“Эрүүл мэндийн төлөөх салбар дундын түншлэлийн баримт бичиг”-ийг баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Эрүүл мэндийн үндэсний зөвлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Уг зөвлөлд бүх яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтдаг юм.
Хуралдааны эхэнд “Эрүүл мэндийн төлөөх салбар дундын түншлэлийн баримт бичиг”-ийг батлав. Энэхүү баримт бичиг батлагдсан нь эрүүл мэндийн асуудлыг нийгмийн бүхий л салбарын бодлогод нэгтгэн тусгах ажлын эхлэл амжилттай тавигдаж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хуралдааны үеэр онцолж, зөвлөлийн гишүүдэд талархлаа илэрхийлж байлаа.
Энэхүү түншлэлийн санамж бичиг нь хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалахад Засгийн газар, бусад салбар, иргэд олон нийтийн хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, хөгжүүлэхэд оршино.
Хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийн 55-60 хувь нь хувь хүний боловсрол, зан үйл, амьдралын хэвшлээс, 20-30 хувь нь бусад салбарын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаанаас, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас, 5 хувь нь удамшлын болон төрөлхийн хүчин зүйлээс тус тус шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. “Эрүүл мэнд” нь эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёл, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлт, ядуурал зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг болохыг дэлхийн бусад улс орнууд нэгэнтээ хүлээн зөвшөөрч 2010 онд Австралийн Аделейд хотноо хуралдсан олон улсын хуралдаанаас “Бүх бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгах” тунхаглалыг гаргасан байдаг.
Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд Засгийн газрын манлайлал, бусад салбарын оролцоо, хамтын ажиллагааг ихээхэн чухал болохыг тэмдэглэж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр идэвхи санаачлагатай хамтран ажиллахаа илэрхийлж энэхүү санамж бичгийг байгуулж байна. Салбар бүр баримт бичигт тусгагдсан үүргээ бүрэн биелүүлбэл хүний эрүүл мэндэд нөлөөлөгч эрсдэл 25 хувиар буурна гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байсан. Тухайлбал, боловсролын салбар хүүхдэд багаас нь эрүүл мэндийн боловсролыг олгох тогтолцоог сургалтын системд нэврүүлэх, байгаль орчны салбарынхан хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, ундны усны аюулгүй байдлыг хангах, үйлдвэр хөдөө аж ахуйн салбарынхан эрүүл хоол хүнсээр иргэдээ хангах бодлого хэрэгжүүлэх, харин зам тээврийн салбар иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, уул уурхай, барилга, хөдөлмөрийн салбарынхан аюулгүй ажлын байрыг бий болгох зэрэг салбар бүрт өөр өөрсдийн хариуцсан ажлуудыг тусгажээ.
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний стратеги” байсан бөгөөд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал танилцуулга хийлээ.
2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой гэж үзжээ.
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан мөн Засгийн газрын 34 дугаарт тогтоол болох “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд үүднээс дээрх стратегийг боловсруулсан байна.
ДЭМБ-ын хийсэн судалгаагаар хүүхдийн осол, гэмтэл, хүчирхийллийн эрсдэлээс сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой гэж үзжээ.
Хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувь нь асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байдаг бөгөөд хөгжиж буй болн хөгжил буурай улсад хүүхэд осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол 3-4 дахин их байдаг ажээ.
Манай улсын хувьд хүн амын нас баралтын эхний таван шалтгааны гуравт осол, гэмтэл ордог. Ялангуяа хүүхэд өсвөр, насныхны нас баралтын голлох шалтгааны нэг болсон байна. Үүнээс бага насны хүүхдүүд ахуйн ослоор эндэх нь түгээмэл байдаг бол өсвөр насны хүүхдүүд зам тээврийн осолд илүүтэй өртдөг нь судалгаагаар тогтоогджээ. Хүүхдүүд “ГЭР-СУРГУУЛЬ-ЦЭЦЭРЛЭГ-ГЭР” гэсэн маршрутаар явж байхдаа зам тээврийн осолд өртдөг байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдийн автомашин дотор зориулалтын сандалгүйгээр, хамгаалалтын бүс зүүлгэлгүйгээр хайхрамжгүйгээр авч явдаг нь осол гэмтэлд өртөх нэг шалтгаан болдог байна.
Он гарсаар 959 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд нийслэлд 852 нь бүртгэгджээ
Он гарсаар 959 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд нийслэлд 852 нь бүртгэгджээ. Үүнээс 74 орчим хувь нь явганаар, 24 хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байгаад, 1,5 хувь нь дугуйгаар, үлдсэн 0,6 хувь нь гэртээ эсвэл хашаандаа байхдаа гэмтжээ. Түүнчлэн гадны шалтгаанаас болж эндэх, галд гатах, усанд живэх, хүн хоорондын хүчирхийлэлд хүүхдүүд өртсөөр байна.
Харин ахуйн хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчдын хараа хяналт муугаас болж бага насны хүүхдүүд ус буцалгагч, халуун тогоонд түлэгдэх, орноосоо унах, гэр дотроо ваннтай усанд живэх, ил задгай жорлонгийн нүхэнд унах, эхийнхээ хөхөнд даруулснаас болж нас барах тохиолдлууд гарсаар байна. Цаашид хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ, үйлчилгээний шинэлэг арга хэрэгжүүлэх тусгай стратеги гарган ажиллах зайлшгүй шаардлагатай болжээ.
Иймд “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний стратеги” нь салбар хоорондын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, иргэд байгууллага, олон нийтийн оролцоог өргөжүүлж, сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн осол гэмтлийг бууруулж, хүүхдийн өвчлөл, нас баралтыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий болохоос урьдчилан сэргийлж, асран хамгаалагчдын анхаарал халамжийг нэмэгдүүлэхэд үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг болохыг мэргэжилтнүүд хэлж байна.