Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар хэлэлцлээ
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах
2014.03.20

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

ҮАБЗ-ийн энэ долоо хоногийн ээлжит ажлын уулзалтаар “Шинэ төмөр зам” төслийн явц, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын мэдээллийг сонслоо.

Улмаар ҮАБЗ-ийн гишүүд “Шинэ төмөр зам” төслийн явцтай танилцаад төмөр замын царигийн асуудлыг УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын хэсэг байгуулах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалтын дагуу 2020 он гэхэд түлш, газрын тосны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах бодлогын хүрээнд нэн тэргүүнд дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар хэлэлцлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 11 дүгээр сард Сингапурт төрийн айлчлал хийхдээ тохирсны дагуу төрийн өмчийн оролцоотой компаниудыг үр ашигтай ажиллагаанд шилжүүлэх тогтолцоог бий болгох ажлын хүрээнд Сингапурын төрийн өмчийн “Темасек” компанитай хамтран ажиллахаар шийдвэрлэв.