Боловсролын бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ
2014.05.29

Боловсролын бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Уг асуудлыг чуулганы Мягмар гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ.

Д.Оюунхорол: 1995 онд батлагдсан бодлого үүргээ сайн биелүүлсэн

Төслийг дэмжиж байна. 1995 онд батлагдсан бодлого үүргээ сайн биелүүлсэн. Харин одоо улс орны хөгжлийн дараагийн хэрэгцээг хангах зорилготойгоор шинэ бодлого орж ирж байгааг зөв зүйтэй гэж үзэж байна. Энэ төслийг уншиж үзэхээр. Мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх хэрэгтэй байна гэдгийг тусгаж өгсөнөөрөө онцлогтой байна. Боловсролын түвшин бүрийн ерөнхий агуулга, зорилгыг нилээн сайн тодорхойлж өгсөн, боловсролын байгууллагын олон төрлийн, нээлттэй болж байгаа нөхцөлд агуулгын нэгдмэл стандартыг мөрдүүлэх, иргэдийн чанартай боловсрол эзэмшүүлэхээр заасан байна.

 

О.Баасанхүү: МУИС-ын багш ажилчдаас үндэслэлтэй байж болохоор гомдол ирсэн

Ийм бичиг баримт оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нуухыг нь авах гэж нүдийг нь сохлов гэдэг шиг байсан зүйлсүүдээ үгүйсгэсэн байдлаар хийчхээсэй гэж хүсэхгүй байна. Тухайлбал, МУИС-ын багш ажилчдаас үндэслэлтэй байж болохоор гомдол ирсэн. Өнөөдөр амьдрал дээр үүсээд байгаа хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй юм. Бүх сургуулиудад өөрийн стратегийн төлөвлөгөө байдаг. Гэтэл энэ бодлого дээр үүнээсээ шал өөр зүйл ороод иржээ. Ингэхээр тулгасан шинжтэй болж байна. Тухайлбал, МУИС-ын одоо байгаагаас нь жижигрүүлээд, хувийн сургуулиудыг дэмжсэн шинжтэй байна. Гэтэл олон улсад ийм байдаггүй шүү дээ.

Л.Энх-Амгалан: Мэдлэгийн нийгэм рүү шилжихэд бидэнд бэлтгэл ажил хэрэгтэй

Байнгын хороо дээр би санал гаргасан.Энэ баримт бичиг нь 2014-2024 он хүртэлх хугацааг хамруулж байгаа. Тэгэхээр энэ үе бол Монгол улсын хамгийн хурдтай хөгжих үе байгаа. Л.Гантөмөр сайд энэ баримт бичгийг мэдлэгийн нийгэм рүү шилжсэн болж байгаа гэж хэлж байгаа. Гэтэл мэдлэгийн нийгэм рүү шилжихэд бидэнд бэлтгэл ажил хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийнхөө бодлоготой уялдсан байх хэрэгтэй. Өнөөдрийн Монгол улсын хөгжлийн хэрэгцээ нь юу юм? Энэ хэрэгцээг нь боловсрол нь дэмжиж байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэрэгцээнээсээ хоёр дахин давчихсан дээд боловсролтон байхад мэргэжил сургалтын хэрэгцээ нь дутагдалтай байх жишээтэй.

Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.