“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ – 2014” ҮЗЭСГЭЛЭН
Дэлхийн улс орнуудын хөгжлийн хандлага нь нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээтэй, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон хөгжлийн тогтолцоог бий болгоход чиглэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилт дэвшүүлсэн билээ. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ сарын 15-17-ны өдрүүдэд “Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014” үзэсгэлэнг БОНХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн зорилго нь дараахи чиглэлийн шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх, дэмжих бодлогыг тодорхойлоход оршиж байгаа болно. Үүнд :
- Байгаль орчны (агаар, ус, хөрс) бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдол, доройтлыг бууруулах,
- Ус, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, хэрэглээг хэмжих, хяналт тавих,
- Хог хаягдал, бохир усыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, цэвэрлэх,
- Аюултай, хортой материалын хэрэглээнээс зайлсхийх,
- Агаар, хөрс, усны бохирдлыг хэмжих, хяналт тавих
Үзэсгэлэнгийн үеэр “Байгальд ээлтэй техник, технологи- 2014” хэлэлцүүлэг зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиуд, судлаачид, бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.