Газрын тосны сан байгуулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт шилжив
Уул Уурхайн сайд Д.Ганхуяг
2014.01.10

Газрын тосны сан байгуулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт шилжив

УИХ-ын чуулганаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчдын төслийг Уул Уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав.

Хууль санаачлагчид  Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, бүтээгдэхүүн хуваах гэрээнийд дагуу олборлосон газрын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд оруулахаар тусгасан байв. Түүнчлэн Газрын тосны сан байгуулах заалтуудыг оруулсан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн Газрын тусгай сангууд төсвөөс гадуур хөрөнгийг үрэн таран зарцуулдаг, тийм байтал ахиад нэг сан нэмэгдэх нь буруу гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн Газрын тусгай сангуудад шалгалт хийсэн, уг шалгалтын тайлан удахгүй УИХ-аар хэлэлцэх болно гэсэн тайлбарыг өглөө.

Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хувьд Сангийн хөрөнгийг газрын тосны салбарын чадавхийг бэхжүүлэх, хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхэд зарцуулна гэсэн тайлбарыг хийлээ. Тэрээр Газрын тосны салбарыг хөгжүүлэхийн тулд Улсын төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Гишүүд сайд Д.Ганхуяг, Төсвийн байнгын хорооны дарга Ц. Даваасүрэн нарт асуулт тавьж хариулт авсны дараа дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ.