээс ширүүхэн дайралт ирж байв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Монголын төрөөр тоглож болох юмуу. Харамсалтай байна

- Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш л давхар дээл, дан дээл гээд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг энэ хаваржингаа хэлэлцлээ. Бас хаврын чуулган эхлэснээс хойш л Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцлээ. Ингэж Монголын төрөөр тоглож болох юмуу. Харамсалтай байна. Ингэж татах байсан юм бол яах өргөн барьсан юм бэ.Ийм байдлаар эрх баригчид хоорондоо “тохироо” хийж болж байгаа юмуу. УИХ тоглоомын байгууллага биш.  Хорих байгууллагад хүн нас барж байна. Өнөөдөр олон асуудал ярих ёстой байсан.

Ц.Нямдорж: О.Баасанхүү бол оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн

-Төрөөр ингэж тоглож болдог юм уу. Эрх баригч бүлгээс сайдыг огцруулна гэж оруулчихаад татаад авчихдаг. Оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн. Монголын төрөөр ингэж тоглож болдог юм уу. Энэ арилжааны цаана ямар хэрэг хаагдав. Л.Гүндалай Үйлдвэр худалдааны сайд байсан Б.Жаргалсайханыг огцруулна гээд хэвтээд ард нь заваан хуйвалдаан явагдаж байсан. Одоо үүний цаана ямар муухай  зүйл явагдсаныг гадарлаж байна, Алтанхуяг аа.  О.Баасанхүү БНСУ яваад ирсэн гэсэн. Тэнд ямар муухай зүйл хийчээд ирсэн бэ. Төрийн ажил Солонгост явагдаж байна шүү хэмээлээ.

Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хийсэн.

Тэрбээр "УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах, татан авах эрхтэй. Энэ хүрээндээ О.Баасанхүү гишүүн төслөө татаж байх шиг байна.  Засгийн газар хувь гишүүнтэй ямар нэг хэлэлцээ хийгээгүй, үүний эсрэг байгаа. Харин МАХН-МҮАН "Шударга ёс" эвсэлтэй Засгийн газарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны  гэрээнд гарын үсэг зурсан. Ц.Нямдорж гишүүний сэтгэлийн хөдлөлөөрөө яриад байна гэлээ".

Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн төслөө эргүүлэн татсан тухай тайлбар хэлэх гэсэн боловч УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудалтай холбоогүй хэмээн үзэв.

Харин О.Баасанхүү гишүүн:  МАН-ынхны ой санамж мууджээ

Сөрөг хүчин 5 хоногийн өмнө ярьж байсанаа бүүр мартчихаж, Хаалттай хуралдааны үеэр горимын саналаар санал хураах гэсэн хэн ч дэмжээгүй. Тэр үед Х.Тэмүүжингийн асуудал маш их хүндэрсэн асуудал гэдэг нь гарч ирсэн. Тиймээс хаалттай хуралдаан дээр ярьсан асуудлуудыг нэмж оруулж ирэх хэрэгтэй болсон гэв.