Ерөнхий сайд
2013.11.08

Н.Алтанхуяг: Төсвийн хөрөнгөөр барилгын бизнес хийдгийг таслан зогсооно

Ерөнхий сайдын долоо хоног бүрийн Пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг 30 минут уулзалт боллоо.

Ерөнхий сайд "30 минут"-ынхаа уулзалтаар цаашдаа танхимынхаа сайд, агентлагийн дарга нарыг оролцуулж, мэдээлэл өгүүлдэг байхаар болжээ. Тиймээс уг уулзалтад өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцсон юм. Энэ үеэр сэтгүүлчид эрүүл мэндийн салбар, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултандаа хариулт авлаа. 

МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Ариунцэцэг: 

 -Ерөнхий сайд нэг сарын хугацаанд эрүүл мэндийн салбарт ажилласан. Тэрнээс хойш ямар ямар шинэчлэлт, өөрчлөлт гарав. Ялангуяа эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийж, арга хэмжээ авна гэж байсан. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ? Хэр цэгцэндээ оров? 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал: 

 - Эм гэдэг яах аргагүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Эмийн зах зээл хүнсний бүтээгдэхүүний зах зээлээс илүү хэмжээнд очсон байна. Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт ажилласнаас хойш эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт явуулж, үнэлгээ хийсэн.

200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагаас шаардлага хангахгүй 20 гаруй байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцаллаа. "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийг Засгийн газарт өргөн барьсан байгаа. Эмийн хэрэглээ, эмнэлгийн хэрэгслийн худалдаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал учраас цаашдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд анхаарч байна.

Хамгийн сүүлд энэ сарын 6-ны өдөр салбар зөвлөлөө нэн даруй байгуулж өгөхийг дахин хүслээ.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд, Нэгдүгээрт эмийн бодлогоо боловсруулж, яамдуудаас санал аваад Засгийн газарт өргөн барьсан байгаа. Мөн "Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай" хуулийн төсөлд санал аваад явж байна. Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн тусламж, чанар аюулгүй байдлын эрсдэлийн тухай ямар ч заалт, хариуцлагын тогтолцоо байхгүй байсныг тусгаж, яаж иргэдэд чанартай, аюулгүй эмнэлгийн тусламжийг үзүүлэх вэ гэдгээ хуулиар өөрчилж өгч байгаагаараа

Засгийн газрын мөрийн хөтөлбөр “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн нэг том зорилт болсон иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулна гэсэн зорилтыг хууль, эрх зүйн орчноор нь дэмжиж сайжруулж байгаа юм. Цаашдаа Эмийн холбоо, Эм зүйчдийн холбоотой хамтран эм ханган нийлүүлэх байгууллагуудыг эрэмбэлэхээр ярилцаж, ажлын хэсэг ажиллаж байна.

Мөн эмийн сан тоогоо алдсан, нэгдсэн бүртгэл гэж алга. Шинээр төгсөж байгаа эмч нар жороо бичиж чаддаггүй, эм сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс жороо уншиж чадахгүй хэмжээнд хүрлээ. Тиймээс нэн шаардлагатай эмийн жагсаалтыг мэргэжлийн салбар зөвлөлөөр боловсруулж, нэгдсэн цахим жорын системд оруулахаар ажиллаж байна.

 MNC телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг: 

 -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын асуудал өнгөрсөн сар гаруйн хугацаанд нилээдгүй асуудал дагууллаа. Шинэ даргын сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах бол? 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал: 

 - Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийг 06 дугаар сарын 25-ны өдөр баталсан. Уг салбар зөвлөлийг баталдаг журмандаа яамдын төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг шууд томилох буюу албан тушаал, нэрээр нь томилохоор заасан байдаг. Төрийн албаны зөвлөлтэй энэ асуудлыг ярьж байна.

Есдүгээр сарын 27-ноос хойш Эрүүл мэндийн яамнаас Төрийн албаны салбар зөвлөл байгуулж, баталж өгөх талаар зургаан удаа хандсан. Гэтэл наймдугаар сарын сүүлч хүртэл “ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийг баталгаажуулах боломжгүй” гэдэг хариултыг өгч байсан учраас эмнэлгийн байгууллагуудыг эзэнгүй байлгахгүйн тулд салбарын сайдын хувьд, төсвийн ерөнхийлөн захиагчийн хувьд төсвийн менежер, байгууллагын даргыг шууд томилсон.

Одоо бид Төрийн албаны зөвлөлтэй энэ асуудлыг дахин ярилцаж байна. Хамгийн сүүлд энэ сарын 6-ны өдөр салбар зөвлөлөө нэн даруй байгуулж өгөхийг дахин хүслээ. Ингээд салбар зөвлөл хуулийн дагуу албан ёсоор баталгаажсны дараа ГССҮТ-ийн даргыг сонгон шалгаруулалтаар томилно.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг: 

 -Ер нь манай Шинэчлэлийн Засгийн газар цаашдаа эмнэлгийн дарга нарыг томилдог зүйлээс салъя гэж байгаа. Тэр өөрчлөлт шинэчлэлийг хийх болсон. Сайд эмнэлгийн даргыг томилно гээд ингээд явж байх нь үндсээрээ буруу тогтолцоо байгаа юм. Тухайн эмнэлгүүд нь биеэ даагаад өөрсдөө асуудлаа шийддэг болгох нь зөв юм байна гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарт хийх нэг шинэчлэл нь энэ болно.

 ETV телевизийн сэтгүүлч Б.Отгон: 

 -2014 төсвийн төслийг хэлэлцэх үеэр олон нийтийн зүгээс эмнэлэг, сургуулийн төсвийг хаслаа гэдэг шүүмжлэлийг хэлж байгаа. Түлэнхийн төвийн барилга хэзээ баригдах нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл түрээсийн байранд байна. Салбарын сайдын хувьд эмнэлгийн барилгуудын асуудлыг хэрхэн шийдэж, хурдан хугацаанд ашиглалтад оруулах вэ? 

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал: 

 -Эрүүл мэндийн салбарт энэ онд нийт 47 барилга баригдаж байгаагаас найм нь ашиглалтад орсон, 2013 ондоо 12 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Он дамжин баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн төв, Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл зэрэг олон барилга бий. Түлэнхийн төвийн хувьд 2011 онд тендер зарлаж, барилгын зураг төсөл 2012 онд гарсан.

Анхны төсвөөр найман тэрбум төгрөг зарцуулах тооцоо гараад тендер зарласан ч техникийн нөхцөл авахад зурагт өөрчлөлт орсноос болж төсөвт өртөг 3 дахин нэмэгдэж, 26 тэрбум болсон. Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсни йдагуу найман тэрбумын төсвөөр тендер зарлагдах гэж байгаа. Түлэнхийн төвд нийт 66 өвчтөн байгаа.

Түлэнхийн асуудлын 30 гаруй хувь нь хүүхдүүд гэртээ халуун хоол, цай, химийн бодист түлэгдсэн гэх шалтгаан эзэлж байгаа. Мөн 20 орчим хувь нь насанд хүрэгчид анхаарал болгоомжгүйгээс болж түлэгдэж байна. Бид үүнийг бууруулах хэрэгтэй. Түүнчлэн ГССҮТ-д ирж байгаа үйлчлүүлэгчдийн 35 орчим хувь нь хальтирч унаснаас, 15 хувь нь бие биенийгээ гэмтээснээс, 20 гаруй хувь нь авто замын осол гэмтлээс болж байгааг мэргэжлийн судлаачдын баг гаргасан.

Гэмтэл, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас дээрх гэмтэл үүсгэж байгаа гурван шалтгааныг ирэх он гэхэд 30 хувиар бууруулах зорилтыг тавин ажиллаж байна.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг: 

 -Төсвийн хөрөнгөөр барих ёстой барилгуудыг барина. Гэхдээ төсвийн мөнгөөр барилгын компаниудын бизнесийг цэцэглүүлэхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгыг хасчихлаа гээд бизнес хийхийн төлөө Засгийн газрыг шүүмжлээд, шахаад байдаг болчихлоо. Энэ бол буруу. Тиймээс дутуу байгаа, барьсан ч ач холбогдол багатай барилгуудыг дуудлага худалдаанд оруулж зарна.

 Шинэ Дэлхий телевизийн сэтгүүлч н.Баасанжалба: 

 -Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, багш нарын цалин, тэтгэврийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж, маргааш жагсаал хийх талаар яригдаж байгаа. Гурван талт хэлэлцээр үр дүнд хүрсэн болов уу?

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг: 

 -Гурван талт хэлэлцээр тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байгаа гэдгийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлсэн. Нийгэмд ойлголцол бий болох ёстой. Нэг нь шаардаад, нөгөө нь шаардуулах хэрэггүй л дээ. Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэврийг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Гэхдээ хэний цалинг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлсэн гэдгээ ил зарлахгүй. Тэгэж байж л хүндээ наалдсан нэмэгдэл болж чадна.

  Монгол HD телевизийн сэтгүүлч н.Анхбаяр: 

 -Архидалтын эсрэг хуулийн төсөл боловсруулах тухай асуудал яригдаж байгаа. Архидалтын хорт үр дагавар, өвчлөлийг бууруулах талаар салбарын сайдын хувьд ямар арга хэмжээг авч байна?

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал: 

 -Архидалт халдварт бус өвчний гол шалгаануудын нэг болсон. Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд нэгд орж байна. Тиймээс салбарын яамнаас элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хэмжээний үзлэгийг эрүүл мэндийн даатгалтай мөртлөө авдаггүй хүмүүсийн мөнгийг ашиглаж, тодорхой эрсдэлт бүлгийн хүмүүсийн дунд хийхээр ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн яамнаас “Архидалттай тэмцэх үндэсний II хөтөлбөр”-ийг боловсруулж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барьсан байгаа. Одоо яамдуудаас санал авах шатандаа явж байна. Эрүүл мэндийн дэмжих сангаас архигүй клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар болсон. Мөн архинаас татгалзаж чадсан залуучуудтай уулзаж, тэдний туршлага, нөлөөллийг харж олон арга хэмжээг хийж байна. Эрүүл амьдралын таван жорыг ЭМЯ-аас баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг: 

  - Зөвхөн хууль гарлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Архидалтын тухайд манай хүмүүс амьдралын хэвшлээ өөрчлөх цаг болжээ. Ингэхэд нь шат шатны байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй. Залуучуудтай уулзахад хаана ч орсон архи байдаг гэдгийг хэлж байсан. Тиймээс битгий архи уу гэж хэлэхээс гадна нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.

Манай Н.Удвал сайд санаачлаад “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-ын залуучуудтай хамтраад архигүй клуб байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Бид сайн санаачлагуудыг дуртай дэмжиж ажиллана.