Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина
Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.05.27

Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, бүлгийн дэд дарга Д.Оюунхорол дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн өрийн хязгаарыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэлээ. Өрийн удирдлагын тухай хуульд дэмжих заалт олон байгаа ч зарим заалтыг дэмжихгүй гэсэн байр сууринд нэгдсэн гэлээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан бараа, үйлчилгээний тухай буюу тендерийн тухай хуулийн төслийг дэмжихгүй байх шийдвэрт хүрчээ. Тодруулбал, энэ хуулийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд шалгаруулж ирсэн тендерийн ажиллагааг үгүйсгэсэн, өмнөхөөсөө ухарсан хуулийн төсөл болсон гэж МАН-ын бүлэг үзжээ. Тиймээс энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй гэлээ.

МАН-ын бүлгээс 10 хоногийн өмнө Засгийн газарт буюу Ерөнхий сайдад хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох хугацаа өгсөн. Өөрөөр хэлбэл, 10 хоногийн дотор хариуцлагагүй албан тушаалтнууддаа өөрөө хариуцлага тооцох 10 хоногийн хугацаа өгсөн боловч энэ хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Ерөнхий сайд ямар нэг шийдвэр, хариуцлага тооцох асуудал яриагүй учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдахаар болсон байна. Тодруулбал, МАН-ын бүлэг маргааш ээлжит бус хурал зарлаж, Засгийн газарт хариуцлага тооцох, Ерөнхий  сайдад хариуцлага тооцох эсэхээ шийдвэрлэхээр болсон байна.