Эмнэлгийн барилга, эзэмшил газартай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батлагдлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.05.13/ хуралдааны эхэнд Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан. Ажлын хэсэг тодорхой удирдамжийн дагуу Улсын 2,3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газар, барилгатай холбоотой тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна.
Нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулжээ
Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулжээ.
Нийслэлийн хүн амын тоо төрөлт, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа хэдий ч эмнэлгийн барилга, хүчин чадал, орны тоо дорвитой нэмэгдээгүй байна гэж Ажлын хэсэг үзээд иймд нийслэлд шинээр баригдаж буй зарим эмнэлгийн барилгын явц, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, эмнэлгүүдийн эзэмшил газартай холбоотой зөрчил, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Түүнчлэн шалгалтын явцад эмнэлгүүдийн эзэмшил газар кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, ихэнхийг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид алдсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулсан гэлээ. Иймээс эзэмшил газрыг хууль бусаар хувь хүн болон аж ахуйн нэгжид олгосон холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох, газрын зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгох санал, дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргажээ.
Дан ганц төсвийн хөрөнгөөр шийдэлгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах хэрэгтэйг анхааруулсан
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар цаашид эмнэлгийн барилгуудыг барих асуудлыг дан ганц төсвийн хөрөнгөөр шийдэлгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах хэрэгтэйг анхааруулсан.
Мөн С.Эрдэнэ гишүүн Улсын клиникийн ачаалал ихтэй байгаа нь ор хоногийг нь нэмсэнтэй холбоотой. Ингэхдээ зөрүүлээд хувийн хэвшлийн ор хоногоос хассан байгаа. 100 ортой эмнэлгийг 100- гаар нь баталчихаад даатгалын санхүүжилтийн хувь хэмжээг нь заагаад өгчихсөн. Эрүүл мэндийн сайд нийгмийн даатгалын сангийн хуваарилалтыг хийх эрхгүй. Нэг талаас нь нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлыг нэмээд байхад даатгуулагчид очиж байгаа мөнгийг янз бүрийн байдлаар бууруулаад байгаа нь эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлт биш хэмээн шүүмжилсэн.
Мөн клиникийн том эмнэлгүүд өнөөдөр ачааллаа дийлэхгүй байна. Иймд улсын эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилж хувийн эмнэлгүүдэд шилжүүлэх хэрэгтэй гэсэн юм .
Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан саналыг тогтоолын төсөлд нэмж тусгах саналаар санал хураалт явуулсныг дэмжиж эмнэлгийн барилга, эзэмшил газартай холбогдуулан авах арга хэмжээг 2014 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа.