УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.05.19

С.Одонтуяа: Хамгийн их тулгамдсан асуудал нь хууль эрх зүйн өнөөгийн байдал

УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо.

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлууд орсон. Та “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүний хувьд  ямар бодлого дээр голлон анхаарч байсан бэ?

Батлуулж байсан үеэ бодоход хүнд байсан. УИХ-д төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хэлбэрийн хувьд ололттой тал нь бид улс төржөөгүй. Эрдэс баялгийн бодлогод намууд, намын бүлгүүд яаж зөвшилцөж ажилладгийг сайн тусгаж чадсан. Тэгээгүй бол энэ их хэл амтай, улс төрждөг хэцүү сэдэв. Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд зөвхөн ажлын хэсэгт орсон гишүүд биш, ороогүй гишүүдийнхээ араас нэлээд явсан.

Гишүүдийн саналыг урьдчилан авсан учраас нэгдсэн байр суурьтай байсан. Нөгөөтэйгүүр энэ бодлогыг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн хэлэлцүүлэг явж тус болсон. Яагаад гэвэл хүмүүс үүнээс өмнө нөгөө л  төр оролцдог, хийдэг зүйлсээрээ асуудалд хандах нь их байсан. Тиймээс бид “Одоо л ухаалаг төртэй болохгүй бол хэзээ болох юм” гэсний үндсэн дээр унасан заалтуудаа босгосноор энэ бодлого харьцангуй чанартай болсон. Тиймээс чуулган дээр гишүүд шинэ хуулиудаа бодлогодоо нийцүүлээч гэдэг болсон. Би бодлогоо зөв гаргасандаа баярлаж байна.

-Төрөөс уул уурхайн салбарт хууль эрх зүйн тогтвортой орчинг бүрдүүлэхэд юуг анхаарах вэ?

Ард иргэдээс  судалгаа аваад үзэхэд татвар нь өндөр гэж ярихаас  илүүтэй тулгамдсан асуудал нь хууль эрх зүйн өнөөгийн байдал гэж байсан. Тиймээс бид үүнийг бүрдүүлэхийн төлөө ажилласан. Өмнө нь гишүүд нэг, эсвэл хэд хэдээрээ нийлээд нэг хууль өргөн барьдаг, эсвэл сонгууль дөхөхөөр  улс төр хийе гэдэг байдал нь улс төрийн талбарыг хүнд байдалд оруулсан. 

Энэ салбар өөрөө олон мэргэжлийн холбоод, ТББ, хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагуудтай. Эдгээр нь бодлогын зөвлөлөө байгуулаад асуудлаа нухацтай ярилц  гэсэн.  Өөрөөр хэлбэл бодлогын зөвлөл нь уул уурхайн салбарын их хурал гэж ойлгоход болно. УИХ дээр хэлэлцэгдэхээс өмнө уул уурхайн салбар нь өөрсдөө их хурлаа хийж,  холбоод нь хэлэлцсэний дараа бидэнд зөвлөмж гаргаж өгөх ёстой. Гишүүд мэргэжлийн хүмүүсийн хийсэн зөвлөмж дээр үндэслэн сайн хуулийн төсөл боловсруулна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...