О.Баасанхүү: МАН, АН нэг түрийвчтэй хүмүүс
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зургийг гаргасан архитекторч Б.Цогт гэдэг хүнтэй хамтран мэдээлэл хийсэн юм.
О.Баасанхүү гишүүн энэ үеэр "Өчигдөр болсон бүлгийн хурлын шийдвэртэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлж байна. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Гэхдээ байсан. Байсан гэдэг нь би Төрийн ордонд өөрийнхөө өрөөнд сууж байсан. Яагаад бүлгийн хуралдаанд суугаагүй гэхээр хоёр сайдын асуудлыг хэлэлцээд огцруулахгүй гэдэгт санал нэгдэнэ гэдгийг мэдэж байсан учраас санаатай суугаагүй юм.
Огцруулах таван үндэслэлийг нь хуульч хүний хувьд харахад дэмжих боломжгүй юм байна гэдэг нь мэдэгдэж байсан. Хууль зөрчсөн сайд, иргэн хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Би МАХН-д албан бичиг явуулсан. Уг албан бичигт "Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг биш Чингэлтэй дүүргийн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг болгоод өгөөч" гэж явуулсан.
Баасан гаригт хуралдсан хуралдаанаараа хэлэлцээд эмнэлгийн барилгаар ашиглахыг МАХН зөвшөөрч байна гэсэн хариу ирсэн. Зөвшөөрч байгаа тул дараагийнхаа бичгийг удахгүй явуулна. Тэр бичигтээ МАХН энэ эмнэлгийн зориулалттай барилгыг хэвээр нь байлгахыг зөвшөөрч байгаа юм бол хууль зөрчсөн гурван сайдаасаа асуулт асууж, хууль зөрчсөн бол хариуцлага тооцож өгөөч гэж бичнэ.
Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Улаан энэ барилгыг нураах төсвийг оруулж ирсэн. Юу гэвэл, Төсвийн тухай хуулиар аливаа барилгын эхлэлд төслийг батлаад төсвийг оруулж ирээд, төсөв нь батлагдаад явдаг. Тэгвэл төрийн албан хаагчийн эмнэлэг төсөвт Хууль зүйн яам, Улсын мөрдөн байцаах газрын дуусгавар барилга нэрээр орж ирсэн. Үүнийг Хууль зүйн яаманд зориулж эмнэлгийн зориулалттай уг барилгыг нураа гэсэн төсөв оруулж ирж байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх вэ.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн сайд яагаад энэ эмнэлгийн барилгын асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэлтгүй Чингэлтэй дүүрэгт эмнэлэг хэрэгтэй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Монголд эмнэлгийн барилга илүүдчихсэн юм уу. Эмнэлэг эмнэлгийн зориулалтаар байх ёстой. Хүүхдийн эмнэлэг, түлэнхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг хэрэгтэй байна. Түлэнхийн эмнэлэгт ачаалал үүсдэг өвлийн улирал эхлээд байна. Гэтэл “Мөнгөн гүүр” хувийн эмнэлэгт түрээсийн байдалтай иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Эмнэлэг эмнэлгийн зориулалтаар байх ёстой.
Гуравт нь, Шадар сайд. Түүний мэдлийн агентлагуудын хяналт хангалтгүй байна. Төсвөөрөө эмнэлэг байна гээд баталчихаад байхад зориулалтыг нь өөрчилнө гэхээр мөнгийг нь гаргахыг зөвшөөрдөг Эдийн засгийн сайдад хариуцлага тооцох ёстой. Сангийн сайд ч мөн хариуцлага тооцох ёстой. Түүнээс биш МАН-ын гаргаж байгаа 5 үндэслэл шаардлагыг дэмжээгүй шүү. МАН-ынхан яагаад энэ шаардлагыг тавьж байгаа гэхээр энэ
Засгийн газрыг унагааж, МАНАН-гийн Засгийн газар байгуулахыг санаархаж байна. Тэгэхгүй бол хулгайлсан зүйлийг нь илрүүлэх гээд байгаа юм. Та нар мэдэж байгаа хууль зөрчсөн гээд олон байшинг нураана гэсэн. Хэдэн байшин нурсан юм. Авлигатай тэмцэнэ гэсэн. Ерөнхийлөгчийн ордноос АТГ хүртэл алхсан бүгд л хууль зөрчсөн барилгууд байсан. Хэнд хариуцлага тооцсон юм. Чадахгүй байхгүй юу. Яагаад гэвэл нэг угшилтай, нэг түрийвчтэй, нэг бодолтой хүмүүс салчихаараа амрагаа санасан хүн шиг жүжиг тоглож байна.
Тийм учраас нэг түрийвчтэй хүмүүсийн тоглоомыг дэмжихгүй. Харин хууль зөрчсөн хүмүүсийн нэг гэгдэх Хууль зүйн сайдын асуудлыг хууль зөрчсөн үйлдэл үү, эрүүгийн хариуцлага уу гэдгийг судалж байна. Маш ноцтой асуудлууд ирж байна. Би хуульч учраас сэтгэл хөдлөлөөр хандахгүй. Тэмцэл бол хэвээрээ байгаа. Миний яриад байгаа зүйл бол эмнэлгийн барилгыг зориулалтаар ашиглах. Энэ шийдвэр гартал тэмцэнэ.
Хэрэв ялагдлаа гэвэл төр хүчээр монголын төсвийг булаан авч эрх мэдэлтэй хүнд шилжүүлэх, том яаманд шилжүүлдэг юм байна гэдгийг илчилнэ. Шударга үнэн гэж хаана байна вэ гэдгийг тодруулна. Би тэр эмнэлгийг хувьдаа авах гээгүй, өмчлөх гээгүй хэн нэгний өмч болгох гээгүй ард түмэнд үйлчилдэг эмнэлэг болгохыг л хүсч байна. Э.Бат-Үүл дарга шударга юм бол эмнэлэг барих газрыг хотын төвд олгоод өг. Монгол Улс баян юм бол эмнэлэгийн барилга барих мөнгийг гаргаад бай. Тэгээд илүүдээд байгаа барилгаараа тогло. Гэвч тэгж чадахгүй гэдгийг өнөөдөр та бид мэдэж байгаа учраас би энэ асуудлыг ярьж байна" гэлээ.
Хэвлэлийн хуралд гишүүнтэй хамт оролцсон Д.Цогт “Манай улсын хэмжээний эмнэлгүүд 1960-1980-аад онуудад баригдсан. Хагалгааны нэг ч зориулалтын өрөөгүй эмнэлэгтэй улс орон гэвэл манайх. Бид энэ асуудалд дүгнэлт хийж, поликлиник болон хэвтэж эмчлүүлэх 240 ортой зориулалтын эмнэлгийн барилгыг эхлүүлсэн. Хагалгааны зориулалтын өрөөг олон улсын стандартаас арай намхан буюу 4 метртэй, агаарын солилцоо сайтай хөргүүртэй өрөөтэй байхаар барилгын ажлыг эрчимтэй явуулж 2013 оны 6 сард ашиглалтад оруулах байсан.
Гэтэл 2012 оны 10 сард Х.Тэмүүжин сайд зориулалтыг өөрчилнө гэсэн шийдвэр гаргаж, албан тасалгааны зориулалтаар зураг төслийг нь өөрчлөх гээд тэр нь дуусахгүй жил шахам болж байна. Барилгын ажил зогссоноор цоо шинээр нь байршуулсан Имрай компьютер томографийн аппарат 2 дох жилдээ түгжигдчихээд байна. Энэ аппаратаар шинжлүүлэх гэж иргэд Сонгдо эмнэлэгт 3-5 долоо хоног дугаар хүлээж, өндөр үнээр үзүүлдэг. Гэтэл уг аппарат нь Сонгдо эмнэлгийнхээс 2 дахин илүү хүчин чадалтай.
Түүнчлэн Цэргийн эмнэлэгт шилжүүлэхэд хүлээн авах байргүй тул зориулалтын байр барих асуудал ойрын хоёр жилдээ хэрэгжихгүй. Ингэснээр өндөр үнээр, цоо шинээр нь оруулж ирсэн аппарат хуучрах гээд байна. Х.Тэмүүжин сайд Хууль зүйн салбараа шинэ байранд оруулахыг зорьсон нь зөв ч гэлээ Монгол улсдаа хэрэгтэй эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй зориулалтын барилгыг булаан авч байна.
Энэ үйлдэл нь түүнийг хамгийн хувиа хичээсэн хүн чанаргүй хүн болохыг харуулж байна. Бидний итгэлийг хүлээж, төрийн түшээгээр сонгогдсон эрхэм УИХ-ын гишүүдээ орон нутгийн, дүүргийн, аймгийн, сумдын, Түлэнхийн эмнэлгээр нэг яваад үзээч ээ. Эмнэлгийн ачааллыг бууруулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байна” гэв.
Энэхүү мэдээллийн дараа О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Намын хоёр гишүүний хариуцлагын асуудал ярьж байна. Таныг ингэж мэдээлэл хийлээ гэж намын чинь зүгээс элдвээр дарамтлах асуудал ирэх юм биш үү?
-МАХН-ын бодлогыг эхлээд би хэлье. МАХН-ын анхны 1000-т нь Чингэлтэй дүүргээс гарсан, дарга нь Чингэлтэй дүүргийнх. МАХН Эрүүл мэндийн салбарыг авсан. Шударга ёс эвслээс С.Уянга гишүүн сонгогдсон. Манай нам яг энэ тохиолдолд эмнэлгийн барилгыг нураахын эсрэг 100 хувь зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Намайг хариуцлага хүлээлгэнэ гэвэл би бэлэн байна.
Яагаад гэвэл эмнэлгийг эмнэлэг чигээр нь байлгах асуудлаар тухай үед Н.Энхбаяр даргыг эмнэлэгт байхад Н.Удвал сайдад хангалттай хэлж ярьсан. Яагаад дуугарахгүй байна. Эд нар айгаад, эсвэл албан тушаалдаа дулдуйдаад байна уу. Намайг дуудаад энэ намаас гар, хариуцлага тооцно гэж хэлвэл айх юм алга. Би дахиад хэлье. Яагаад гэвэл МАХН бодлогодоо эрүүл мэндийн салбараа хүн шиг авч явъя гэж заасан учраас ямар нэгэн хариуцлагаас айхгүй. Тийм учраас эмнэлгийн барилга хэвээрээ үлдэнэ, эсвэл би энэ намд байхгүй байна.