Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.02.27

Д.Ганхуяг: Бусдын аманд орж үнэтэй бензин авахааргүй болсон

Уул уурхайн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай эрдэс баялгийн салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шатахууны үнэ 20-40 төг­рөгөөр нэмэгдлээ. Цаашид ч гэсэн нэмэгдэх байх гэсэн яриа иргэдийн дунд байна. Учир нь зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин байхгүй гэсэн бичиг наачихаад байгаа?

-Шинэчлэлийн зас­гийн газар шатахууны жижиг­лэн­­гийн үнийг тогтвортой байлгах, им­­­портыг дэмжих, нөөцийг нэ­­мэг­дүүлэх шата­хууны ний­лүү­лэлтийн олон эх үүсвэртэй болох чиглэлээр 2013 онд олон бодит ажил хийсэн. Үүний үр дүнд шатахууны үнэ өнгөрсөн оны зургаадугаар сард нэг литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ сарын эхээр 20-40 төгрөгөөр нэмэгдсэн. Шатахууны үнийн 85 хувь нь хил дээр байдаг үнээс бүрддэг.

Мэдээж ам.долларын өсөлт ч гэсэн маш хүчтэй нөлөөлж байгаа. Хэрвээ Засгийн газраас үнэ тогтворжуулах арга хэмжээ аваагүй бол шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэх байсан. Шатахууны үнийг тогтвортой байлгахад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь нөөц байдаг. Бид шатахууны нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн.

Энэ сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ер­дийн хэрэглээний 35 хо­ногийн газрын тосны бүтээг­дэхүүний нөөцтэй байгаа. Тодруулбал А-80 автобензин 42, АИ-92 нь 30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байна. Тиймээс үнэ огцом өснө гэсэн асуудал үнд­сэндээ байхгүй.

-Шатахууны үнийг цаашид энэ түвшинд нь барих боломж байна уу?

Бид шатахууны нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн.

-Бид шатахууны үнийг тогт­вортой байлгах нэг том механизмийг бүрдүүлж өгсөн. Тэр нь юу вэ гэхээр шатахууны олон эх үүсвэртэй болсноор хүний хэлсэн үнээр бүтээгдэхүүнээ авахаа больсон. Өөрөөр хэлбэл ний­лүүлэгчдээс үнэ нөхцлөөр өрсөлдүүлж худалдан авдаг болсон. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ, БНХАУ-аас неф­тийн бүтээгдэхүүнүүдээ ху­далдан авч байна.

Хуучин ОХУ-ын “Роснефть” ХХК-иас нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг авдаг байсан учраас яах ч арга байдаггүй байсан бол одоо тус компаниас нийт хэрэглээнийхээ 50 хувийг л авч байгаа. Тий­мээс хүний аманд орж, үнэтэй бүтээгдэхүүн авахааргүй болсон.

-УИХ-аас Ашигт малт­малын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар алтанд ногдох татварын хувь хэмжээг 2.5 хувь болгон бууруулсан. Уг хууль хэрэгжээд нэг сар болж байна. Ямар үр дүн гарч байна вэ?

-Энэ хуулийн гол зорилго нь Монгол Улсын гадаад валютыг бүрдүүлэх явдал. Алтаа Монголбанкинд ту­шаа­вал нөөц ашигласны төл­бөр 2.5 хувь байна. Харин ту­шаагаагүй, олборлосон ал­таа өөр сувгаар борлуулж байгаа бол 10 хувийнхаа тат­варыг тө­лөх замаар явж байна. Хууль хэ­рэгжиж эх­лээд тодорхой үр дүн гарсан.

Монголбанкнаас авсан мэ­дээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар 1320 кг алт тушаасан байна. Үүнийг 2012 онтой харьцуулахад зургаа дахин, 2013 онтой харь­цуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Хоёрдугаар сар дуусаагүй байгаа учраас дээрх хэмжээ нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Алтны ил тод байдлыг санаачлан боловсруулж УИХ-д оруулж ирсэн зарим гишүүн энэ хууль хэрэгжиж эхлээд л маргаашнаас нь валютын ханшийг бууруулах болно гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөө­дөр эсрэгээрээ ам.дол­ларын төг­рөгтэй харилцах ханш 1800 болчихоод байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт Ашигт малт­малын тухай хуульд өөрч­лөлт оруулахдаа валютын ханшид шууд нөлөөлнө гэж заагаагүй. Хоёрдугаарт хөрвөдөг валют буюу Монголбанкин дахь алт­ны хэмжээ мэдэгдэхүйцээр нэ­мэгдэж байгааг дээр хэлсэн. Уг хуулийг батлах гэж 200 гаруй хоног болсон. Хэрвээ эртхэн баталсан бол валютын ханш өнөөдөр ингэж өсөхгүй байх байсан

. -“Эрдэнэс таван толгой” компани БНХАУ-ын “Чалко” компанид өрөө хэзээ төлж дуусах вэ?

-БНХАУ-ын төрийн өм­чит “Чалко” компаниас 2011 оны 11 дүгээр сард 250 сая ам.долларын зээл аваад тараагаад дуусчихсан гэд­гийг Монголын ард тү­мэн мэдэж байгаа. Энэ өрийг 2013 онд багтаан төлөх төлөв­лөгөөтэйгээр ажил­ла­сан ч тээ­вэр, цаг агаарын нөх­цөл байд­лаас шалт­гаа­лан нийлүүлэх ёс­той хэм­жээндээ хүрч чадаа­гүй. Зээ­лийн үлдэгдэл 148 сая ор­чим ам.доллараас, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор 1.5 сая тонн нүүрсээр 90 сая ам.долларын өрийг, дөрөв болон таван сард нэг сая тонн нүүрсээр 60 орчим сая ам.долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны тавдугаар сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

-“Coal Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр нүүр­сийг элсээр угаах техно­ло­гийн талаар ярьж байсан. Энэ тех­нологийг хэзээнээс Мон­голд ашиглаж эхлэх вэ?

-Манай яам, Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны яамтай хамтран нүүрсийг хуу­­рай аргаар баяжуулах тех­нологийг Монгол Улсад нэвт­рүүлэх төслийг хэрэг­жүү­лэхээр харилцан тохиролцож, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Элсээр нүүрс баяжуулах төслийн туршилтад “Эрдэнэс таван толгой” компаниас хоёр тонн нүүрс явуулсан. Япон улсад хийгдсэн уг тур­шилтын ажилд Монголоос төрийн нарийн бич­гийн дарга Р.Жигжид тэр­гүүтэй “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс таван тол­гой” ХХК-ийн төлөөлөгчид оролцсон.

Туршилт амжилттай болсон мэдээ надад ирсэн. Энэ онд манай улсад туршилтын ажил хийгдэнэ. Тэгээд үр дүн сайтай байвал уг технологийг нэвтрүүлэх болно. Японы “Нагата Инже­неринг” компани Таван толгойн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хоёр төрлийн технологи, тоног тө­хөө­рөмжийг санал болгож бай­­гаа. Нэгдүгээрт, 10-35 мм-ийн хэмжээтэй нүүрсийг буц­­­­ламгай давхарга бүхий хуур­­маг шингэний орчинд ху­­вийн жингээр “Fluidized bed separator” /FBS/ ангилан ялгах, хоёрдугаарт 0.5-10 мм хэм­жээтэй нүүрсийг чи­чир­гээт налуу хавтан “Air table” /AT/ төхөөрөмжөөр хүндийн жин­гээр шигшин бая­­­жуулахаар тех­нологийн тур­­­шилтыг амжилттай хийж байна.

Дээрх технологийг үйлд­вэр­лэлд нэвтрүүлснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн бай­галь орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач хол­богдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломжтой. 10 сая тонн нүүрсийг ус ашиглан нойтон аргаар бая­жуу­лахад 2.5 сая литр ус шаар­дагддаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл нүүрсийг элс ашиглаж хуурай аргаар бая­жуулах шинэ технологийг нэвтрүүлснээр тэр хэмжээний усыг хэмнэх бо­ломжтой.

-Дархан хотод байгуулах газ­­рын тос боловсруулах үйлд­вэрийн ажил юу болж байгаа вэ?

-Одоогоор Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан. ТЭЗҮ хийгдэж дууссан. Ажлын зураг төслийг хийж эхэлсэн. Ер нь манай яамны зүгээс аж­лыг яаравчлахыг шахаж бай­гаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулах болно.

-Манай улсын төсвийн бүр­дүүлэлт уул уурхайн сайдын багцын орлогын гүй­цэтгэлээс ихээхэн шалт­гаалдаг. Оны эхний байдлаар энэ салбараас улсын төсөвт төвлөрүүлж буй орлогын талаар сонирхуулбал?

-Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 3.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хай­гуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 3.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 25.4 сая төгрөг, бусад орлого 152.5 сая төгрөг байгаа. Газрын тос экспортолж, нийт 25.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.