Б.Саранчимэг: Мод тарьчихаад явахаа бодохоос биш эргэж ирж модоо арчилдаг хүн тун ховор
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг урьж ярилцлаа. Манай улс 2020 он гэхэд дэлхийд нэгдүгээрт орох хэмжээний цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ их ажлыг Б.Саранчимэг дарга эхлүүлээд байгаа юм.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн энэ газар өмнө нь хогийн ургамлаар дүүрсэн шороо бужигнаж байсан. Одоо танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна. Хүн бүхний очих дуртай газар болгож чадсан нь танай хамт олны ач?
-Баярлалаа. Сингапур улсын Ерөнхийлөгч улсдаа мод тарих гэтэл хөрс нь муу учраас мод ургахгүй байсан гэдэг. Тиймээс Австрали улсын эрдэмтдээр хөрсний судалгаа хийлгэсний үр дүнд өнөөгийн ногоон байгууламж бүхий Сингапур улс өнгө төрхөө олсон юм гэнэ лээ. Үүний нэгэн адил бид шинжлэх ухааны үүднээс хөрсийг судалж мод тарих боломжтой юу гэдгээс ажлаа эхэлж байсан юм.
Өөрөөр хэлбэл, хөрсний, техник эдийн засгийн, байгаль орчны судалгааг хийлгэсний үндсэн дээр ажлаа эхлүүлсэн. Хөрсний судлаач н.Батхишиг доктортой хамтран ажилласан. Цэцэрлэгт хүрээлэнгийн 975 га-аас 180 гаруй га-ийн хөрс маш сайн, мод ургахад хамгийн тохиромжтой орчин. Харин үүнээс цаашлах тусам хөрс жаахан муу. Тиймээс нэмэлт бордоо хэрэглэж байж мод ургуулна гэсэн судалгаа гарсан.
Одоо хүрээлэнд олон арчилгаа, тордолгооны үндсэн дээр 22 төрлийн мод тарьж байна. Таны түрүүн дурьдсанчлан анх цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хогийн ургамал дүүрэн, шороо эргэлдсэн газар байсан бол өнөөдөр иргэдийн хөл тасрахгүй, сайхан хүрээлэн болж байна. Мөн төрийн тэргүүнээс эхлээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дэмжих захирамж гаргасан шүү дээ. Энэ мэт бидэнд итгэл өгсөн сайхан ажлын үндсэн дээр ажил маань урагштай явж байгаа.
-Бид Мод тарих үндэсний өдөртэй болсон. Хүмүүс ч сэтгэл хангалуун байгаа. Та бүхний ажилд ч нэг талаараа энэ ажил тус болж байгаа болов уу?
-Тийм ээ, маш зөв санаачлага. Ганц бидний ажилд гэлтгүй хотод маань эрүүл орчин бүрэлдэхэд иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Мөн нэмж хэлэхэд модыг анхнаасаа л зөв, стандартын дагуу суулгаж байж ургалт сайн байна. Үүнээс гадна нэг анхаарах зүйл нь бойжуулах газраас сайн суулгац авах тухай асуудал. Бид мэргэжлийн 10 гаруй аж ахуй нэгжтэй хамтарч ажиллаж байна.
-Одоо танай хүрээлэнд хэчнээн мод, бут сөөг тариад байна. Мод тарих ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа биз дээ?
-Мэдээж. Бүх ажил төлөвлөлтийн дагуу явагдана. НИТХ-аар анх 180 га газрын ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Үүнээс одоогийн байдлаар 30 газрын зураг төлөвлөгөө хийгдсэн. Хэн нэгэн нь дураараа хаа хамаагүй газар мод тарих болон өөр бусад ажил явагдана гэж байхгүй. Одоогийн байдлаар 110 мянга гаруй модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан. Ургалт 95 хувьтай. Мод тарьж ургуулах ажлыг хүүхэд төрүүлж, өсгөхтэй адилтгадаг. Өөрөөр хэлбэл, асар их арчилгаа тордолгооны үндсэн дээр мод ургаж байна гэсэн үг.
-Анх цэцэрлэгт хүрээлэнд цагдаагийн албан хаагчид нэмэржит талбай байгуулахдаа итгэл муутай байсан гэж сонсч байсан юм. Яг ийм бодол олон хүнд байсан байх даа?
-Манай цэцэрлэгт хүрээлэнд анх Цагдаагийн талбай хийгдэж байсан. Тэд тухайн үед энэ ажил цааш үргэлжлэх болов уу гэдэг байдлаар сэтгэл зовниж байсан бол өнөөдөр эсэргээрээ бидэнд маш их урам хайрлаж байгаа. Саяхан Үндэсний мод тарих өдрөөр ч гэсэн олон хүн ирж мод тарихаас гадна бидний ажлыг дэмжиж, ажлын эрч хүч өгсөн. Мөн Сөүлийн төглийг гадны хөрөнгө оруулалтаар байгуулахдаа ч мөн сэтгэл зовниж байсан юм. Ямар ч усжуулалт байхгүй хүндрэлтэй байна гэдгийг хэлж байсан ч одоо бол өөр болсон шүү.
-Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн сайхан шийдэл нь хөдөлгөөний дутагдалтай нийслэлчүүдийн асуудлыг шийдсэн явдал гэж боддог. Хэчнээн хүн дасгал хөдөлгөөн хийхээр ирэх юм?
-Хүрээлэн маань эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Миний хувьд ч гэсэн фитнест явахгүй бол бие хөшөөд байгаа юм шиг санагддаг. Дэлхий нийтээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол хөшүүрэг нь хөдөлгөөн. Тиймээс л энэ чиглэлийн ажлыг эхнээс нь хийж байна.
Манай хүрээлэнд долоо хоногийн амралтын хоёр өдөрт 09.00-10.00 цагт иогийн дасгал хийдэг. Үүнд маш олон хүн ирж оролцдог. Дээрээс нь зургадугаар сарын 1-ээс эхлэн нийтээр заавал сурах 10 бүжгийг иргэдэд зааж өгнө. Долоо хоногийн пүрэв, баасан гарагийн орой мэргэжлийн багш иргэдэд зааж өгөх юм. Миний хувьд долоо хоногийн гурван өдөр фиттнест явдаг учраас энэ чиглэл рүү хандсан ажлыг их хийж байна.
-2020 он гэхэд бид дэлхийд нэгдүгээрт орох цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэсэн зорилт тавьсан. Одоогоор энэ ажлын хэдэн хувийг нугалаад байна вэ?
Энэ жилийн тухайд тохижилтын ажилд зарцуулах хөрөнгөний хоёр хувь нь тавигдсан.
-Анх манай байгууллага 27 ажилтай байсан бол өнөөдөр 100 орчим ажилтантай болжээ. Тэд маань хүнд нөхцөлд ажилладаг гэхэд болно. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байгаа ч энэ цэцэрлэгт хүрээлэнг бий болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа. Гэхдээ тэдний маань авдаг цалин хангалтгүй л байгаа.
Ер нь ТЭЗҮ гэдэг нь энэ ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ, төсөл хэзээ дуусах, хэзээ ашигтай ажиллах бол гэдэг судалгаа шүү дээ. Судалгааны дагуу хөрөнгө нь суугаад явбал ажил дуусна. Энэ жилийн тухайд тохижилтын ажилд зарцуулах хөрөнгөний хоёр хувь нь тавигдсан. Энэ төсөл маань 10 жил үргэлжлэх ёстой шүү дээ. Тийм болохоор хөрөнгө мөнгөний асуудал үүсэхгүй бол ажил дуусах учиртай. Ингэснээр дэлхийд нэгдүгээрт орох цэцэрлэгт хүрээлэн босно.
-Энэ жил манай улсын эдийн засаг хүндхэн байгааг хаа хаанаа хэлж байгаа. Тэгэхээр цэцэрлэгт хүрээлэнд төсөвлөгдсөн хөрөнгө ч гэсэн танагдах болов уу?
-Нийслэлийн төсвөө дагаад өмнөх жилүүдээ бодоход нэмэгдэж байгаа. Энэ ажил маань иргэдийн талархал хүлээсэн бүтээн байгуулалт учир хотын дарга болон төлөөлөгчид маань энэ ажлыг тууштай дэмжиж боломжийн хэрээр л төсөв суулгаж өгч байгаа. Хэдий ТЭЗҮ-ээр нийт шаардагдаж буй хөрөнгийн хажууд маш бага хөрөнгө ч тэрбум 900 сая төгрөг тавигдсан. Тухайн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийсэн нь хүн бүхний нүдэнд ил байгаа учраас төлөөлөгчид маань энэ ажлыг ойлгож байгаа учраас дараа дараагийн төсөвт ойлгоод оруулж өгөх байх гэж найдаж байна.
-Өнөөдөр нэн түрүүнд энэ хүрээлэнд хийх ажил юу байна. Төсвөөс гадна?
-Мэдээж шаардлагатай зүйл их бий. Нэн түрүүнд хамгаалалтын хашаа хэрэгтэй байна. Хамгаалалтгүйгээс болж цэцэрлэгт хүрээлэнд тарьсан модыг хугалах, гишгэхээс гадна эргэн тойрны тохижилт хогийн савыг эвдэлж сүйтгэх үзэгдэл маш их байгаа. Энэ нь нэг талаараа иргэдийн экологийн боловсрол дутмаг байгааг харуулахаас гадна аливаа зүйлийг хайрлаж хамгаалахгүй байх ухамсаргүй байдлаас болдог. Өөрсдийн гараар бий болгосон зүйлээ өөрсдөө үгүй хийх гээд байна. Тиймээс үүнийг хамгаалах асуудал тулгамддаг. Үүнийг нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулж, хөрөнгө гаргаж өгөх хүсэлт тавьсан. Нийслэлийн удирдлагууд маань дэмжинэ гэж найдаж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд байгаль эх дэлхийн төлөө, дэлхийн дулаарлын эсрэг цөөхөн ажил хийж чаддаг.
Үүний нэг нь л мод тарих үйлс. Тийм учраас иргэд маань энэ цэцэрлэгт хүрээлэнд ирэхдээ нэг, нэгэндээ шаардлага тавьж, зөв боловсон цагийг өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Иргэдийн хувьд мод тарьчихаад явахаа бодохоос биш эргэж ирж модоо арчилдаг нь тун ховор. Тийм болохоор бидний энэ их ажлыг сүйтгэх бус дэмжиж ажиллаасай гэж боддог юм.
-Засаг дарга хэр дэмжиж байх юм?
-Асуудлаа танилцуулахад Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад ир гэсэн. Тэгэхээр энэ ажлын дэмжиж байгаагийн нэг илрэл гэсэн үг шүү дээ. Хамгийн түрүүнд ариун цэврийн газар, хамгаалалтын хашаа, камержуулалтыг шийдэж өгөх асуудлыг тавина.
-Манай улс үржүүлгийн модыг гаднаас оруулж ирдэг гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
Манай хүрээлэнд долоо хоногийн амралтын хоёр өдөрт 09.00-10.00 цагт иогийн дасгал хийдэг.
-Ямар ч цэцэрлэгт хүрээлэн бойжуулах газраас мод авч суулгадаг. Манайх ч гэсэн эрдэмтдийн зөвлөл байгуулж Баянзүрх дүүрэгт 10 га газар авч бойжуулах ажлыг хийхээр болсон ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж энэ ажил зогсоод байгаа. Гэхдээ манай цэцэрлэгт хүрээлэн өөрсдийн нөхөн тарилтад зориулж бага хэмжээний бойжуулах газрыг хийсэн.
Ерөнхийдөө 10 орчим аж ахуй нэгж бойжуулах үйл ажиллагааг хийдэг. Эдгээр байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Гэхдээ ногоон байгууламж эрхэлдэг газрыг бодлогоор дэмжмээр байгаа юм. Үүнээс гадна ногоон байгууламжийн үнэлгээ маш муу. Үүнийг ч гэсэн анхаарч бойжуулах газрыг төрөөс дэмжих ёстой.
Гаднаас үржүүлгийн мод оруулж ирж байна гэсэн яриатай санал нэгдэхгүй байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бол манай улсад бойжуулсан модыг тарьж байна. Гадны модноос сэрэмжлэх болгоомжлох асуудал их шүү дээ. Түүгээр дамжиж хортон шавьж дамжих гэх мэт эрсдэл их.
-Та нийслэлийн Байгаль орчин, экологийн хороог тэргүүлдэг. Тэр хүрээндээ ямар ажилд анхаарал хандуулж байна вэ. Экологийн талаар нийслэлд тулгамдсан асуудал маш их байгаа?
-Экологи гэдэг нь маш том асуудал. Хөрс, ус, агаар, ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь авч үздэг. Тэр дундаа нийслэлийн экологийн доройтол гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд нэг их буруудахгүй болов уу гэж боддог. Гэтэл төр засаг маань эдгээр харилцан хамааралтай хүчин зүйлсийг салгаж үзэж, арга хэмжээ авч байгаа нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа.
Мөн энэ асуудалд зарцуулах хөрөнгө мөнгө төсөв ач холбогдолтой нь харицуулахад далайд дусал гэдэгтэй адил байна. Гэхдээ бид бага багаар ажлууд хийж байна. Өнгөрсөн жил хотын Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулах санал оруулж дэмжигдсэн.
-Тэгвэл манай улс удахгүй ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөтэй болох нь ээ?
-Энд санаа зовоох нэг зүйл бий. Учир нь хөрөнгө төлөвлөгдсөн ч Дэлхийн банк энэ чиглэлээр ажиллаж байгаа гээд тэр мөнгийг өөр зүйлд зарцуулахаар болоод байна. Өөрөөр хэлбэл, мастер төлөвлөгөөг Дэлхийн банкны төсөл рүү оруулсан. Тэгэхээр мастер төлөвлөгөө маань зөвхөн зөвлөх үйлчилгээ болоод гараад ирэх вий гэж болгоомжилж байна.
Мэдээж зөвлөх үйлчилгээн дээр тулгуурлаад мастер төлөвлөгөө хийгдэх учиртай. Бид ийм төлөвлөгөөгүйгээс болж ургаж байсан мод гадны нөлөөнөөс болж их устаж үгүй болж байна. Тухайлбал, өнгөрсөн жил бидний нэрлэж заншсанаар “120-ын буудал” орчимд замын ажил хийхэд маш олон мод устаж үгүй болсон. Тиймээс модыг бүртгэлжүүлж, түүнийг эргүүлэн нөхөн сэргээдэг байх зарчим руу явах ёстой.
Гадны орнууд ч гэсэн ногоон байгууламжийн бодлогыг хариуцаж, бүртгэлжүүлждэг. Саяхан Австралид явж байхад “Төрийн данстай мод” гэж байсан. Тиймээс манай улсад ч гэсэн олон жилийн түүхтэй мод байгаа учраас үүнийг бүртгэлжүүлж, хортон шавьжаас хамгаалдаг, хайрладаг, арчилдаг байх чиглэл рүү орох ёстой.
-Модыг хариуцах эзэнгүй хэн дуртай нь сүйтгэж байна гэж ойлгож болох уу. Ер нь манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ?
-Үүнийг нэгдсэн удирдлагатай болгох ёстой. БОНХЯ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, экологийн хороо, Байгаль хамгаалах газрын ажлын уялдаа сул байгаагаас болж мод эзгүйрэх сүйтгэх үзэгдэл байсаар байна. Тийм учраас энэ ажлын холбоог сайжруулах зайлшгүй шаардлагатай.
Үүнээс гадна экологийн боловсрол гэдэг зүйлийг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгөх ёстой. Нэг жишээ хэлэхэд, Германд дайн болж байхад нэг цэрэг мод тайрах гэж байгаад буудуулсан түүх байдаг. Үүний нэгэн адил бид ногоон байгууламжийг хайрлан хамгаалах сэтгэхүй, боловсролыг хүүхдэд багаас нь олгох ёстой. Миний хувьд ч гэсэн үүнд анхаарч ажиллаж байна. Энэ дагуу хоёр жилийн судалгааны үндсэн дээр “Ногоон ном”-ыг эрхлэн гаргалаа.
-“Ногоон ном”-оор дамжуулж та нийгэмд ямар зүйлийг хэлэхийг хүсэв?
-Бидний өвөг дээдэс маань бидэнд байгаль дэлхийгээ хэрхэн хайрлан хамгаалж ирсэн асар арвин өв уламжлал өвлүүлэн өгсөн, түүний учир шалтгааныг хойч үедээ бага ч гэсэн хэсгийг таниулах зорилго. Нөгөө талаас эдийн засаг хөгжихийн хэрээр ногоон байгууламж, экологийн тэнцвэргүй байдал үүсээд буйг хөндсөн.
Байгаль тэнцвэрт байдлаа алдаж байгаагаа цунами, хар салхи, үерийн их усаар илэрхийлдэг юм байна. Тиймээс улс орон эдийн засгийн хөгжлийг тэргүүнд тавихаас илүүтэй байгаль, эх дэлхийн тэнцвэртэй байдалд уялдуулж эдийн засгаа хөгжүүлдэг болох хэрэгтэй. Мөн бид хотын экологийн асуудлууд болон түүнээс гарах гарцуудыг тодорхойлох зорилгоор хэдэн бүлгүүд бичигдсэн.
-Байгаль эх дэлхийн тэнцвэртэй байдалд уялдуулж эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэж байна. Гэтэл энэ бол манай хамгийн том тулгамдсан асуудал болсон. Жишээ нь, нийслэлийг тойрсон элс хайрганы үйлдвэрүүд байгальд хор учруулсаар байна. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон биш үү?
-Гол төв нь Хан-Уул дүүрэгт байна. Тэр олон элс хайрганы газрыг нэгдсэн бодлогоор цэгцлэхээр болсон. Журам боловсруулж, түүнийхээ дагуу цэгцлэхгүй бол байгаль, экологийн тэнцвэргүй байдал үүсч буйг хүн бүхэн мэдэж байгаа. Бид эдийн засгаа хөгжүүлэх гэж газар шороогоо хамаагүй ухаж болохгүй гэдгийг нийслэл бодлогоор зангидаж, Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэнэ.
Өмнө нь цэвэр ус, агаарын бохирдлын талаар нэг их ойлголтгүй байсан нь үнэн. Гэтэл эдийн засаг хөгжих хэрээр үүний горыг амсч байгаа учраас тухайн хувь компаниуд ч гэсэн үүнийг анхаарч ажиллаж байх. Мөн хөрсний бохирдол анхаарал татсан, тулгамдсан асуудал болоод байна. Японы зөвлөгөөгөөр дөрвөн жил дараалан нийслэлийн гэр хорооллын бие засах газрыг ариутгах ажил эхэлсэн ч нэг жил болоод зогсчихсон. Уг нь гэр хорооллын 180 мянган бие засах газрыг ариутгах ажлыг дөрвөн жил хийсэн бол хөрсний бохирдолд эерэг нөлөө үзүүлэх байсан юм болов уу. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхгүйгээр өмнөх ажлаа үгүйсгэх байдал гарч байгаад харамсч байна.
-Энэ олон ажлыг зэрэг зэрэг амжуулаад явдаг гэхээр их л завгүй байдаг биз. Таныг нээрээ сурч байгаа гэж сонссон?
-Хүн сурахад хэзээ ч илүүдэхгүй учраас МУИС-ийн Хуулийн ангид сурч байгаа. Миний хувьд гадны орнуудын Их сургуульд сурч байснаас Монголдоо сурч байгаагүй. Тиймээс эх орондоо олон сайхан эрдэмтэн багш нараар ном заалгаж байгаадаа баяртай байгаа. Ер нь хүн бүхэн хуулийн талаар мэдлэгтэй байх ёстой гэдэг. Миний ажилтай ч их уялдаж байгаа. Удахгүй “Төрж буй лидер” хөтөлбөрийн хүрээнд Харвардад нэг сар сурна.
Үүнээс гадна “Greenbook.mn” гэсэн цахим хуудас ажиллуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Үүгээрээ дамжуулан иргэдэд экологийн боловсрол олгож, мэдээлэл өгөх зорилго баримтална. Мөн дээрх чиглэлээр сургуульд лекц семинарыг өгч байна. Үүнээс гадна “Ногоон ном”-оо үргэлжүүлэн гаргана гэх мэт маш олон ажил хийхээр төлөвлөөд эхнээс нь ажилдаа орсон байгаа. Мөн Нийслэлийн НАМЭХ-г удирдаж байгаагийн хувьд эмэгтэйчүүдтэй хамт нийгэм рүү чиглэсэн олон ажлыг хийнэ. Их л олон зүйл төлөвлөөд явж байна даа.