Сэтгүүлчид баярынхаа өдрөөр 1000 мод суулгалаа
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Maсс агентлаг"-ийнхан 1000 мод тарьлаа. “Мянган төгөл” арга хэмжээг “Эв нэгдлээрээ эх орныхоо төлөө” гэсэн уриан дор Чингэлтэй дүүрэгт байрлах Шадивлангийн аманд зохион байгууллаа. Уг арга хэмжээг “Эх гоёот" медиа групп ХХК , Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон Ойн хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Байгаль орчны яамны Ойжуулалтын хэлтсийн дарга н.Банзрагч нар оролцов. Тус арга хэмжээг нээж,УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Өнөөдөр сайхан өдөр байна. Мод тарих буянтай ажлыг хамтдаа хийх гэж байгаадаа баяртай байна. Мод тарих нь хүн болж төрсөний хамгийн том буян болдог хэмээн монголын шашны номонд бичсэн байдаг. Ингээд танай группийн хамт олонд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе ” хэмээсэн.
Шадивлангийн амын 14 га газрын ой модыг тайрч, хожуул үлдсэн байв. Гадаа хүйтэн байсан ч залуучууд дээрх огтолсон ойд шинэ мод тарьж, байгаль орчиндоо хувь нэмэр болж байгаадаа баяртай байсан юм. Залуучуудын ихэнх нь анх удаагаа мод тарьж байна хэмээн модны суулгацыг нялх хүүхэд шиг л хамгаалан, хөрснөөс гараад хоёр минут болоод л амьдрахгүй болдог гэсээр хөдөлмөр гарган тарьсан юм.
“Мянган төгөл” арга хэмжээнний үеэр энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэгдлийн сонслоо.
Мод тарих нь хүн болж төрсөний хамгийн том буян
“Эх гоёот" медиа групп ХХК –ын ерөнхий захирал Ч.Даваабаяр “Гадаа хэдий хүйтэн ч манай хамт олон “Мянган төгөл” арга хэмжээнд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулахаар энд, Шадивлингийн аманд цуглаад байна. Нэг мод огтолбол оронд нь арван мод тарь хэмээн бидний өвөг дээдсийн сургааль бий. Түүнчлэн аливаа хүн энэ насандаа гурван буян үйлдэх ёстой гэж ярьдаг шүү дээ. Бид мод тарих энэхүү буянтай үйлсийн өдрийг санамсаргүй сонгоогүй юм. Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Манай групп хэвлэл мэдээллийн салбарт олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ ч утгаараа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” бидний хувьд онцгой өдөр юм. Өнөөдөр дэлхий дахинаа байгаль орчноо хамгаалах асуудалд асар их ач холбогдол өгдөг болсон. Чухам ийм үед хэвлэл мэдээллийнхний, сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг маш чухал. Бид өнөөдөр мянга гаруй шилмүүст мод суулгалаа. Энэ ч утгаараа энэхүү арга хэмжээгээ “Мянган төгөл” гэж нэрлэсэн. Мянган модтой энэ бяцхан төгөл маань жилээс жилд өсөн төлжиж, үржин олширч, мянга мянган модтой төгөл болтлоо ногоорон цэцэглэхийн ерөөл өргье.
- УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Мод тарих ажлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Шадивлингийн аманд мянган мод суулгаж байгаа нь энэ газар удахгүй ойн төгөл болно гэж найдаж байна. Ийнхүү нийгэм рүү хандсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаад танай байгууллагын хамт олонд баярласнаа илэрхийлж байна. Түүнчлэн ирэх долоо хоногт зохион байгуулагдах “Үндэсний мод тарих” өдрийг угтсан “Мянган төгөл” арга хэмжээг зохион байгуулж мод тарихыг уриалж байна хэмээн үзэж байна. Хамтдаа модоо тарьцгаая.
- “Эх гоёот медиа групп” ХХК –ын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Буянзаяа “Мод тарина гэдэг буян үйлдэж байгаа боловч хүн гэдэг төрөл зүйл өөрийн амьдрах орчныхоо насжилтыг нэмэхэд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Дэлхий дахин хөгжихийн хэрээр экологийн асуудал хүчтэй яригдаж байгаа цагт боломж л олдсон хэсэгхэн хугацааг ч энэ зүйлд зарцуулж байх хэрэгтэй. Өөрийнхөө хэмжээнд өнөөдөр мод тарилаа. Хожуул байсан энэ хэсэгт дүүрэн мод ургана гэдэгт итгэж байна.