Н.Удвал: Миний улс төрийн тэмцэл дуусаагүй
Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа.
-Танай яамнаас сар бүрийг тодорхой хүн амын бүлэгт чиглүүлж зорилготой ажил зохион байгуулж байгаа нь олны талархал хүлээж байна. Жишээлбэл Оюутны эрүүл мэндийг дэмжих сар, Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар гэх мэт. Үр дүн нь мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэлгүй яахав. Энэ өөрөө учир холбогдолтой. Хүн амыг дотор нь зорилтот бүлэг болгон хувааж тэр хүмүүст тохирох тусламж үйлчилгээг зохион байгуулалттайгаар хүргэх нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гол арга төдийгүй хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхэд илүү тодорхой болдог.
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд бусад салбарууд, оюутны байгууллагууд, оюутнууд ч идэвхтэй оролцож оюутнуудын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, лекц явуулсан. Эрүүл мэндийн үзлэгт нийт 32854 оюутан хамруулахад тэдний 40-46 хувь нь шүд, буйлны эмгэгтэй, 20 хувь нь дотрын ямар нэгэн эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Одоо орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эрүүлжүүлэх ажил хийгдэж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар ч энэ аяны хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж 147,8 мянган оюутны 77 хувь нь есдүгээр сарын байдлаар эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаад байна. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Увс аймгийн эрүүл мэндийн газрууд, ЭХЭМҮТ сайн зохион байгууллаа.
-Аравдугаар сарыг Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлаж байсан. Энэ сарын ажил хэр үр дүнтэй болов?
-Жил бүрийн аравдугаар сарыг "Ахмадын эрүүл мэнд дэмжих сар" болгож хэвшүүлэх зорилт тавьж байна. Ахмадуудтай уулзахад надад нэг гомдлыг байнга тавьдаг. Ахмад настай болохоор эмнэлгийнхэн хүн биш юм шиг хандах юм. Эмчид үзүүлэхээр насны өөрчлөлт, насных гээд тоохгүй юм. Энэ тал дээр арга хэмжээ авч өгөөч гэж хэлдэг. Энэ сарын хүрээнд олон ажил зохион байгуулсан.
Ахмадуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг нь цусны даралт ихсэх өвчин байдаг.
Хэвтэрт байгаа ахмадуудаа эргэж тойрох, эм тангаар хангах, ахмадуудад эрүүл мэндийн үзлэг хийх, ахмадын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах, ясны сийрэгжилтийн тухай мэдлэг мэдээлэл хүргэх, ахмадуудыг амин дэмээр хангах гэх мэт олон ажлыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүн дотор ахмадуудын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлэх ажил ч багтаж байгаа.
Одоо орон нутгаас сарын ажлынхаа тайлан мэдээг ирүүлж байна. Анхны жил болохоор сарын ажил хэрэгжилт нь жигд биш байж магадгүй. Дүнг нь улсын хэмжээнд нэгтгээд олон нийтэд мэдээлнэ. Ахмадуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг нь цусны даралт ихсэх өвчин байдаг.
ЭМЯ-наас бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээ иргэд өөрсдөө ирээд даралтаа үзчих суурин аппаратаар хангах зорилт тавьж байна. Эхний ээлжинд таван аймгийн бүх сум, өрхийн эмнэлгүүдийг, хоёр дүүргийн бүх өрхийн эмнэлгүүдийг энэ онд ийм аппаратаар хангана. Хэрэв иргэд маань цусны даралтаа хянаж сурах юм бол цус харвалтаас сэргийлж чадна. Тэгвэл монголчуудын маань дундаж наслалт ч уртсах нөхцөл бүрдэнэ.
-Зарим хэвлэл мэдээллээр эх хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн гээд л яриад байх юм. Гэтэл зарим нь болохоор эдгээр үзүүлэлт урьд оноосоо буурсан гээд олон нийт бүр төөрөлдөөд байна л даа?
-Энэ оны эхний арван сарын тайлан мэдээ гарсан байна. Эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл ноднин жилийн мөн үеэс буурсан байна. Төрөлт эхний арван сарын байдлаар 4100 гаруйгаар нэмэгдсэн. Эхийн нас баралтыг 100 000 төрөлтөд, хүүхдийн эндэгдлийг амьд төрсөн 1000 хүүхдэд тооцож боддог олон улсын тогтсон аргачлал байдаг. Яамны ерөнхий мэргэжилтнүүд ч гэсэн энэ талаар удаа дараа ярилцлага, мэдээлэл өгсөн байгаа.
Манайд бодит байдлыг гуйвуулж олон түмний толгойг эргүүлдэг хар технологи нэвтрээд удаж байна. Түүний л нэг байх даа. Хамгийн гол нь Шинэчлэлийн Засгийн газрын үед эх хүүхдийнхээ эндэгдлийг ярьж, эмнэлгийн алдаагаа тооцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эмч, ажилчдынхаа ёс зүйг ярьдаг, албан бус төлбөрөө бууруулах гэж ажилладаг болсон нь юутай сайн билээ.
-Энэ жил танай салбарт хөрөнгө оруулалт хэр зэрэг хийсэн бэ?
-2013 онд Эрүүл мэндийн салбарт найман барилга шинээр ашиглалтад орлоо, ондоо багтаж 12 барилга ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ онд шинээр есөн барилгын ажил эхлүүллээ. Тоног төхөөрөмжийн хувьд Дархан-Уул аймагт нэг тэрбум 800 сая төгрөгийн иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
Бүх аймагт телемедицины сүлжээнд хамрууллаа. Зүрхний шигдээс, цус харвалтын эрчимт эмчилгээний төвтэй боллоо. Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмжийг шинэчлэх, Бусад төв эмнэлгүүд болон аймгуудын нэгдсэн эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, зүрх судасны тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, аймаг, дүүргүүдийн
Өмнөх Засгийн газрын үед Түлэнхийн төвөө нураагаад өвчтөнүүдээ гэмтлийн эмнэлгийн шалаар зулаад хэвтүүлсэн байсныг сийрэгжүүлж Түлэнхийн төвийг түрээсийн байранд оруулсанд олон хүн бидэнд талархаж байгаа.
Нэгдсэн эмнэлгүүдийг гемодиализийн аппаратаар хангах, эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйтлийн үйлчилгээг сайжруулах, эмнэлгүүдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийг тоног төхөөрөмжөөр хангах, хөдөөгийн эмнэлгүүдийн ус, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, аюултай хог хаягдлыг устгах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжүүд удахгүй нийлүүлэгдэх гэж байна.
Дээр нь Ерөнхий сайдын Шинэчлэлийн багцаас 30 орчим тэрбум төгрөгөөр 11 аймаг оношилгооны төвтэй болох гэж байна. Мөн ЭХЭМҮТ-д ургийн гажиг хөгжлийг эрт оношлох Перинаталогийн төвийн тоног төхөөрөмж, зүрхний гажигтай хүүхдэд мэс засал хийх ангиографийн тоног төхөөрөмж, үргүйдлийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг, үүдэл эс суулгах лаборатори, мэс заслын өрөөнүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг маш олон технологийн шинэчлэл хийгдлээ. Мөн Энэрэл эмнэлэгт 400 гаруй сая төгрөгийн оношилгооны тоног төхөөрөмж нийлүүллээ.
-Ирэх оны төсөв танай салбарын хувьд ямаршуухан төсөөлөлтэй байсан бол?
-УИХ боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвүүдийг харж үзээд нэг их танасангүй. Энэ жилийн улсын төсөвт урсгал зардал онцгойлон нэмэгдээгүй, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь он дамжин баригдаж байгаа барилгуудын төсөв байгаа.
Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд зарим архаг өвчнийг илрүүлэх скрининг шинжилгээ хийх болсонтой холбоотой, эрүүл мэндийн тусламжийн нэгдсэн суурь тарифыг нэмэхтэй холбоотой, эмнэлгийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээ бий болгох, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийг стандартын төвшинд хүргэх зэрэг нэлээд олон зорилтуудыг хэрэгжүүлэхэд төсөв чиглэгдэж байна.
-"ТМ" телевизээр гэмтлийн эмнэлгийг өвчтөнүүдийг нь шалаар хэвтүүлсэн өөд татаж чадахгүй байгаа. Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж чадахгүй байгаа нь салбарын сайдын буруу гэж ярьж байсан?
-Тэр захиалгат нэвтрүүлгийг хэн мөнгө төлж цацуулсныг би мэдсэн. Харин өмнөх Засгийн газрын үед Түлэнхийн төвөө нураагаад өвчтөнүүдээ гэмтлийн эмнэлгийн шалаар зулаад хэвтүүлсэн байсныг сийрэгжүүлж Түлэнхийн төвийг түрээсийн байранд оруулсанд олон хүн бидэнд талархаж байгаа.
2012 онд барихаар төсөвт тусгасан Түлэнхийн төвийн барилгын техникийн нөхцөлийг ч аваагүй байсан. Бид авсан. Зураг нь эцэслэгдээгүй байсан бол бид зассан. Анхны төсөвт өртөг нь найман тэрбум төгрөгийн үнэтэй байсан Түлэнхийн төвийн төсөвт өртөг 26 тэрбум болж өссөн.
Найман тэрбумаар тендерээ зарлах уу? 26 тэрбумаар зарлах уу? Нааш ч үгүй, цааш ч үгүй ийм гажиг тогтолцоог өмнөх Засгийн газраас бид хүлээн авсан. Энэ асуудал ганцхан барилга дээр байгаа юм биш, салбарын хэмжээнд 30 гаруй барилга дээр байгаа. Шавхай малтаж, шавар арилгаж, субботник хийх ажилд цаг их зарцуулж байна даа.
-Иргэний эрүүл мэндийн даатгал байнга шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ Засгийн газрын үед л болохоо байчихсан мэт сэтгэгдэл төрүүлэх гээд байх шиг?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах гэж үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн даатгалд засч залруулах зүйл олон бий. Хамгийн гол нь, даатгалтай мөртлөө эмнэлгийн тусламж авах үедээ хувиасаа төлбөр төлдөг нь хамгийн их шүүмжлэл дагуулдаг. Энэ асуудал гэнэт өнөөдөр гараад ирсэн биш олон жилийн улбаатай.
2010 онд хийсэн хөндлөнгийн судалгаагаар эрүүл мэндийн зардлын 41 орчим хувийг хувь хүмүүсийн төлбөр эзэлж байна гэсэн баримт бий. Өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээнийхээ бодит зардлыг үнэн зөв тооцоогүйгээс байнга дутуу санхүүжүүлж ирсэн. Энэ онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ бодит өртгийг манай Засгийн газрын үед анх удаа тогтоолоо.
Үүний үр дүнд тусламж үйлчилгээний нэгдсэн суурь тариф 150 мянга орчим төгрөгөөр бодит өртгөөс нь бага, зарим тусламжийг бодит өртгөөс нь 5-60 хувиар дутуу санхүүжүүлж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ зөрүүг иргэд төлдөг байсан. 2014 оны төсөвт энэ зөрүүг нөхөх 33 тэрбум төгрөгийг даатгалын сангаас нэмж тусгалаа.
Мөн өндөр өртөгтэй мэс засал, эмнэлгийн хэрэгслийн нэлээд хувийг даатгалаас төлөхөд зориулж есөн тэрбум төгрөг нэмж тусгуулахаар УИХ дээр ажиллаж байна. Энэ хоёр санхүүжилтийг шийдчихвэл 2014 онд дээрх иргэдийн халааснаас гарах 41 хувийг 10 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Мөн даатгалд хамрагдах тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж гэрийн болон өдрийн эмчилгээг даатгалд хамруулна.
-Тэгээд бодит байдал ийм байхад яагаад мушгин гуйвуулсан буруу мэдээлэл гараад байдаг юм бол. Ингэж худлаа мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүлээх хариуцлага гэж байдаггүй юм уу?
-Ерөөсөө Монгол улс бүхэлдээ "Буруу мэдээллийн улс төр"-д сөхөрч байна. Үүнийг одоо таслан зогсоох ёстой. Хүний эрүүл мэнд амь нас гэдэг бол эмзэг асуудал. Хүний эрүүл мэнд амь насаар худлаа мэдээлэл түгээж улс төр хийнэ гэдэг нь өөрөө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй дүйнэ.
Өөрсдөө сценариа зохиогоод, хагалан бутаргаад, өөрсдөө гүтгэж, нэр төрд маань халдаад, хүссэн хүслээ гүйцээх гэж байгаа бол хэн хэнд нь, аль алинд нь надад хэлэх үг, барих бэлэг бий.
Тийм учраас бид хуулийн зөвлөх баг ажиллуулж ойрын үед хүний эрүүл мэнд, амь настай холбоотой худлаа мэдээлэл түгээж байгаа тохиолдолд экспертийн үнэлгээ хийлгэж, асуудлыг олон нийтэд дэлгэн тавьж "Буруу мэдээллийн улс төр"-ийг таслан зогсоох эрхзүйн орчин бүрдүүлж, бодитой арга хэмжээ авна.
Ер нь наанаа хүний эрүүл мэнд, амь нас ярьдаг хэрнээ цаанаа ард түмний эрүүл мэндэд зориулсан мөнгийг өөрсдийнхөө, гэр бүлийнхээ, бүлэглэлийнхээ идэх хоол, эд хөрөнгө шигээ санадаг бүхэл бүтэн давхраа үүссэн байна. Энэ эдийн засгийн бүлэглэл л мөнгө төлж "Буруу мэдээллийн улс төр" хийдэг.
-Дадлагажигч эмч нар гэж бас нэг шүүмжлэл дагуулсан хүмүүс байна. Энэ талаар нухацтай ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Энгийн үгээр хэлэх юм бол анагаахын боловсрол олох үедээ дадлага хийж эмч болох бэлтгэлээ хангасан байх ёстой төгсөгчид эрүүл мэндийн салбарт ирж дадлагаа хийж байна гэж ойлгож болно. Ийм бодлогыг хэрэгжүүлсэн нь дадлагажигч эмчдээ ч эрүүл мэндийн салбарт ч сөрөг нөлөө үзүүлсэн.
Эмнэлгийн ачаалал ихдэх нэг шалтгаан нь анхан шатандаа дадлага туршлагатай эмч ажиллахгүй байгаагаас болж байгаа юм. Үүнийг зохицуулах, анхан шатандаа хамгийн туршлагатай эмч нараа ажиллуулбал эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан олон асуудал шийдэгдэнэ.
-Таныг АНУ, Англи улс руу Элчин сайдаар явах гэж байгаа гээд зарим хэвлэл мэдээллээр гарсан байна лээ. Энэ талаар анхдагч эх үүсвэрээс нь асуумаар санагдаад?
-Надад тийм санал ирээгүй. Ирсэн ч би хаашаа ч явахгүй. Олон түмний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласан гэж л надад хариуцлага тооцохгүй бол надад хариуцлага тооцуулах хэрэг байхгүй.
Өөрсдөө сценариа зохиогоод, өөрсдөө хагалан бутаргаад, өөрсдөө гүтгэж, нэр төрд маань халдаад, хүссэн хүслээ гүйцээх гэж байгаа бол хэн хэнд нь, аль алинд нь надад хэлэх үг, барих бэлэг бий. Би сайдын суудлыг гуйж, худалдаж авдаг улстөрч биш. Миний улс төрийн тэмцэл дуусаагүй. Харин ч улс төрийг улам ч сонирхолтой болгох байх.
-Удахгүй танай намын бага хурал болох гэж байгаа. Энэ бага хурлаас Та юу хүлээж байна вэ?
-Энэ намыг шударга ёсны нам байлгахын төлөө бусад нөхдийнхөө хамтаар амь нас, нэр төрөөрөө дэнчин тавьж, тэмцэж байгуулж байлаа. Үнэт зүйлээ гээх вий гэхээс болгоомжилж байна. Бага хурлаараа олон асуудал хэлэлцэнэ. Ямар ч нөхцөлд зарчмаасаа ухарч, байр сууринаасаа хазайхгүй. Ийм байдаг болохоор л над руу нам дамнасан бүлэглэл зохион байгуулалттай дайраад байгаа юм шүү дээ.
-Танай намын дарга Н.Энхбаярын бие ямар байна вэ? Эцсийн мөчийг хүртэл таныг хүн чанар гаргалаа гэж үзэх хүн олон байдаг?
-Ойрдоо холбогдоогүй байна. Бие нь засарч, сайжирч байгаа. Би туйлбартай байснаараа шим шүүсийг нь шимэлдэг шиг сорж, хажууд нь хачиг шиг наалдаж явсан олон эрчүүдээс хүн чанарын хувьд өөрийгөө хавьгүй дээр болохоо харуулж чадсан гэж боддог.
-Нээрэн танай яам Засгийн газар дотроо хамгийн хүнд сурталтай яамаар тодорсон гэл үү?
-Засгийн газар хоёр удаа яамдынхаа ажлыг дүгнэж Засгийн газар дээр танилцуулсан. Манай яам магнайлаагүй ч сүүл бариагүй. Дунд хавьд нь мөчөөгөө өгөхгүй явж байгаа. Засгийн газрын 11-11 үйлчилгээний нэг жилийн ойгоор бас яамдыг ирсэн санал, гомдлоос хэрхэн шуурхай шийдвэрлэсэн байдлаар нь байр эзлүүлсэн.
Манай яам иргэдээс ирсэн санал гомдлыг хөнгөн шуурхай шийдвэрлэсэн байдлаараа гуравдугаарт байна лээ. Өөрсдөө нэг үзүүлэлт зохиочихоод, түүнийгээ өөрсдийнхөө үзэмжээр байр эзлүүлчихдэг ийм тоглоом гарчихсан шүү дээ. Үүнийгээ улс төр хийхдээ ашигладаг болжээ.