Хөтөлийн “Цементийн үйлдвэр”-ийн өргөтгөлийн нээлт боллоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцлаа. “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” өргөтгөл шинэчлэлт хийснээр улирлын чанартай үйлдвэрлэл явуулахаа больж жилийн 4 улиралд байнгын ажилладаг болжээ.
“Эрэл” цементийн үйлдвэр өнгөрсөн онд 50 гаруй мянган тн цемент үйлдвэрлэсэн бөгөөд энэ жил 100 мянган тн-ыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Эдгээр үйлдвэртэй танилцсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөтөлийн “Цементийн үйлдвэр”-ийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцож, шинэ үйлдвэр барьж, олон хүнийг ажилтай болгож, эх орондоо том бүтээн байгуулалт хийсэн үндэсний компаниуд болон Хөтөлчүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Хөтөлийн “Цемент-шохой” ХК 30 жилийнхээ босгон дээр хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлж, дотоодын цементийн хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэж чадахаар боллоо. Үндэсний компаниуд хөрөнгө гаргаж, Хөгжлийн банк дэмжин ажилласнаар жил 6 сарын хугацаанд шинэ үйлдвэр барьж ашиглалтад орууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Манай улс 2013 онд 2 сая тн цемент хэрэглэсэн бөгөөд шинэ үйлдвэр энэ хэрэгцээний 50 хувь буюу жилд 1 сая тн-ыг үйлдвэрлэнэ. Монголын төр, хувийн хэвшил хамтраад зүтгэвэл эх орондоо ихийг хийж бүтээж чадна гэдгийг энэ түүхэн үйл явдал нотолж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Дорноговь аймагт жилд 2 сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орох юм
Засгийн газраас 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажиллаж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ шаардлагад бүрэн нийцсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс гадна Дорноговь аймагт жилд 2 сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орох юм. Энэ мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд Чингис бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ гэлээ.
1983 онд шаваа тавьсан манай үйлдвэр 30 жилийн хугацаанд Монгол Улсын барилгын үйлдвэрлэлийн салбарт жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Хөтөлийн “Цемент-шохой” төрийн өмчит компани үндэсний хөрөнгө оруулалттай “Бейзмент” ХХК-тай хамтран шинэ үйлдвэр байгуулж нээлтээ хийсэн нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн тод жишээ боллоо. Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, импортын цементтэй өрсөлдөж чадахуйц өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлийн ханшаас хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулна. Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад улам их хувь нэмэр оруулахын төлөө зүтгэж ажиллах болно гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Батдорж хэлээд Монгол Улсын Засгийн газар, үндэсний хөрөнгө оруулалттай “Бейзмент” компани болон Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг хамтарч, дэмжиж ажилласан байгууллага, хамт олонд талархал илэрхийллээ.
Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг болон хамтарч ажилласан байгууллагуудын удирдлага, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрэл цементийн үйлдвэрийн ажилчид, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэд оролцлоо