Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй гэв
Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй гэв
2014.05.22

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй гэв

УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл  ажиллагааны талаар мэдээлэл сонссон.

Энэ үеэр өөрчлөлт оруулахаар өргөн бариад буй “Урт нэртэй” хуулийн төслийн асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахгүй, хэвээр мөрдөөд явах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Заавал гол мөрний урсац бүрэлдэх газарт алт ухах хэрэггүй. Олон гишүүн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байгаа гэж бодож байна. Би байр суурин дээрээ хатуу байна, дэмжихгүй” гэсэн юм.

Байнгын хорооны даргын энэхүү байр суурийг Б.Бат-Эрдэнэ гишүүн дэмжиж “Г.Баярсайхан дарга аа танд талархаж байна. Та байгаль орчноо хамгаалахын төлөө шийдвэртээ үнэн ч байгаа нь сайн байна” хэмээн эрхий хуруугаа гоцойлгож дүн тавьж харагдлаа. Байнгын хорооны гишүүд даргынхаа байр суурийг ийнхүү үнэлэв. “Урт нэртэй” хуулийг анх санаачлагч нь Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд юм. Иймдээ ч тэд Засгийн газраас тус хуульд өөрчлөлт оруулахаар санал оруулж ирснийг хамтдаа эсэргүүцэж хүчээ нэгтгэх бололтой.