2014.05.16

Б.Саранчимэг: Нийслэл маань Азийн ногоон дарь эх болно

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 2010 онд Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болж 27 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр 100 гаруй ажилтан ажиллагсадтай болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Богдхан уулынхаа хажууд, Хатан Туулын хөвөөнд, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд буюу, Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл 1280 га газрыг хамарсан томоохон цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зүтгэж байгаа хамт олныг удирдаж яваа Б.Саранчимэгтэй уулзаж цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцын талаар ярилцлаа. Одоогоор 30 га талбайд зургийн дагуу бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. “Энэ төсөл маань өөрөө маш том бүтээн байгуулалтын ажил учраас бид энэ ажлыг маш зөв эхлүүлэхийг зорьсон” гэж тэрбээр яриагаа эхэлсэн юм.
Б.Саранчимэг цааш ярихдаа, гадаад орнуудын туршлагаас харж байхад ч гэсэн энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулах нь зөв үү үгүй юу гэдгийг эхлээд судлах шаардлагатай байдаг. Тийм болохоор ТЭЗҮ-ийг нь олон улсын тендер зарлаад Японы “Арт архитектор” гэдэг компанийн багт таван орны хүмүүс хамтран оролцож томоохон судалгаа хийгдээд, мөн дээрээс нь хөрсний болон байгаль орчны нарийвчилсан судалгаа хийгдээд, мод таригдаад эхнээсээ үр дүнгээ өгч байна гэв.

-Ирэх зургадугаар сарын нэгэнд эхний бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг хийхээр төлөвлөсөн. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа аятайхан өнгөрөөчих газар бий болж байгаад олон хүмүүс баяртай байгаа. Ажлын явц яг одоо дүгнэхэд хэр хэмжээнд байна вэ?

-Одоо манай хүрээлэнгийн талбайд ургаж байгаа модны тоо нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх юм. Энэ бол өнөөдрийн түвшинд чамлахааргүй тоо. Модыг тарихад гол нь биш, ургуулж арчлахдаа гол нь байдаг юм байна. Бидний энэ ажил сэтгэл зүрхээ шингээж хамтарч байгаа хүмүүсийн дэм, оролцоотойгоор урагштай явж байна. Манай хамт олон ч энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, жилийн дөрвөн улиралд усалгаа хийх, хортон шавьжнаас сэргийлэх, үндсийг нь хамгаалах гэх мэтийн маш олон янзын арчилгаа шаардсан ажлыг шантралгүй хийдэг. Энэ нь нэг талаас ажил боловч нөгөө талаас нийслэл хотоо, нийслэлчүүдийнхээ эрүүл, аятай таатай орчинд ажиллаж амьдрах бас нэгэн боломжийг хангахын төлөө идэвхийлэн зүтгэж байгаа л явдал.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бас нэгэн онцлог нь хэн нэг нь хаа дуртай газраа ямар ч хамаагүй мод тарих биш, яг энд хус тарина л гэсэн бол яг тэндээ л хус тарих маш нарийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа төсөл. Мөн Улаанбаатар хотод өдөртөө 30 градусын хүйтэн гэсэн бол яг цэцэрлэгт хүрээлэнгийн тэр орчимд 35 градус хүйтэн байдаг, арай илүү хүйтэн, халуун байдаг бүс. Судалгааны үндсэн дээр 22 төрлийн бут сөөг, мод тарих боломжтой гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар гарсан байдаг. Бид яг энэ судалгааны дагуу л ажлаа маш нарийн зохион байгуулалттайгаар хийж байна.

-Хөрөнгө оруулалт хэр хийгдсэн бэ? Гадаадаас хөрөнгө оруулалт татах боломж гарч байна уу?

-Манайх төсөвт байгууллага. Анх нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөн. 46 аж ахуй нэгжтэй гэрээ хийж, мод тарьж энэ жил гэрээгээ дүгнээд явж байна. Нийслэл хотынхоо өнгө төрх, ногоон байгууламжид санаа тавьдаг иргэд байгууллага олон байдаг юм байна. Тэдний хүч оролцоо энэ цэцэрлэгт хүрээлэнд ихээхэн тус дэм өгөх юм. Нөгөөтэйгүүр төсвөөс санхүүжиж байгаа ч гэсэн бидэнд санаачилга гаргаж хийх ажил маш их бий. НҮБ-ын дэргэдэх байгаль орчны хөтөлбөрийн Солонгос дахь салбартай нь бид холбогдож 100-аад сая төгрөгийн мод тариулсан. Солонгосчууд өөрсдөө ирж хийсэн ажлыг маань үнэлж дүгнээд дахин хамтарч ажиллах боломж нээлттэй байгаагаа илэрхийлсэн. Мөн үүнээс гадна гадаадын дөрвөн төсөлд хамрагдах боломжоо нээчихээд байна.
Ах дүүсийн холбоотой байдаг Турк улс манай цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болсон. Цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах нэгэн хөшөө удахгүй ирнэ. Мөн Солонгосын Сөүл хотын дарга манай цэцэрлэгт хүрээлэнд өөрөө мод тарьсан. Тэр хүн өөрийн гэсэн төгөл байгуулъя гэсэн санал бидэнд тавьсан. Тэр төглийнх нь зураг төсөл нь бэлэн болчихсон. Энэ бол тухайн хүний байгуулсан төгөл боловч манай хотын, хүрээлэнгийн маань тодорхой нэгэн хэсэгт өнгө үзэмжээ өгөх боломжийн нэг хэлбэр. Улаанбаатар хотын засаг захиргааны төлөөллүүд Эрээн хотын Засаг даргатай уулзалт хийх үеэр би өөрөө тэрхүү багт нь орж явсан. Энэ үеэр цэцэрлэгт хүрээлэнгийнхээ талаар танилцуулах боломж гарч хамтарч ажиллах санал тавьсан

-Усжуулалтын асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ? Мөн ажиллах боловсон хүчин сайн байж гэмээнэ ажил бүтэмжтэй байдаг шүү дээ.

-Аливаа ажил дэд бүтэц их чухал. Ногоон байгууламж гэдэг бол цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн гол үзүүлэлт байдаг. Тэр утгаараа усжуулалтын систем, өөрийн гэсэн худагтай болсон. Зургаан га талбайд орчин үеийн усжуулалтын систем хийгдэхээр төлөвлөгөөний дагуу ажил нь явж байна.

Одоо 55 га-д мод таригдчихсан бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. Одоогоор нэг га талбайд хоёр хүн л ажиллах боломж, нөөц хүчин чадалтайгаар ажиллаж байна. Бид амралтын өдөр гэж байхгүйгээр ирэх зургадугаар сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Манайд ажиллаж байгаа залуучуудын хувьд МУИС-ийн болон ХААИС-ийн ойн ангийг төгссөн. Тэднийгээ Эрээнд ажил хэргийн шугмаар туршлага судлуулаад ирсэн.

Манай Ерөнхий инженер Оюунгэрэл маань ажлын дадлага туршлага сайн, чадварлаг хүн учраас ажил маань урагштай явахад маш их дөхөм болж, гол ажлыг зөв чиглүүлж өгч байна. Тэгэхээр иймэрхүү ажил дээр менежментийн ажил ихээхэн чухал ч туршлагатай боловсон хүчин маш их хэрэгтэй.  Таван бригадболгочихоод тэднийхээ дунд уралдаан зарлачихсан байгаа. Тийм болохоор манай хамт олон илүү их өрсөлдөөнтэй, идэвхитэй ажиллаж байна.

Бид одоогоор 8 га талбайд зүлэгжүүлэлт хийсэн, гол замаа хийгээд, гэрэлтүүлэг сандлаа хийж тохижуулсан, усан оргилуур хийгдэж байгаа, авто зогсоолтой болсон гэх зэрэг хийх ёстой гол ажлуудаа нугалаад л зураг төслийнхөө дагуу хийгээд л явж байна.

Хөрөнгө мөнгөний тал дээр энэ том бүтээн байгуулалтанд хүрэхгүй байх тохиолдол гарч байна уу?

-ТЭЗҮ-ийн судалгаагаар энэ төсөл маань 10 жилийн хугацаанд дөрвөн үе шаттайгаар 190 сая долларын хөрөнгө зарцуулагдаж хийгдэх ажил гэж тооцогдсон. Одоогоор бидэнд байгаа боломж нь энэ хэмжээнд хүрэхгүй байгаа. Гэхдээ байгаа хөрөнгөндөө хамгийн сайн чанартай зүйл хийх нь бидний гол зорилго. Үүнээс гадна гадаадын зарим хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах боломжийг бид эрэлхийлж байгаа. Гэхдээ бага хөрөнгөөр их зүйлийг хийж болдог гэдгийг бид нотлож чадах байх.

Манай талбайд байгаа моднууд ширхэг бүрээрээ бөөцийлөгдөж, бараг л хүүхэд шиг арчилгаан дунд ургаж байгаа.

Өвдөгнөөс дээгүүр татсан шарилжтай байсан газар өнөөдөр ямархуу байдалтай болсон байгаа вэ гэдгийг мэдэх хүмүүс нь мэддэг болсон. Хүний гар сэтгэл хүрсэн газар яаж өөрчлөгддөг вэ гэдгийг бидний арчилж байгаа талбайгаас харж болно. Мөн цэцэрлэгт хүрээлэн маань ундны усны эх үүсвэр дээр байдаг гэдэг утгаараа био бордоо хэрэглэдэг, өөрийн гэсэн бойжуулах газартай болсон. Тодорхой хугацаанд бойжсон модоо суулгаж тарих нь хамгийн тохиромжтой хувилбар юм байна. Манай бойжуулах газар маш сайн байна гэж мэргэжлийн хүмүүс үнэлж дүгнэсэн.

-Ямар ч улс оронд, ялангуяа нийслэл хотод нь ногоон байгууламж маш чухал байр суурийг эзлэх ёстой. Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ байдаг. Яавал энэ байдал арай дээрдэх юм бол?

-Хөгжилтэй орнуудын хотуудын төлөвлөлтөнд 50-70 хувь нь ногоон байгууламж тусгагдсан байдаг байна. Өнөөдөр Улаанбаатар хотын газар нутгийн 3-5-хан хувьд нь ногоон байгууламж байна. Энэ дэндүү хангалтгүй тоо. Миний бодлоор нийслэлийн маань бүх дүүргүүдийн ногоон байгууламж өдрөөс өдөрт нэмэгдсэн, шарилжгүй, зүлэгжсэн байх ёстой гэдэг бүр хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм. Ногоон байгууламжтай болсон байгууллага иргэдийг урамшуулдаг, ногоон байгууламж байхгүй, эргэн тойрондоо шарилжтай бол торгодог тийм хөшүүрэг баймаар байна.
Хэдэн жилийн өмнө Азийн цагаан дагина гэж нэрлэгдэж байсан Улаанбаатар нийслэлээ бид Азийн ногоон дарь эх болгохын төлөө би иргэн хүнийхээ хувьд сэтгэлээ зориулж ажиллах үүргийг өөртөө өгсөн байгаа. Мөн нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтраад нийтийн эзэмшлийн газарт ногоон байгууламж бий болгосон аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг урамшуулах удирдамж боловсруулж байгаа.

-Нэг ёсондоо ногоон байгууламжийг зөвхөн төрөөс шаардах биш, иргэн бүр, дор бүрнээ анхаарах зайлшгүй шаардлага бий болжээ. Өнөөдөр бидний амьсгалж байгаа агаар ямар хэмжээнд хүрээд байгаа билээ гэдгийг хүн бүр ухамсарлах, бүтээлчээр хандах сэтгэлгээг бий болгомоор юм, тийм үү?

- Өнөөдөр манай нийслэлд ногоон бодлого үнэхээр дутагдаж байгаа. Эртнээс Монголчууд байгальтайгаа яаж зөв харьцаж, хамгаалж ирсэн уламжлалтай билээ. Хориод жилийн өмнө нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж дутагдана гэж зүүдлээ ч үгүй явж байлаа. Гэтэл өнөөдөр ийм хэмжээнд хүрчихсэн байгаа юм чинь маргааш ямар байдалтай байх вэ гэдгийг иргэн бүр ухамсарлах хэрэгтэй байна. Үр хүүхдээ сайхан амьдрах боломжийг бид л бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Өвөг дээдсээс асар их үнээр олсон газар нутгийнхаа төлөө жаахан ч гэсэн хөлс хүчээ гаргах итгэл зориг, сэтгэл хэрэгтэй байна.

Ногоон Улаанбаатарын төлөө, ногоон бодлогыг дэмжиж, хувь хүн ирээдүй хойчийнхоо төлөө боломжтой бүхнээ хийх ёстой байх. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол зөвхөн Улаанбаатарын  хүрээнд яригдах зүйл биш, нийт монголын хэмжээнд чухалчлагдаж ярих том ажил. Энэ ажил маань ямар ч байсан үр дүнгээ өгнө. Цэцэрлэгт хүрээлэнгийн талаар хүмүүс анх мэдээлэл багатай байсан бол олон байгууллага иргэн өөрийн төгөлтэй болъё, мод тарья гэж хандах болсон. Саяхан сэтгүүлчдийн хусан төгөл бий боллоо. Манай хамт олон тав, арван жилийн дараа энэ ажил маань тийм хэмжээнд байна гэсэн маш сайхан төсөөллөөр ажлаа урам зоригтой хийдэг шүү.

-Энэ ажил үнэхээр хүмүүсийн төлөө, тэдний эрүүл орчинд амьдрах таатай нөхцөлийг бий болгох том буян юм.

-Тийм ээ. Энэ ажил маань өөрөө их сайхан ажил болохоор олон түмний буянаар маш урагштай явж байна. Буддын сургаальд буян хийе гэвэл мод тарь гэж хүртэл байдаг шүү дээ.

-Цэцэрлэгт хүрээлэнгийн маань байршил нийслэлийн зүүн урд захад. Нийтийн тээврийн асуудлыг яаж зохицуулах вэ?

-Хотын нийтийн тээврийн газарт энэ тухай албан бичгээ хүргүүлсэн. Энэ үнэхээр чухал асуудал. Тэнд “Баянмонгол”, “Маршал таун” хороолол хотхон бий боловч автобусны зогсоол байдаггүй. Тийм болохоор автобусны зогсоол байх шаардлагатай, тэр чиглэлд явдаг нийтийн тээврийн унаатай болох ёстой гэсэн асуудлыг бид зохих газруудад тавьсан байгаа. Тийшээ чиглэсэн зам дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. Энэ ажил тийм ч хүндрэлтэй биш юм билээ.

-Мод, бутны тарьц суулгац сайн чанарынх байвал илүү сайн байх биз?

-Бид одоо тарьж ургуулж байгаа модоо ёстой л эхийн сэтгэлээр арчилж бөөцийлж байгаа. Гурван жил арчилсан мод маань түүнээс хойш аяндаа биеэ даах чадвартай болсон байдаг юм байна. Мөн стандартын, сайн чанарын мод тарих нь чухал. Манай хувьд өөрийн гэсэн мод бойжуулах газрынхаа болон өөр бусад хамгийн сайн чанарын гэсэн мод суулгацыг тарьж ургуулж байна. Мөн усалгаа хүртэл маш нарийн горимтой.

-Энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар нийслэлийн агаарын бохирдол зэргийг шийдэхэд багагүй үр дүнгээ өгнө байх. Энэ талын судалгаа бий юу?

-Улаанбаатар хотод агаарын бохирдол, машины түгжрэл, тоосжилт гээд олон асуудал байна. Агаарын бохирдол тоосжилтыг шийдэх бас нэгэн алхам нь энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил. Би иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд үүн шиг олон цэцэрлэгт хүрээлэн нийслэл хотын маань эргэн тойронд бий болоосой гэж бодож явдаг. Мод ургамал бий болгосноор чийг тунадасны 75 хувь нь хөрсөнд шингээд, агаарын чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцоолсон байдаг юм билээ. Тэгэхээр байгалийн тэнцвэр өөрөө алдагдахгүй байж гэмээнэ хүний эрүүл аюулгүй орчин бий болно гэсэн үг. Өнөөдөр манай нийслэлд байгалийн тэнцвэр дээд хэмжээгээрээ алдагдчихсан. Улаанбаатар хотын төлөвлөлтийг харж байхад 5-7-хон хувь нь ногоон байгууламж байна гэдэг нь хангалтгүй, бүр дэндүү хангалтгүй тоо. Бид үүн дээр гол анхаарлаа хандуулж бүр бологын түвшинд ногоон байгууламж бий болгох асуудлыг анхаарах цаг нь болсон. Нийгэм өөрөө оршин тогтнох нэг гол үндэс нь байгалийн тэнцвэрт байдал. Үүнийг бид л хийх ёстой, иргэн бүр санаачлагатай сэтгэлтэй хандах ёстой. Манай цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, өөрийн гэсэн төгөлтэй болох боломж, үүд хаалга нээлттэй. Хүн бүрийн сэтгэл оролцоогоор нийслэлийн маань ногоон байгууламж нэмэгдэж, сайжирч, үр дүнгээ өгөх юм.