Эрүүл мэндийн яам
2013.11.11

"Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шинэ технологи – 2013” сэдэвт өдөрлөг боллоо

"Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шинэ технологи – 2013” сэдэвт өдөрлөг өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарын тогтолцооны хувьд үр дүн харагдах цаг үе хараахан болоогүй байгаа ч хэсэгчилсэн үр дүн, шинэчлэл ийнхүү гарч ирж байна. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдана.

Өнөөдрийн үйл ажиллагаа бол эрүүл мэндийн салбарын төлөө Шинэчлэлийн Засгийн газар, Эрүүл мэндийн сайд анхаарч, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж эхэлснийг харуулж байна. Монголдоо өөрсдийгөө оношилдог, эмчилдэг болоход УНТЭ-ийн хамт олон тодорхой алхмуудыг хийсэн юм.

Үүнийг хийж чадаж байгаа, эхлүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа, удирдлагууддаа, Н.Удвал сайдад халуун баяр хүргэе. Монголд, анагаах ухааны салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлж, түвшингээ ахиулж чадаж байгаа явдалд Нэгдүгээр эмнэлгийн эмч, ажилчиддаа дахин баяр хүргэж амжилт хүсье” гэв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт 2013 оны хөрөнгө оруулалтаар хийсэн үйл ажиллагаа, үр дүнгээ танилцуулахаар Нэгдүгээр төв эмнэлэг нь нээлттэй өдөрлөг зохион байгуулж, та бүхэнд танилцуулж байна. Энэ жил эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэлээд хийгдсэн.

Ерөнхий сайдын багцаас л гэхэд 24 тэрбум төгрөгийг 11 аймгийн Оношилгооны төв байгуулахад зарцуулахаар болсон. Өнөөдөр Засгийн газраас 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарган УНТЭ дээр дэлхийн түвшинд нийцсэн шинэ технологиудыг нэвтрүүлж байна. Тус эмнэлэг дээр үүнээс гадна, дурангийн иж бүрдлийг Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар иж бүрнээр нь сольсон. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд яаралтай тусламжийг яаж нэмэгдүүлэх тухай загварыг тус эмнэлэг гаргаж чадсан.

Европ стандартын ариун цэврийн тусламж, үйлчилгээний нэгжийг байгуулсан. Ийнхүү тус эмнэлэг иргэдийн эрүүл мэндэд чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад томоохон үлгэр дуурайлал болж байна" гэв.

Түүнчлэн Сайд Нэгдүгээр эмнэлэг нь үйлчлэх хүрээнийхээ хувьд онцгой ач холбогдолтой, зөвхөн нэг өдөрт л гэхэд доод талдаа 1000 хүн ханддаг. Шинэчлэлийн бодлогын хүрээнд тус эмнэлэг тодорхой тусламж, үйлчилгээгээр улсын хэмжээний лавлагаа тусламж үзүүлж байгаа гуравдахь шатлалын эмнэлгийн стандартыг олон улсын түвшинд ойртуулахаар явж байгаа эмнэлгийн нэг гэдгийг цохон хэллээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж үүссэн хүндрэлтэй байдал, хоцрогдол, уналтаас гарах хэцүү давааг туулах зорилтоо хэрэгжүүлэхдээ бид “Өндөр техник технологи - нөлөөлөл, тусгал - уламжлалт дэг сургууль - тэмүүлэл, зүтгэл” гэсэн бодлого чиглэл баримтлан ажилласан нь цагаа мэдэрсэн, бүтээмж өндөртэй, биеллээ олсон зөв ажил болж буйд талархалтай байна. Өнөөдөр хөгжилтэй орны анагаах ухааны технологи, стандартыг тус эмнэлэг 14-15 чиглэлээр загвар болгон нэвтрүүлж чадсан гэдгийг онцлон хэллээ.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Түүнчлэн манай улсад тулгамдсан асуудал болоод буй ходоодны дуран, бөөрний дуран, эхо, рентген оношилгоо, эмнэлгийн техникийн инженер, мэдээллийн технологийн чиглэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг бэрхшээлүүдийг богинохон хугацаанд шийдвэрлэж, хөгжсөн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдлээ.

Эмч нарын хичээл зүтгэл, ур чадварт итгэл үзүүлэн 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хүн арддаа хүргэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэнд Шинэчлэлийн Засгийн газар болон Ерөнхий сайд Н.Алтанхуягт хамт олныхоо өмнөөс, үйлчлүүлэгч ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэв.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, анагаах ухааны сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатлалын эмнэлгийн байгууллагад мэргэжил, арга зүйн гуравдахь шатны лавлагаа тусламж үзүүлдэг улсын ууган эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь 20 гаруй төрөлжсөн мэргэжлээр оношилгоо, эмчилгээний тусламжийг үзүүлдэг ба төгсөлтийн дараах 22 төрлийн сургалтаар жил тутам 110-120 эмчийг мэргэшүүлэн хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагад илгээдэг байна.

 Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын шууд дэмжлэг, ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагын шаргуу менежментын үр дүнд бодитойгоор хэрэгжсэн өндөр хөгжингүй орнуудын түвшинд ойртсон, өвчтөний болон эмнэлгийн аюулгүй байдлыг хангасан, мөн эрхтэн тогтолцооны орчин үеийн эмчилгээ, оношилгооны загвар болсон технологиудыг тус эмнэлгийн хамт олон танилцууллаа.