Б.Саранчимэг: 10 жилийн хугацаанд 95 сая ам.доллар зарцуулж байж бидний хүссэн цэцэрлэгт хүрээлэн бий болно
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэгтэй
2014.05.16

Б.Саранчимэг: 10 жилийн хугацаанд 95 сая ам.доллар зарцуулж байж бидний хүссэн цэцэрлэгт хүрээлэн бий болно

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэх энэ нэр сүүлийн үед хүмүүсийн амнаас олон сонсогдох болсон. Үүнийхээ хэрээр ч олон хүн цугладаг газар болжээ. Өнгөрсөн жил нээлтээ хийхэд нь сонирхож очих хүмүүс л байснаас, өнөөдрийнх шиг зорьж очдог нь ховор байж. Нийслэлчүүдийг баярлуулж буй бүтээн байгуулалтын талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүс “Үндэс­ний цэцэрлэгт хүрээлэн”-д ирж ал­жаалаа тайлах дуртай болоод байгаа..?

-Тийм шүү. Өглөөний 05:00 цагаас иргэд гүйгээд, дугуй унаад эхэлдэг. Оройн цагаар бүр олон хүн цуглардаг. 23:00 цагаас гэрэлтүүлэг, усан оргилуураа зогсоодог. Хүмүүс их л дургүйхэн тарцгааж байгаа харагддаг юм.

-Нээлтээ хийж байсан үеийг бодвол гарсан ахиц дэвшил, бүтээн байгуулалт нүдний өмнө ил байна. Гэхдээ энэ зөвхөн эхлэл гэж ойлгож байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт яг хэзээ дуусахаар төлөвлөгдсөн бэ?

-960 га газрыг хамарсан учраас маш том төсөл. Техник эдийн засгийн үндэслэлийг нь олон улсад тендер зарлаж хийлгэсэн. Ерөнхий тооцоог нь манайхан өөрсдөө гаргасан. Тэр тооцоогоор 10 жилийн хугацаанд 95 сая ам.доллар зарцуулж байж бидний хүссэн цэцэрлэгт хүрээлэн бий болно гэж үзэж байгаа.

-Маш их хөрөнгө. Шууд гаргаад хийх ямар ч боломжгүй. Энэ жил нэлээд олон зүйлийг хийж, босгосон байна. Энэ хөрөнгө хаанаас гарсан бэ?

-Энэ жил Нийслэлийн төсвийн гурван хувийг бидэнд өгсөн. Одоогоор хийгдээд буй хамгийн том бүтээн байгуулалт бол өөрийн гэсэн худаг, усжуулалттай боллоо. Дэд станц, гэрэлтүүлэг, 2.6 км дугуйн зам, явган хүний замаа хийсэн. 300 авто машины зогсоол 10 хоногийн дараа ашиглалтад орно. Бид ногоон байгууламждаа эдгээрээс илүү анхаарлаа хандуулж байна. Зүгээр л ногооруулах биш хамгийн гол нь стандартын дагуу тарих зорилготой. 960 га газрынхаа 55 га-д нь бут сөөг тариад байна. 110 мянга гаруй мод, сөөг ургаж байгаа гэсэн үг. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлж байна гэсэн тооцоо гарсан.

-Энэ их хөрөнгийг нийслэлээс жил бүр гаргаад явах хэрэг үү?

960 га газрынхаа 55 га-д нь бут сөөг тариад байна. 110 мянга гаруй мод, сөөг ургаж байгаа гэсэн үг.

-Зүлэгжүүлэлтийн санхүүжилт Нийслэлийн төсөвт шингэсэн байдаг. Гэхдээ бид төсвөөс горьдоод суухгүйгээр гадаадын олон төслөөс санхүүжилт авдаг, авахаар ч хөөцөлдөж байна. НҮБ-ын дэргэдэх Ногоон байгууламжийн төсөл болон аж ахуйн нэгжүүдээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирсэн. Гадаадын туршлагаас харж байхад цэцэрлэгт хүрээлэн санхүүжилтээ өөрөө олдог байх хэрэгтэй юм билээ. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа.

-Тийм олон мод сөөг, ийм их талбайн арчилгаанд маш олон хүний хөдөлмөр хэрэгтэй байх. Хүн хүчний тал дээр хэр байна вэ?


- Ажиллах хүчний хувьд анх 27 хүнтэй байгуулагдаж байсан. 109 хүний орон тоотой ч одоо 70 гаруй ажилтантай. Ногоон байгууламжийн 55 га-д хүмүүсийн хүч хүрэлцэхгүй бас оффисгүй ч тэд ажилдаа дуртай, “Ногоон Улаанбаатарын төлөө” нэгдсэн хүмүүсийн хүчээр цэцэрлэг маань өнөөдрийн байдалтай байна.

-Хүмүүс сүүлийн үед нэг наст ургамалд шүүмжлэлттэй хандаж байна. Жил бүр үргүй зардал гаргалаа гээд. Түрүү жил нэг наст цэцгүүдээр гоёсон бол энэ жил мод, сөөг ургасан харагдаж байна?

-Манай хөрсөнд 22 төрлийн мод, сөөг ургах боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу ногоон ургамлаа тарьж 93 хувийн амжилттай ургуулж байна. Мод сөөгийг арчлах гэдэг бол зөвхөн услах биш. Хортон шавьжтай нь тэмцэх, зэрлэг ургамлыг нь түүх, хэлбэржүүлэх гээд олон ажил бий. Түрүү жил цэцэрлэгт хүрээлэндээ нэг наст цэцэгсийг тарьж өнгө нэмсэн ч энэ жил тарьсан зүлэг, мод, сөөг маань хангалттай ургасан.

-Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаас гадна ядаж л иргэдэд зориулсан ариун цэврийн газартай байх ёстой. Энэ талаар дутмаг байгаа харагдсан?

-Энэ жил иргэдэд үйлчлэх төв байгуулахаар 600 сая төгрөгийн төсөв батлагдсан. Үүний дагуу тендер зарлаад байна.

-Хүрээлэнгийн ихэнхи үйлч­лүү­лэгч нь залуус харагдсан. Гэх­дээ алхах, дугуй унахаас өөр зүй­лээр олон хүнийг татах нь зүйтэй байх?

-Манайх энэ тал дээр их анхаарч байгаа. Тиймээс хамгийн түрүүнд WiFi-ийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Цаашид скайтбоурдын талбай болон задгай театр байгуулах ажил зураг төсөлд тусгагдсан. Хөл бөмбөгийн талбай ч ойрын төлөвлөгөөнд бий.

-Манай орны уур амьсгал эрс тэс. Хүрээлэн маань мөнх ногооноороо байна гэж үгүй. Гэхдээ хүрээлэнг өвлийн улиралд цанын талбай болгоно гэж байсан?

-Засгийн газраас цанын зам талбайтай болгохоор 5.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Манай хүрээлэнд одоо хийгдсэн байгаа 2.6 км дугуйн зам дээр нэмээд 2.4 км замыг энэ өвлөөс өмнө тавина. Үүнийгээ өвөлдөө цанын зам болгох юм.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү машинтай хүмүүс л ирдэг. Шугамын автобус явуулах талаар санал, санаачлага юу байна?

-Энэ хавь маань шинэ маршрут. Гэхдээ манай хойд талын замаар явах автобусны чиглэл нэмэгдэж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн яг хойд талд автобусны зогсоолтой. Анх бол огт байгаагүй. Цаашид ч гэсэн Нийтийн тээврийн газартай хамтран ажиллана.

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүгээс экологийн боловсролын талаар бас олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа гэж дуулсан?

-Бид эхлээд байгаа зүйлээ хайрлах хэрэгтэй. Экологийн боловсролын маш олон ажлыг зохион байгуулсан. Зургадугаар сарны 1-нд БОНХЯ-тай хамтраад хогоо хаяхгүй байх, ногоон байгууламжийн арчилгаа, усыг  хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн сэдвийн хүрээнд олон ажил хийсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ талаар хичээл зааж, гарын авлага тараасан.