С.Одонтуяа: Буруу заалт байсан учраас би дэмжээгүй
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.05.20

С.Одонтуяа: Буруу заалт байсан учраас би дэмжээгүй

Өнгөрсөн долоо хоногт УИХ дээр Газрын тосны тухай хуулийн төсөл олонхийн дэмжлэг авч чадаагүй, унасан. Газрын тосны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяаг хувийн ашиг сонирхлоос энэ хуулийг дэмжээгүй гэсэн тайлбарийг хэлээд байгаа юм. Учир нь С.Одонтуяа гишүүний нөхөр нь Газрын тосны газрын даргаар ажиллаж байгаа учраас ийнхүү хууль унахад нөлөөлсөн гэж үзээд байгаа юм. Энэ талаар С.Одонтуяа гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 -Газрын тосны хууль 50/50 хувийн саналаар унасан. Таныг дэмжсэн санал өгсөн бол хууль унахгүй байх боломж байсан гэх хүмүүс байна?

-Газрын тосны салбар бол Монгол Улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг салбар. Зөвхөн нэг өдөр 800 сая төгрөгийг улсын төсөвт оруулах ёстой. Тэгэхээр энэ нь ямар чухал ач холбогдолтой хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг харуулж байна. Манай улстөрчдөд нэг алдаа байдаг. Нэг салбар нь гайгүй хөгжөөд, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд ирэхээр хатуурхсан, үргээсэн буруу зүйл заалтыг хуулийн төсөлд оруулж ирдэг.  Жишээлбэл, Гэнэтийн орлогын 68 хувийн татварын заалт байх жишээтэй. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр 800 сая төгрөгийг төлөхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байдгийг би сайн мэднэ.

Хуульд аливаа тоог хатуу зааж болдоггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд, анхааруулаад байгаа.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар хэд хэдэн заалт дээр зарчмын зөрүүтэй заалт байсан. Тиймээс нэг мөсөн өрсөлдөх чадвартай салбарыг бий болгох ёстой гэдэг байр суурьтай байсан учраас дэмжээгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжье гэж байгаа ч нөгөө гараараа хуулинд буруу заалт орох юм бол хөрөнгө оруулагчдыг үргээх, энэ салбарыг зогсоох аюултай. Засгийн газар дахин оруулж ирэхээр болсон. Тиймээс гишүүдийн олонхийн саналыг харгалзан хуульд тусгаж, хурдан хугацаанд батлах ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх ямар заалт байсан юм бэ. Өмнө нь газрын тосноос 24 хувийн ашиг авдаг байснаа шинэ хуулиар 50 хувь, газрын тосны төлбөрийг Монголоор дамжуулах гээд олон заалт байсан шүү дээ?

Тосны нийт нөөц нь олборлох тосноос хамаарч их хэлбэлздэг.

-Монголын банкаар дамжуулна гэдгийг бүх гишүүд дэмжиж байгаа. Монголын аж ахуй нэгжээр туслан гүйцэтгэгчээ сонгоно гэсэн заалтыг би дэмжиж байсан ч гишүүд унагасан. Ер нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэ салбар зохицуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ашигтай тосны 50 хувиас доошгүй, бүтээгдэхүүн хуваах тосны 60 хувиас доогүй байх ёстой гэж хатуу заачихдаг. Хуульд аливаа тоог хатуу зааж болдоггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд, анхааруулаад байгаа. Тосны нийт нөөц нь олборлох тосноос хамаарч их хэлбэлздэг. Иймд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр шийдвэрлэж зохицуулдаг. Өнөөдөр Газрын тосны хууль томоохон хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж байгаа учраас бид буруу зүйл, заалт оруулах ёсгүй.

-Газрын тосны хуулийн төслийг татаж авах шийдвэр гарсан байсан учраас МАН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгсөн гэж байсан. Засгийн газар хуулиа татаж авах байсан уу?

-Энэ хуулийг татаж авах асуудал яригдаж байсан. Сүүлдээ энэ хуулиа батлуулаад, нэмэлт өөрчлөлт оруулъя гээд хэлэлцүүлэгт оруулсан юм билээ. Би бол хувь хүний хувьд хуулийг батлаад нэмэлт оруулах биш шууд цогцоор нь батлах ёстой гэсэн байр суурьтай байсан.